Уран “Гарааны зурхай”-д ирлээ

c5f32ec6b11b94a97fc25fbbf18eebac0dec160fДипломатууд хар тамхины сүлжээнд торлогдсон тухай чих дэлсэх дундуур уран тойрсон хууль бус үйлдлүүд Архангайд алдарсан талаар цахимд түгэв. Үүнээс улбаалан ураныг зүхсэн, айсан, түгшсэн сэтгэгдлүүд ч харагдах болсон. Учир нь манайхан ураныг аюул гэж хардаг. Гэвч энэ нь бидний амьдралд хамгийн ойр рентген шинжилгээ, туяа эмчилгээ, гаалийн рентген тоног төхөөрөмж зэрэгт ашиглагддаг элемент. Монгол Улс уранаа ашиглавал геополитикийн том тоглогч болох боломж ч бий.

Ураны нөхцөл байдал дотоодод

Манайд цөмийн энергийн салбар 50 гаруй жилийн түүхтэй. Анх 2009 онд Цөмийн энергийн тухай хууль гаргаж, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, төвөллөгөөгөө баталсан. Эдгээр хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үүднээс 2008-2014 онд Засгийн газрын харьяанд Цөмийн энергийн газар, 2015 оноос Цөмийн энергийн комиссыг байгуулан ажиллаж буй. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбарт хамтран ажиллах талаар 2009-2012 онд Монгол Улс нь ОХУ, БНФУ-уудтай Засгийн газар хоорондын дөрвөн хэлэлцээр, ОХУ, Япон, БНЭУ, БНХАУ, АНУ, БНФУ, БНЧУ, БНСУ-тай харилцан ойлголцлын 10 санамж бичиг байгуулж, Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулж батлуулсан. Энэ мэт дотоод орчин төдийгүй гадаад харилцаанд ч амжилттай байгаа. Хамгийн сүүлд Европын холбоо Монгол Улсад цөмийн аюулгүй байдлын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нийт дүн 1.1 сая евро бөгөөд цөмийн аюулгүй байдлын сургалт, шилдэг туршлага, Европын холбооны стандарт зэргийг монголчуудад таниулах юм байна. Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлдэг дээрх төсөл нь чанар стандартын зөвлөмж, цөмийн эрчим хүчний станц байгуулах зөвлөмж өгдөг аж. Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага нь 1986 онд Чернобылийн цөмийн цахилгаан станцад осол гарснаас хойш Европ болон дэлхийн бүх улс орнуудад аюулгүй байдлын сургалт зохион байгуулах болсон юм. Тус байгууллага цөмийн аюулгүй байдлын сургалтад 1.3 тэрбум еврог зарцуулаад байна.

2021 онд ураны шар нунтаг экспортлоно

Одоогоор Монгол Улсын ураны баталгаажсан 12 ордод 140 гаруй мянган тонн нөөц бий. Энэ нь дэлхийд 13 дугаарт бичигдэх хэмжээ аж. Уг нөөц цаашид 1.5 сая тоннд хүрэх боломжтой гэсэн тооцоог ч мөн салбарынхан гаргасан байдаг. Ерөнхий сайдын дэргэдэх Цөмийн энергийн комиссын өгсөн мэдээллээр манай улс ураны хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр зөвшөөрлийг “Бадрах энержи”, “Гурван сайхан”, “Арева Монгол” компаниуд эзэмшдэг. Одоогоор Дулаан-Уул, Зөөвч овоо, Хараат ордууд туршилт хийгээд, ашиглалтад бэлдэж байна. Дорноговь аймгийн Зөөвч-Овооны  ордод “Бадрах энержи” компани туршилтын үйлдвэрээ барьсан. Ингэснээр 20 тонн ураны шар нунтаг олборлон, нарийвчилсан ТЭЗҮ батлуулаад хоёр жилийн дараа буюу 2021 онд экспортлох төлөвлөгөөтай ажиллаж байна. Мөн Бүгд найрамдах Франц улсын төрийн өмчит “Арева” группийн “Коже говь” компани 20 орчим жил хайгуул хийж байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумд гэхэд 10 гаруй жил тасралтгүй хайгуул хийж, 2011 онд Дулаан-Уул ордод 6270 тонн ураны нөөц бүртгүүлсэн. Мөн 2013 онд Зөөвч-Овоо ордод 54 390 тонн ураны нөөц бүртгүүлээд буй. Цаашдаа хоёр ордын нөөц 75 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа гэдэг. Тэгвэл Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Гурванбулагт нөөцийн тооцоо хийгдэж байгаа. Ийнхүү ураны ирээдүй манайд улам тэлэх хандлагатай байгаа юм. Ураны өөрийн онцлог нь өргөн тархацтай. Газрын хөрс төдийгүй усанд ч агууламж нь байдаг. Энэхүү цацраг идэвхт металлын илрэц манай орны зүүн хэсгээр элбэг байдаг нь дээрх ашиглах төслүүдээс харагдаж байна.

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав

Цөмийн эрчим хүч, цацраг идэвхийн талаар хүмүүс туйлширсан ойлголттой явах нь элбэг. Дэлхий хавтгай боллоо гэдэг нь нэг талаасаа тэгш амьдрах боломж. Гэхдээ боломжоороо, ялангуяа мэдээлэл авах боломжоороо тэгширч байгаа явдал. Энэ боломжийг хэр ашиглаж байгаагаас л тухайн улсын хөгжил дэвшил нь хамаарч байна. Цөмийн эрчим хүч бол нэг талаасаа хүн төрөлхтний бахархал, ирээдүйн хөгжлийн нэгээхэн тулгуур гэж би боддог. Атом цөмийн нууцад нэвтэрснээр хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах итгэл найдвар, боломж бий болсон байх. Гэхдээ аугаа боломжийг дагаж, түүнээс дутахгүй эрсдэл үүсдэг.

Ураныг чухалчлах шалтгаан

Дэлхийн чиг хандлага хаашаа, Монгол Улс түүнийг дагахаас өөр аргагүй. Өнөөдөр дэлхий дахинд цөмийн энергийг ашиглаж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх болсон. Цөмийн энергийг зөвхөн эрчим хүч, эрүүл мэндийн салбараар төсөөлж байсан бол одоо цөмийн энергийн технологийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход, хөдөө аж ахуйд, хүнсний салбарт ашиглаж эхэлсэн. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 63 мянган тонн уран олборлож, цөмийн эрчим хүч болон бусад зориулалтаар ашиглаж байна. Энэ хэмжээ ойрын жилүүдэд 100 мянган тонн болох таамаг бий. Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргасан өнгөрсөн оны сүүлчийн улирлын тайланд дэлхий дахинд нийт 447 реактор ажиллаж байгаа. Үүний 61 реактор баригдаж байгаа гэсэн байна. Ингэснээр ураны хэрэглээ нийлүүлэлтээс давах төлөвтэй байгааг ч дурдаад дараахь жишээг авчээ. Ураны хэрэглээ 2016 онд 190 сая фунтээр өссөн бол одоогоос 10 жилийн дараа 300 сая фунтаар өсөх таамгийг гаргасан байна.

Наанадаж манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ уранаар хангахаа зарласан.Өнөөдөр бид нүүрс, зэсээ зарж, төсвөө тэжээж байна. Гэтэл манай худалдан авагч, нүүрсээс уран руу урваж буй. Ингэхээр зах зээлийн шаардлагаар Монгол Улс цөмийн энергийн салбарт тоглохоос өөр аргагүйд хүрэх юм. Өнгөрсөн сард болсон хөрш орны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар ч цөмийн энергийн салбар орхигдсонгүй. Тодруулбал, ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорац Хятадын Тяньванийн АЦС-ын дөрөв дэх блокийн барилгыг эхлүүлж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Ингэснээр Тяньванийн АЦС-д цөмийн эрчим хүчний дөрвөн блокийг “Росатом” барьж дуусгасан. Эдгээр реакторуудад цөмийн түлш, баяжуулсан уран зэрэг бүтээгдэхүүнээ Орос нийлүүлдэг. Дахин нэмж дөрвөн блок шинээр барих тухай санамж бичгийг хоёр тал байгуулсан юм. Уг хэлэлцээрийг сая төрийн тэргүүнүүд баталгаажуулж гарын үсэг зурав. Түүнчлэн Хятадын Ляонин муж дахь “Сюйдапу” АЦС-ын III, IV блокийг барьж байгуулах гэрээг компаниуд байгуулсан байна.

Эдийн засагч Л.Наранбаатар

Манай улс уран олборлох чиглэлээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь зөвхөн БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй ураны хэрэглээнд зарцуулаад зогсохгүй Монгол Улсын металлургын салбарын хөгжлийг тодорхойлно.

Өнөөдрийн нөхцөл байдалд цөмийн салбар манайд дэндүү хол мэт байж болох. Хоёр хөршийн цөмийн энергийн бат харилцаа, дэлхийн томоохон тоглогчдын дэргэд бид ингэж үнэлэгдэх нь тодорхой. Гэхдээ бид өнөөдөр аажмаар урагшилсаар туршилтын шатандаа ирж, гарааны зурхайд гишгээд байна.

Eagle.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.