Барууныхны хууран мэхлэлт ба нүүдэлчид мөхөж буй нь – 5
Америкийн сэтгүүлч Кейт Хармон Сноу 2008 оны найм, есдүгээр сард уулын дугуйгаар Монгол орноор хөндлөн гулд тойрон аялж явахдаа бүхий л замын турш малчдын гэр болон майханд хоноглож байжээ. Тэрбээр саяхан Монголын байгаль хамгаалагчид болон иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааны тухай “Голдманы шагналтан гадаадын компани руу буудлаа” гэсэн нэртэй өгүүлэл бичсэнийг цувралаар орчуулан нийтэлж байна.
МБОХНийгэмлэг мэдэгдэл гаргасны дараа Азийн сангийн захирал Билл Инфанте Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийг олон нийтийн өмнө элдэв хэл амаар дайрч давшлах болов. Азийн сан тус нийгэмлэгийн талаар мэдэгдэл гаргасан хэдий боловч харин гадаадын болон Монголын уул уурхайн компаниудын зүгээс зэвсэгт хүчирхийлэл үйлдсэн, мөн газрын баялгийг дээрэмдэж буй талаар өөрийн байр суурийг хэзээ ч илэрхийлж байгаагүй юм.
Тус нийгэмлэгийн нэгэн идэвхтэн надад ярихдаа, “ 2008 оны тавдугаар сарын 30- ны өдрөөс эхлэн Б. Инфанте дээр дурдсан зургаан байгаль орчныг хамгаалах бүлгүүдийг террорист байгууллага хэмээн байн байн нэрлэх болсон юм. Тэрбээр тус байгууллагынхантай нүүр тулан уулзахдаа хүртэл ингэж хэлж байсан” хэмээн дурдаж байсан юм.
Ноён Инфанте тус нийгэмлэгийнхэнтэй уулзах үеэрээ, Азийн сан өөрийн үйл ажиллагааг АНУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн явуулдаг, Монголын хуулийг мөрддөггүй гэж онцлон хэлж байсан билээ. Зэвсэг барин өөрсдийгөө хамгаалах үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа МБОХН-ийн гишүүн бусад байгууллагуудын удирдагчдыг өөртөө татах, хооронд нь хагалан бутаргахад Азийн сангийнхан үйл ажиллагаагаа чиглүүлж эхэллээ. Азийн сангийн зүгээс, нэр төрд нь сэв суулган, сөрөг сурталчилгаа хийж, зарим байгууллага, хувь хүмүүсийг худалдан авч амыг нь таглан чимээгүй болгосноор Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг задран бутрахад хүрчээ.
ПАКТ байгууллагын Монгол дахь салбарын захирал Трейси Нотон ярихдаа, “ англи хэл бичигдсэн уг ил захидалд тэднийг шууд л буруутгаж байсан юм. Б. Инфанте маш хурц ширүүн үгээр, тэдний үйлдлийг шууд л “терроризм” гэж нэрлэж байсан. Тэрбээр доноруудын нүдэн дээр бусад ТББ-уудын нэр төрийг ч бас гутааж байлаа” гэж байсан юм. Дашрамд хэлэхэд, ПАКТ- Монголиа нь АНУ-ын Төрийн Департаментын дэргэдэх “ардчилалыг түгээх” үүрэгтэй бас нэгэн “ төрийн бус байгууллага” билээ.
Азийн сан нь Монголын гол мөрнийг хамгаалах байгууллагуудын дотор атаа жөтөө, эрх мэдлийн төлөөх тэмцлийг өдөөж байсны нэгэн жишээ бол Онги голын хөдөлгөөн болон Ц. Мөнхбаярыг МБОХН-ийн бусад гишүүдийн эсрэг турхирч байсан явдал юм.
2008 оны аравдугаар сарын 28- ны өдөр Ц. Мөнхбаяр болон нэгэнт оршин тогтнохоо больсон тус нийгэмлэгийн 11 гишүүн байгууллагын зургаа нь Азийн сангийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг гомдолд тухайн таван байгууллагыг “ террорист” хэмээн олон нийтийн өмнө зарлаж, нэр төрийг нь гутаасных нь төлөө тус сангаас нэг сая ам. доллар нэхэмжилжээ. Харин Азийн сангийнхан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Монголын шүүх барууныхны ашиг сонирхолд нийцүүлэн ажилладаг гэдгээ харуулан эдгээр нэхэмжлэлүүдийг “ үндэслэлгүй” хэмээн үзэж хоёуланг нь хэрэгсэхгүй болгосон юм.
“ Азийн сангийнхан сөргөлдөөн өдөөсний улмаас МБОХН аль хэдийнээ задран бутарсан” хэмээн Мөнхбаяр онцлон хэлээд, “ тус сангийн гол сонирхол бол Монголд байгаа уул уурхайн компаниудад дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд үүнийг өнгөрсөн бүх үйл явдлууд гэрчилж байна” гэж цааш нь ярилаа.
Хөрөнгөт нийгмийн гурвалсан морьд
Олон улсын уул уурхайн компаниудад “ зөв зүйл” хийхийг эелдэгээр анхааруулдаг, энэ талаар олон нийтийн сонорт хүргэдэг, тайван замыг эрэлхийлэгч, хамтач нэгэн Монгол иргэн гэсэн имижийг Голдманы шагналаар далимдуулан Азийн сангийнхан Ц. Мөнхбаярт суулгаж өгсөн юм. Тус сангийн видео танилцуулгад дурдсанаар, тэрбээр орон нутагтаа байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийг оройлогч, ардчилалын үнэт зүйлсийг хамгаалан тэмцэгч бөгөөд “ win – win scenario” буюу харилцан ашигтай, хэн хэн нь хожоотой байх зарчмыг баримтлагч ажээ. Энэ бол Азийн сан зэрэг ТББ-ууд, тэдний төлөөний хүмүүс болох Лейтон Крофт, Билл Инфанте нарын найруулсан хуурамч жүжиглэл байлаа.
Үнэн хэрэгтээ, Азийн сангийн жинхэнэ зорилго, цаад санаа нь дотоодын тэмцэгч байгууллага, бүлгүүдийг нэгэн хэвэнд цутгасан мэт байлгаж, тэднийг нарийн арга мэхээр залуурдсанаар Монгол орныг үгүйрүүлэн хоосруулж буй барууныхны үйлдлийг олноор хүлцэн тэвчих уур амьсгалыг бий болгох явдал ажээ. Өөрөөр хэлбэл, эзэрхэг ховдог хөрөнгөт нийгмийн эрх ашгийн үүднээс, бэлэн мөнгө цутгах замаар дотоодын байгууллагуудыг хагалан бутаргаж, гадны байгууллагуудын эрх ашигт үйлчилдэг хүмүүс сонгогчдыг бий болгох зорилго нуугдаж байгаа юм. Энэ бол анхнаасаа хүлцэнгүй дорой байх номлол байсан. Азийн сангийнхан Ц. Мөнхбаярыг ашиглан өөрсдийн нэр хүнд, имижийг бэхжүүлэх, үндэстэн дамнасан хяналт болон олон улсад нөлөө бүхий сурталчилгаагаа өргөжүүлэх зорилго бүхий тоглоомдоо ашигласан юм.
“ Азийн санд зальжин хүмүүс үнэхээр байдаг” хэмээн байгаль орчны шинжээч хийдэг Жейн Смит гэдэг бүсгүй надад ярьсан юм. Тэрбээр өш хонзонгоос болгоомжлон, овог нэрийг нь өөрчлөн бичихийг хүссэн билээ. “ Хэрвээ миний нэр болоод байгууллагын нэрийг дурдах аваас, бидний амь нас, одоогийн хийж буй ажилд маань эрсдэлтэй. Засгийн газар болон томоохон ивээн тэтгэгч байгууллагууд бидэн рүү дайрч довтолж мэднэ” хэмээн тэр эмэгтэй хэлсэн билээ.
Монгол оронд нэлээд хэдэн ажилласан туршлагадаа үндэслэн Жейн Смит өөрийн ажигласан зүйлүүдээ ярьсан юм. “ Энд Засгийн газар нь ямар ч дүрэм журамгүйгээр ажилладаг, далд эдийн засаг, дээрэм хүчирхийлэл газар авсан бөгөөд холбоо хэлхээ, нөлөө бүхий хэн ч боловч хүссэнээ олж авч чаддаг” гэж тэрбээр дүрслэн ярьж байна.
Азийн сан, Байгаль орчныг хамгаалах сан, Дэлхийн онгон байгалийг хамгаалах сан, Онгон байгалийг хамгаалах нийгэмлэг, Германы техник туслалцааны нийгэмлэг зэрэг томоохон байгууллагууд манайх мэтийн жижигхэн ТББ-ууд дээр ирж, бидний хэдэн жилийн турш сурч, судалсаар ирсэн зүйлүүдийг “хоол идэхийн” зуур мэдэж авахыг хичээдэг юм. Тэд бидэнд ямар ч мөнгө өгдөггүй бөгөөд бидний хамгийн чухал хэмээн тооцдог аливаа үзэл бодлыг хүлээж авахыг хүсдэггүй юм. Тэд гялгар хавтастай сурталчилгааны эмхтгэлүүдээ барин, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлдэг хэдий ч яг үнэндээ юу ч хийдэггүй билээ. Тэд бол колоничлогчдын шинэ “давалгаа” мөн” гэж тэрбээр цааш ярилаа.
Байгаль хамгаалах сан /Nature Conservancy/ бол байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг дэлхий дээрх хамгийн баян байгууллагуудын нэг билээ. Гэвч уг сан өнөөг хүртэл Монгол дахь салбараа санхүүжүүлж чадахгүй байгаа бөгөөд офисоо тус оронд байгуулах гэж бараг дөрвөн жил болсон бөгөөд эцэст нь тухайн салбар нь өөрийгөө санхүүжүүлэхээс аргагүйд хүрсэн билээ. “ Тогтвортой уул уурхай” гэдэг нэр томьёог анх Азийн сангийнхан гаргасан.Тэд элдэв цуу үг, этгээд хэллэгүүдийг сайн мэддэг бөгөөд аливаа нэр томьёог “ нутагшуулахдаа” гарамгай улс. Тэдний танилцуулга, эмхтгэл номууд, засгийн газарт ирүүлсэн тайлангуудад эдгээр нэр томьёо тун сайн тусгагддаг бөгөөд ивээн тэтгэгчид үүнийг нь мэддэггүй эсвэл мэдсэн ч ойшоодоггүй байх л даа” гэж Жейн яриагаа үргэлжлүүллээ.
“ Дэлхийн онгон байгалийг хамгаалах сан /WWF/-д ажилладаг Ёко Ватанабе гэдэг япон эмэгтэй энэ талаар маш туршлагатай, олон жил ажилласан хүн юм. Тэрбээр тус сан Монгол орон даяар ямар их ажил хийж байгаа тухай гадаадын доноруудад зориулан үнэхээрийн гайхалтай сайхан танилцуулга хийсэн билээ. Би Ватанабегаар зөвхөн жишээ авч ярьж байгаа юм шүү. Учир нь уг байгууллага залуухан, туршлага багатай хүмүүсийг ажилд аваад маш богино хугацааны дараа хариуцлагатай албан тушаалд дэвшүүлэх бөгөөд нөгөөдүүл нь өөрсдийн бараг гадарладаггүй асуудлаар шийдвэр гаргадаг юм. Дараа нь тэд улам цаашилж, илүү өргөн хүрээтэй асуудлыг шийдэх болдог” гэж Жейн ярилаа. Тухайн шийдвэр газар дээрээ ямар үр дүнтэй, бас үр дагавартай байсан эсэхэд тэд огт тоомжиргүй ханддаг. Тэд боловсрол өндөртэй, оюуны чадавхи сайтай боловч аливаа юмыг сониучирхах нь бага. Гэхдээ “ талхан дээр нь чухам хэн цөцгий түрхэж өгдгийг” гадарладаг болохоор юуг, хэрхэн ярьж хэлэх вэ гэдгээ тун сайн мэднэ” хэмээн тэрбээр нэмж өгүүлэв.
“ Би тэднийг бүгдийг нь мэднэ. Азийн сангийн тэргүүн Б. Инфанте бол бодит амьдралаас тасарсан, нутгийн хүмүүсээс зайгаа барьдаг, хүйтэн хөндий хүн дээ. Тэдэнд тус оронд удаан хугацаагаар ажиллах ямар ч сонирхолгүй байхгүй, зөвхөн хэрхэн албан тушаал ахих тухайгаа боддог хүмүүс. Хичнээн төсөл хэрэгжүүлсэн, хичнээн санал дүгнэлт, тайлан доноруудад үзүүлснээс тэдний албан тушаалын шатаар өгсөх эсэх нь шалтгаалдаг” гэж Жейн ярьж байна.
“ Азийн сангийнхан орон нутгийн байгууллагын удирдагчид болон нөлөө бүхий хүмүүсийг Улаанбаатарт авчирч, тэдэнд тохилог сайхан ажлын өрөөнүүд гаргаж өгч байлаа. Уул уурхайн компаниудтай тэмцэж, гол мөрнөө хамгаалахын оронд тэд /хөдөлгөөнүүдийн удирдагчид/ офисоо булаацалдан, хэн нь сайн компьютертэй вэ гэдгээрээ өрсөлдөж байсан юм. Бидний хувьд Монголд байдаг бараг бүх хөдөлгөөнүүдтэй хамтран ажиллаж байсны хувьд орон нутгийн хөдөлгөөнүүдийн удирдагчдыг ийм маягаар салгаж, тусгаарлах нь буруу гэдгийг анхааруулан хэлж байсан” гэж хэлээд тэрбээр яриагаа өндөрлөлөө. /үргэлжлэл бий/
Б.Адъяахүү
URL: