Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

ovve2Засгийн газрын хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд, 2019 онд 80 хувьд хүргэх” гэж тусгажээ.

Талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт явуулах таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна.

Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

 “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Товч мэдээ

-  Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. Энэ онд тэрбум гаруй төгрөгийг олгох боломжтой бөгөөд аймаг, нийслэлийн дүүрэг бүрт хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

-  Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татав. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.

-  Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна.

-  Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.

-  Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгов. Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах шийдвэр гарган түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

-  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддорж, Халхын хүрээний газрын Бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, үе улиран Засаг хошой чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

-  Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой 2019 оны 07 дугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод болно. Түүхт ой болон тус нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.