ЭРХҮҮ МУЖИЙН ҮЕЭРТ НЭРВЭГДСЭН 100 ХҮҮХДИЙГ МОНГОЛД АМРААХААР БОЛЖЭЭ

4848

ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын сүүлийн өдрүүдэд, хүчтэй аадар бороо үргэлжилсний улмаас тус мужийн 55 тосгон, суурингууд үерт автаж 10,000 гаруй айл өрхийн 32,800 иргэн үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан бөгөөд одоогийн байдлаар үерийн бүсээс 2500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9,000 гаруй хүн, түүний дотор 2,300 орчим хүүхэд үерийн бүсэд одоог хүртэл байгаа мэдээлэл байна. Долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 хүн амь эрсдэж, 13 хүн сураггүй болсон тухай албаны эх сурвалж мэдээлж байна.


Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Эрхүү мужийн олон мянган айл, өрх иргэдэд, их хэмжээний хохирол учраад байгаа тул үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-аас санаачилжээ.


Уг санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлэгч Х.Баттулга дэмжиж нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудыг уг хүмүүнлэгийн аянг дэмжихийг уриаллаа.

Хандивын аяны хүрээнд үерт орон гэрээ алдсан иргэдэд нэн тэргүүний шаардлагатай зүйлс болох дулаан хувцас, гутал, хөнжил, хивс, лаазалсан мах зэрэг шаардлагатай эд зүйлс цуглуулан, хүргэж өгөх санаачлагуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд гаргаад байна.


Мөн орон гэргүй болсон айл өрхүүдийн 100 хүүхдийг Монгол улсын хүүхдийн зусланд амрааж сэтгэлзүйн дэмжлэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Урьдчилсан байдлаар тооцоход дээрх үйл ажиллагаанд хүүхэд тус бүрийн 500,000₮ буюу нийт 50 сая төгрөг шаардагдаж байгаа аж.

Монголчууд бид Чернобилийн атомын цахилгаан станцын гамшиг, Хятадын Сичуан мужад болсон газар хөдлөлтөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг Монголд авчиран сувилж дэмжиж байсан туршлагатай.

Иймд аяныг санаачилагч “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын зүгээс нийт гадаадад төгсөгч нар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалсан байна.

Хандивын аяныг дэмжихийг хүссэн байгууллага, иргэд, Иркутскт төгсөгчид болон хүмүүнлэг сэтгэл, буяныг эрхэмлэгч хэн бүхэн: 99081118, 80006007, 99064204 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу
“Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын ХААН банкны 5070391073 дансаар хандив өгөх боломжтой, Мөн хандивын зарцуулалт болон үр дүнг тус төрийн бус байгууллагаас хариуцан ил тод мэдээлэхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих