Австралийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар Самсунгийг худал сурталчилгаа явуулсанд буруутгажээ

4873

Австралийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага (ACCC-Australian Competition, Consumer Comission) тус улс дахь Самсунг Электроникс компанийн салбарыг худал сурталчилгаа явуулсанд буруутгажээ.

Тодруулбал Galaxy ухаалаг гар утсыг усны хамгаалалттай гэж сурталчилсан нь бодит байдал дээр худал болохыг судалгаагаар тогтоосон байна. Самсунг компаниас Австралид гаргасан 300 орчим сурталчилгаанд Galaxy гар утсыг усан бассейны ёроолд, далайн усан дотор ашиглаж байгаагаар үзүүлсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн явдал гэж үзжээ.

Ингэснээр дэлхийд анх удаа ийм асуудлаар хэрэглэгчдийн эрхийг хамгаалах томоохон байгууллага Самсунгийг шүүхэд өгч байна. Энэ нь олон сая ам.долларын торгуулийн асуудал үүсгэж болзошгүй юм.

Усанд хийгээд эвдэрсэн гар утсаа иргэд Самсунгт үзүүлэхэд баталгааны дагуу сольж өгөхөөс татгалзсан тохиолдлуудыг ACCC байгууллага баримт болгон шүүхийн материалдаа хавсаргажээ.

“Самсунг компани хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд Galaxy гар утсыг худлаа сурталчилсан. Тэдний сурталчилгаа нь хэрэглэгчдийн үнэн зөв мэдээлэл авах сонголтыг хааж, өөртөө өрсөлдөөний давуу талыг шударга бусаар бий болгожээ” гэж ACCC байгууллагын захирал Род Симс өнөөдөр мэдэгдсэн байна.

Австралийн хуулийн дагуу Самсунгийн 300 орчим сурталчилгаа зөрчилтэй нь батлагдвал 2018 оны есдүгээр сарын 1-нээс өмнө нийтлэгдсэн сурталчилгаа бүр нь 10 сая австрали долларын ($7 сая) торгууль, үүнээс өмнөх сурталчилгаа бүр нь 1.1 сая австрали долларын торгууль хүлээх юм байна. 2018 оны есдүгээр сарын нэгнээс Австралийн засгийн газар шударга бус өрсөлдөөний зөрчилд оноох торгуулийн хэмжээгээ нэмэгдүүлсэн ажээ.

Эх сурвалж: Reuters

Р.ТҮВШИН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.