ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУВЬ ЗАЯА “ЭКО” С.НЯМДАВААГИЙН ГАРТ БАЙНА

eco-696x330-ЭРХҮҮ МУЖИД УЧИРСАН ШИГ ГАМШИГТ ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БАЯНМОНГОЛ, САРУУЛ ХОРООЛЛУУД ӨРТӨХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-

 “Залилангийн хэрэгтэн засардаггүй” гэж үг бий… “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваад Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан гэдэг. Түүнийг саатуулагдаж байх хугацаанд анхны эхнэр нь орхиж явсан гэх яриа ч ойр тойрныхны нь дунд байдаг юм. Амьдралд, ажил дээр ч ийнхүү таагүйгээр хөл тавьсан түүнээс үнэн, шударга, сайхан мэдээлэл дуулдаж байсан нь бараг үгүй. Бусдаас газрыг нь булаасан, хуурч мэхлэн байр байшингаа зарсан, барьсан барилга бүр нь асуудалтай гэхчлэн түүнд хаяглагдах хэрэг, гомдол бүрийг жагсаавал дэндүү жин дарсан, тоочиж барамгүй юм бий. Удирдаж буй компанийн нь хариуцлагагүйгээс болж хичнээн хүний алтан амь цаг бусаар тасарсан гунигт жагсаалт ч цөөнгүй… Ядаж байхад хөөрхий талийгаачдын араас ч худал зална. Тухайлбал, компанийн нь барилга дээрээс хүнд даацын төмөр унаж оюутан залуугийн амь насыг хохироосон хэргийн дараа “Эко” С.Нямдаваа талийгаач хүүд зориулж суварга босгоно хэмээн ам гараад дашийн шог. Тэдний хамгийн хайртай, үлэмж тансаг хороолол гэгддэг Кинг таураас нь худалдан авсан оршин суугчид яаж чимээ аниргүйхэн анхны авсан үнээ барьсхийгээд байр сууцаа зарж алга болохов хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болж яваа нь нууц биш. Кинг таурын үнэ цэнэт барилгууд бүгд дороосоо усанд автаж, зоорийн давхрын хананаас нь ус олгойдож, зарим хэсэгт тулгуур багана хооронд цууралт өгч ангайсан гээд айдас хүйдэс дүүрэн. Тансаг зэрэглэлийн гэгдэх эл хороолол нь энэ зуны бороо ихтэй өдрүүдийг зүдэн ядан туулж байхад бусад дүүрэг хороолол дахь ядруухан барилгуудын нь талаар дурьдаад ч дуусахгүй биз.

Нийслэлийн аль өнгөтэй өөдтэй гэсэн газар бүрийг арай дэндүү ядсан барилгуудаар дүүргэсэн тэрбээр энэ удаад хотын иргэдийн, тэрдундаа Хан-Уул дүүрэг болоод Баянмонгол, Саруул хотхоны иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж мэдэх аюулын харанга дэлдсээр жил тойрон боллоо. Геодези, Усны барилга байгууламжийн газар /ГУББГ/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, Нийслэлийн Прокурорын газар гэхчлэн түүнийг зогсоож дийлэх газар нэгээхэн ч алга. 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эрхэм С.Нямдаваатан ГУББГ-т үерийн даланг чинь өөрийн хөрөнгөөр ногоон байгууламж болгон тохижуулж өгч, хамтран ажиллая гэсэн зальт хүсэлт гаргасан байдаг. Зальт гэхийн учир түүний гаргасан Ажлын зураг даланг дотогш нарийсгаж барихаар байсан тул тус газраас зөвшөөрөөгүй байна.

Гэтэл хэзээнээсээ хэнд ч захирагддаггүй, том толгойт залуу маань далан дотор барилгын ажлаа эхлүүлчихэв. Холбогдох байгууллагуудаас удаа дараа албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан ч хүчирдэггүй. Аргаа барахдаа цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан тохиолдол ч байдаг бөгөөд С.Нямдаваа зогсох битгий хэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр өнөөдрийг хүрчээ. Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалдаг, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Түүнчлэн Гамшгийн эрсдлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг байна. Харамсалтай нь “Эко” С.Нямдаваа Улаанбаатар хотын зүүн хойд хэсгээс орж ирэх үерийн уснаас хамгаалах зорилготой баригдаж, 2014 онд засвар шинэчлэлтийн ажлыг бүрэн хийсэн, олон жилийн ус зүйн тооцоо судалгаа, инженерийн хийц зохиомжоор  нэг хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар хийгдсэн байгууламжийг өөрийн эзэмшил мэт эвдэн, зоргоороо өөрчилсөөр…

-С.НЯМДАВААГ ЗОГСООЖ ДИЙЛЭХ ХҮЧ БАЙГАЛЬ ЭЭЖЭЭС ӨӨР ХЭН Ч БИШ БОЛОЛТОЙ-

Далан 60 метр өргөнтэй атал 40 метр нь Эко констракшны барилга барих газарт орж, цаана нь үерийн ус зайлуулах 20-хон метрийн өргөнтэй далан үлдэж байгаа аж. Тэгэхээр давтамж нь ойртсоор байгаа 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй боллоо гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өчигдөрхөн хойд хөршийн Эрхүү муж усанд автаж, ихээхэн хохирол амссан мэдээг бид харж байна. Яг ийм хэмжээний ихээхэн хүчтэй үер болоход хохирлын хэмжээг тооцохын аргагүй аймшигтай гэнэ.

Шуудхан хэлэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирно гэдгийг Геодези, усны барилга байгууламжийн газраас хэлж, анхааруулсаар, хуулийн хүрээнд эсэргүүцсээр. Харамсалтай нь Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэмжлэг, хайр ивээл дор эрхэм С.Нямдаваа учирч болзошгүй аюулын өөдөөс ажиггүй нулимж, ажлаа үргэлжлүүлсээр байна. Уг нь Геодези, Усны барилга байгууламжийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүсэлтээр Прокурорын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг аль жилийн өмнө гаргасан байдаг. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр далан дотор хана угсарч, барилга байгууламж барьж эхэлсэн нь хуучин далангийн хүчин чадлыг алдагдуулсан, энэ нь хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй хэмээн Прокурорын газраас тогтоол үйлдсэн ч Эко констракшн нь “Жингэр нохой хуцсан ч жингийн цуваа явж л байдаг”-ийн үлгэрээр ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь аймшигтай. Анх, хоёр жилийн өмнө Үерийн далан дотор сургууль цэцэрлэг барихаар 6750 мкв талбайн зөвшөөрөл авч байсан эр өдгөө мөнөөх газрынхаа хэмжээг 2 дахин томруулж Худалдаа, нийтийн үйлчилгээний төв, цогцолбор барилга барихаар зориулалтаа өөрчилсөн байна гэнэ. Тиймээс холбогдох газрууд нь аргаа бараад шүүхэд хандахаар болсноо мэдэгдлээ. Гэлээ гээд авлига, хүнд сурталд идэгдсэн хэмээн Их цэвэрлэгээнд ороод буй Шүүх байгууллага өнөөг хүртэл даруулгагүй мэт дардайж яваа С.Нямдавааг дарна гэдэг юу л бол… Тэнгис кино театрын өмнөх талбайд нийслэл хотод байхгүй гайхамшигтай газрын усан оргилуур барина хэмээн ойр хавийн оршин суугчдыг, холбогдох байгууллагуудтай нь мэхэлж байгаад оффисын барилга барьсантай яг адилхан залилангийн шинжтэй үйлдлийг үзүүлж, өдгөө Үерийн далан дотор Худалдаа, үйлчилгээний төв барьж байна.

Барьсан бүх барилга нь чанарын асуудалтай, эгээтэй нурчихаагүй байгаа нь зол байтал түүний гар, түүний удирдлагаар баригдах Худалдаа үйлчилгээний том цогцолбор нийслэлчүүд бидэнд хэрэгтэй юү. Тэр дундаа хамгийн их усыг хаман зайлуулах зориулалт бүхий далан дотор шүү. Түүний мөрөөдлөөр бол Имартын Чингис салбар шиг автомашины хэд хэдэн давхар зогсоолтой, нүсэр худалдааны төв цогцлоож, метр талбай бүрээс төсөөлшгүй орлого олж гялайх юм байх. Тухайн үед Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун ямар үнэ ханшаар түүнд далан дотрох газрын зөвшөөрлийг ийнхүү өгч, давраасныг мэдэхгүй ч байгалийн аюулт үзэгдэл, гамшиг осол хэлж бус хийсч ирнэ. Мэргэжлийн болоод хууль хяналтынхан өнөөдөр Эко констракшныг дийлэхгүй байж болох ч Байгаль дэлхий, газар тэнгэрийн хүчний өмнө ингэж эрдэж, бардаж, эр бяраа гайхуулж, олон олон хүний амь нас, эрүүл мэндэд болзошгүй аюул даллаад сууж болохгүй байлтай.

https://niigmiintoli.mn/?p=24810


URL:

Нэр: Russel Millsaps Огноо: 12 July 2019

I’m extremely pleased to find this great site. I need to to thank you for your time due to this fantastic read!! I definitely really liked every little bit of it and I have you bookmarked to look at new things on your website.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.