Сэргээштэй ингэж тэмцэхгүй ээ, бөхийн холбооныхоон

241812-26062019-1561524188-800696672-12_fV4arMAХЭРЭВ НААДМЫН ӨГЛӨӨ ИЙМ МАРГААН ДЭГДСЭН БОЛ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХ БАЙВ

Ч.Санжаадамба аварга тун ч ууртай байна. Допингтой бөхчүүдийг барилдуулах шийдвэрийг эсэргүүцэж, бусдыгаа уриалан наадмын сорилго барилдаанд зодоглохоос татгалзав. “Энэ гурван хүнээ барилдуулах юм уу, бусад бөхчүүдээ барилдуулах юм уу” гэсэн тулгалтад нь Монголын үндэсний бөхийн холбооныхон яаж ч чадаагүй тул арга буюу өмнөх шийдвэрээ цуцлахад хүрэв. Энэ үйлдлийнх нь төлөө Санжаа аваргад баяр хүргэж, алга таших нь зүйтэй байх. Хоёрын хооронд дүлэгнээд байхгүй, хэлэх гэснээ зоригтой хэлж, ёстой л нэг эр хүн шиг загналаа.

Өнөө цагийн бөхчүүдийг манлайлан барилдаж байгаа аварга хүн ингэж дуугарахгүй бол өөр хэн дуугарах билээ. “Дэлхий нийтээрээ хорьчихоод байхад монгол үндэсний бөхөд яагаад хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ. Пүрэвсайхаан, чи бөхийн удамтай хүн. Харин наад допинг чинь үр удмыг устгадаг юм. 20, 30 жилийн дараа хэн барилдах болж байна” гэх аваргын үгийг сонссон бөхчүүд аавдаа загнуулсан хүүхэд шиг зогсож байгаа харагдсан

Үнэндээ монгол үндэсний бөхөд энэ зэргийн зангараг үгүйлэгдэж байлаа. Нэг л их пээдэлзсэн, том толгойтой хэдэн нөхдүүд байх. Бөхийн холбоо нь ч чанга хатуу байж, дүрэм журмаа ягштал мөрдүүлж чадахгүй юм. Чухам ийм эргэж буцсан шийдвэрээс болоод л сая үл ойлголцол үүслээ.

Гэтэл манайхан допинг хэрэглэсэн бөхчүүд нь буруугаа хүлээсэн захидал бичиж, бидний барилдах эрхийг сэргээгээд өгөөч гэж гуйнгуут зөвшөөрчихөж байна. Допингтой ингэж тэмцэнэ гэж байхгүй ээ.

Өдгөө дэлхий нийтээрээ допингийн эсрэг хийх тэмцлээ эрчимжүүлж байна. Оросынхөнгөн атлетикийн тамирчид Риогийн олимпыг бөөнөөрөө өнжсөн нь допингтой холбоотой. Тэр ч байтугай Пёнчаны өвлийн олимпод оросууд ОУОХ-ны тугийн дор оролцсон нь мөн л допингийн улмаас хүртсэн шийтгэлийн үр дүн байв. Дэлхийн допингийн эсрэг агентлаг дүрэм зөрчигсдийн толгойг илж, нялуураад байдаггүй. Үнэхээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон л бол хэчнээн том од байсан ч дүрэм журмынхаа дагуу шийтгэж чаддаг. Дугуйчдын хамгийн нэр хүндтэй уралдаан “Тур де Франс”-д долоон удаа түрүүлсэн домогт Лэнс Армстронг допингийн хүчээр энэ амжилтад хүрсэн нь хожим илэрч, бүх түрүүгээ хүчингүй болгуулсан нь үүний нэгэн жишээ.

Гэтэл манайхан допинг хэрэглэсэн бөхчүүд нь буруугаа хүлээсэн захидал бичиж, бидний барилдах эрхийг сэргээгээд өгөөч гэж гуйнгуут зөвшөөрчихөж байна. Допингтой ингэж тэмцэнэ гэж байхгүй ээ.

Санжаадамба тэргүүтэй бөхчүүд үүнийг эсэргүүцэж, тэгвэл бид барилдахаа болилоо гэж байгаа нь зөв шүү дээ. Үндэсний бөхийг допингоос салгах гэж ядаж байхад энэ мэтээр толгойгнь илээд байвал цаашид юу болох вэ. Тэдэнтэй адил эрхээ хасуулсан Н.Ганбаатар гарьд “Эд нар барилдаж байгаа юм бол би бас барилдана” гэж барьцвал яана. Дараа дараагийн допинг хэрэглэсэн бөхчүүд ч бас хугацаанаас өмнө эрхээ сэргээлгэх гээд хүсэлт гаргана гэдэгт эргэлзэхгүй байж болно. Харин энэ үед МҮБХ тэдэнд ямар хариу өгөхөө бодолцож үзсэн үү. Хүсэлт гаргасан хүн бүрийн эрхийг сэргээгээд байх хэцүү.

Үгүй гэхээр адилхан хөлс хүчээ урсгаж байгаа бөхчүүдийг ялгаварлаж харьцлаа гэх шүүмжлэлд өртөнө. Тиймээс эргэж буцсан шийдвэр гаргалгүй, дүрэм журмаа ягштал мөрдөх л хэрэгтэй байна. Бидний энэ зовлонг бусад улс орон туулаад гарсан байдаг юм. Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг холбоо NBA гэхэд 1970, 1980-аад оны үед хар тамхины үүр болсон газар байлаа. Тамирчид нь нийтээрээ хар тахалд донтож, зарим нэг нь үүнийгээ ичиж зоволгүй зарладаг байв. Гэтэл дэлхийн шилдэг сагсчдыг шүтэж, даган дуурайдаг хүүхэд хэдэн саяараа бий. Шүтээн нь хар тамхи хэрэглээд байвал хойч үе нь ямар хүн болж хүмүүжих нь тодорхой. Тиймээс NBA хар тамхины эсрэг дайн зарлаж, хэрэглэсэн хүмүүсийг хайр найргүй шийтгэдэг болов.

Бөхчүүдийг муулж ярьдаг, тэднийг үл ойшоодог хүн улам олон болоод байгааг энэ талцаж хэрэлдээд байгаа хэдэн нөхөд ойлгодог болов уу.

Дүрэм журмаа ч чамбайруулсан. Үүний ачаар лиг цэвэршиж, нэр хүнд нь өсөж, том компаниудтай гэрээ байгуулах эхлэл нь тавигдсан түүхтэй. Тэгвэл МҮБХ-ныхон яг одоо ийм сонголтын өмнө ирээд байна. Нэгэнт баталсан дүрмээ хатуу баримтлах уу, хэн нэгний гуйлтаар өөрчлөөд байх уу. Тэдний гаргах шийдвэр хожмын үр дүнд чухал нөлөөтэй байх болно. Бөхчүүд барилдахаас татгалзсан тохиолдол наадмын өмнө гарсан нь аз юм даа. Хэрэв наадмын өглөө ийм маргаан дэгдвэл нүдний булай болохгүй юу. Жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмаа хоног тоолон хүлээсэн наадамчдын сэтгэгдэл ямар байх бол.

Монгол наадмыг үзэхээр ирсэн гаднын жуулчид ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ гээд бодох, анхаарах асуудал их бий. МҮБХ-г тойрсон дуулиан хэдэн жил дамнан үргэлжилж байгааг бид мэднэ. Аль нэг талд нь шүүхийн шийдвэр гарвал нөгөө тал нь давж заалдсаар байгаад арав гаруй жилийг үдчихлээ. Сүүлдээ хэл амаараа ойлголцох байх гэсэн итгэл улам бөхөх боллоо. Үүнээс болж бөхчүүдийн нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр уналаа. Бөхчүүдийг муулж ярьдаг, тэднийг үл ойшоодог хүн улам олон болоод байгааг энэ талцаж хэрэлдээд байгаа хэдэн нөхөд ойлгодог болов уу.

Өнгөрсөн жилийн өдийд, наадмын өмнө тэд бас л талцаж, нэг хэсэг нь наадмаар барилдахгүй гэсэн асуудал хүртэл яригдаж байв. Сүүлдээ улсын Ерөнхийлөгч хүртэл хөндлөнгөөс оролцож, хоорондын асуудлаа шийдэхгүй бол бөхийн өргөөг улсад шилжүүлнэ гэдгийг ч хэлсэн. Гэвч байдал дээрдээгүйгээр үл барам улам хурцаджээ. Дуусч өгдөггүй энэ хэрүүл тэмцлээс хүмүүс залхчихаад байхад дээр нь допингийн дуулиан улам нэрмээс боллоо. Үүнээс болоод муу муухай бүхний үүр уурхай нь үндэсний бөхийнхөн гэж харагдах болжээ.

Г.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.