Барын амнаас гараад чонын аманд буюу “Black list”-ээс хортой “Саарал жагсаалт”

15619824185d19f5d26d28cХоёр жил шахмын өмнө буюу 2017 оны арванхоёрдугаар сард Европын Холбоо татварын сайн засаглал бүрдээгүй гэх шалтгаанаар 17 орныг багтаасан хар жагсаалтыг анх удаа гаргасан бөгөөд тэдгээрийн  нэг нь Монгол Улс байв.  Манай улс санхүүгийн хувьд найдваргүй, мэдээлэл нь ил тод бус гэх шалтгаанаар энэ жагсаалтад орсон нь энэ. Гэхдээ одоо бол ард үлдсэн.

Гэтэл барын амнаас гараад чонын аманд оров гэгчээр хар жагсаалтын дараа саарал жагсаалтад орох эрсдэл бодитой нүүрлээд байгаа билээ. Энэ тухай өгүүлсү.

Монгол Улсын хувьд хамгийн бодитой заналхийлж буй нь энэ саарал жагсаалт бөгөөд Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/ энэ асуудлыг авч үзэж анхааруулсан байдаг. Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, FATF-аас өгсөн зөвлөмж, APG-ийн /Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг/ харилцан үнэлгээний тайланг хэрэгжүүлсэн байдлаас хамаараад 2017 оноос  “саарал жагсаалт”-д орох тун эрсдэлтэй орноор нэрлэгдэж, эрчимтэй хяналтад ороод байгаа юм.  Энэ бол эхний анхааруулга.

Хар, саарал жагсаалт гэхээр зарим нэг нь андуурч эндүүрч болох юм. Тодруулбал,  хар жагсаалт гэдэг нь Татвар, түүний ил тод байдалтай холбоотой бол, харин саарал гэхээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой жагсаалт юм.  Ялгаа нь ийм.

Энэ утгаараа саарал жагсаалтыг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /FATF/-аас гаргадаг.

2017 оны долдугаар сард APG-ийн жилийн уулзалт Балбын Катманду хотод  болж Монгол Улсыг “саарал жагсаалт”-нд оруулах эсэхийг шийдвэрлэх хугацааг 12 сараар сунгаж, энэ хугацаанд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг нь харахаар болсон. Товчхондоо бид Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын өмнө “тэнсэн”-тэй байгаа гэсэн үг.

Энэ дагуу “тэнсэн”-гийн 12 сарын хугацаа дуусч дүнгээ тавиулах хугацаа дөхөж байна.  Харин ямар үнэлгээ авах, саарал жагсаалтад орох эсэхийг одоогоор хэлэхэд арай л эрт байна.

Ямартай ч APG-гээс хийсэн харилцан үнэлгээний тайланд “Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого үгүйлэгдэж байна” гэдгийг маш тодорхой дүгнэсэн бөгөөд энэ нь саарал жагсаалтад орох магадлалыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

Саарал жагсаалтын балаг харынхаасаа их гэдгийг дээр дурдсан.  Энэ талаар Монгол банкны хэлтсийн дарга Х.Батчулуун: “саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй” хэмээн тодорхойлсон байх юм билээ.

Саарал жагсаалтад орсон улс орны санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгддэг аюултай гэнэ.  Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход хүндрэлтэй болно. Оллоо гэхэд хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж, эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, энгийн иргэдэд ихээхэн дарамт болдог ажээ. Энэ өнцгөөс харвал Монгол улс ийм нөхцөл байдлын босгон дээр байгаатай ялгаагүй гэсэн үг.

Тухайлбал APG-гээс хийсэн харилцан үнэлгээний тайланд:

-Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Монгол Улсад болон гадаадад угааж байна. Монгол Улсад ийм орлогыг гол төлөв үл хөдлөх хөрөнгө, автомашин, хэрэглээний бусад барааг худалдан авахад ашиглаж, хуулийн этгээдээр дамжуулан угааж байгаа,

-Авлигын хувьд гэр бүлийн гишүүдийн банкны дансанд хүлээн авсан мөнгийг гадны банк буюу оффшор дансанд шилжүүлэх, гадаадад компани байгуулахад ашиглаж байна,

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хууль тогтоомжийн үйлчлэл үл хөдлөх хөрөнгийн агентуудад хамаардаггүй. Үл хөдлөх хөрөнгийн секторт зохицуулалт байхгүйн дээр борлуулалтын шатанд олон төрлийн бизнес оролцдог. Тэд бэлэн мөнгө төлж буй худалдан авагчид хямдрал амладаг байж болзошгүй байна,

-Монгол Улсад алт олборлож, улмаар албан бус дилерүүд, зуучлагчдад зарж борлуулдаг хууль бус уул уурхайн томоохон сектор ажилладаг байж болзошгүй байна” гэх мэт дүгнэлтүүдийг хийсэн байдаг.

Аль ч талаас нь харсан энэ бүхэн бидний эргэн тойронд байгаа бодит дүр зураг мөн байгаа биз… Монгол Улс  саарал жагсаалтад орчихгүйн тулд боломжтой бүхнийг хийж байгаа гэж байгаа ч  бодит байдал хангалтгүй гэдгийг эх сурвалжууд тодотгож байгаа юм.

Монгол Улс хууль, эрх зүйн орчноо тус байгууллагын 40 зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчилж 2018 оны аравдугаар сард эргэн тайлагнах үүрэг хүлээгээд байгаа юм. Тэр үед л саарал жагсаалт “цаашаа юу, наашаа юу”  гэдэг нь  шийдвэрлэгдэх гээд байна.

2018 оны байдлаар FATF-ын саарал жагсаалтад орсон орнууд: Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка улс.

Иемен, Сири… нэрсийг нь тогтоож хараарай. Монгол маань ийм л улс орнуултай нэг зиндаанд очиход ойрхон болоод байгаа юм байна шүү.

М.Нэргүй


URL:

Нэр: Darron Sotomayor Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.