Үндсэн хуулийн өөрчлөлтөөр АН ямар санал өргөн барих вэ

Ardchilsan nam-3

Өнгөрөгч долоо хоногт  Ардчилсан нам улс төрийн амьдралд “эргэн ирсэн” нь онцлох үйл явдал болов. Ингэж хэлэх шалтгаан бий. Тус намын  хувьд энэ хүртэл Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж, анхдугаар хэлэлцүүлгийн гадна үлдээд байсан юм.  Харин энэ сарын 16-нд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналаа УИХ-д хүргүүлсэн бөгөөд  тус намын хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж,  үүгээр дамжуулан хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн юм.
Д.Дүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн төслөөс гадна Ерөнхийлөгчийн  өргөн барьсан шинэ төслийг уялдуулах, нэгтгэх  асуудлаар Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт УИХ дахь АН-ын зөвлөлөөс төлөөлөл оролцож байгаа  билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэргүүлж байгаа Зөвшилцөх зөвлөл өмнөх долоо хоногийн Баасан гарагт анхдугаар хуралдаанаа хийж мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн үеэр  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа УИХ-д өргөн барина.” гэдгээ илэрхийлээд буй. Тэгэхээр энэ долоо хоногийн улс төрийн нэгэн сюрприз нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи АН-ын санал байх нь гарцаагүй.
Тус нам төслөө өргөн барьснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи гурван төсөл парламентын танхимд  яригдана гэсэн үг. Жинхэнэ “гал гарсан” хэлэлцүүлэг болж мэднэ.
Гэхдээ АН Үндсэн хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар санал өргөн барих бол гэдэг нь үүнээс чилүү  анхаарал татах асуудал байж мэднэ.
АН-ын зөвлөлийн тэргүүн өргөн барих  нэмэлт өөрчлөлтийн төслийнхөө талаар “Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна” гэсэн юм.
Үүнээс өмнө Д.Эрдэнэбат АН-ын зөвлөл хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох болсон талаар мэдээлэл хийх үеэрээ доорхи зургаан асуудлыг онцолсон нь учиртай. Магадгүй АН-ын  нэмэлт өөрчлөлтийн санал эдгээртэй илүү уялдах магадлал бий.  Тэдгээр нь:
-Нэгдүгээрт: сонгуулийн тогтолцооны асуудал. Хэрвээ энэ улс орон ардчилсан, сонгодог парламенттай юм бол сонгодог парламентийн гол зарчим нь сонголт байдаг. Тиймээс сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцох нь зүйтэй гэж харж байна гэсэн.  Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тодорхой хэсэг нь намын нэрийн жагсаалтаар  парламентад орж ирэхийг дэмжинэ гэсэн үг.
-Хоёрдугаарт: Бид орон нутгийн эдийн засаг, төсвийг асуудлын өөрсдөд нь бие даалган өгөх, татвараа өөрсдөө хураадаг байх, төсвөө баталдаг байхыг Үндсэн хуульд тусгах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Гуравдугаарт: Нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай асуудлыг нэгдмэл ойлголт гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс аймаг, нийслэл, сум, дүүргийн асуудлыг өнөөгийнх нь түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж оролцоно.
-Дөрөвдүгээрт:  төрийн албыг батагаажуулах асуудал нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Төрийн албыг халж болохгүй, улстөржүүлж болохгүй гэж. Энэ бол төрийн албанд нэгэнт орсон хүмүсийг халж болохгүй шүү гэсэн гарах хаалгыг хаасан явдал гэж харж байгаа. Асуудал нь гарах хаалгандаа биш орох хаалгандаа байгаа. Хэрвээ ийм заалт оруулах гэж байгаа бол төрийн албанд орох босгыг Үндсэн хуулинд зааж өгөх ёстой гэж үзэж байна.
-Тавдугаарт: шүүхийн хяналт хариуцлагаын тухай асуудалд санал нэгдэх нь ч бий. Нэгдэхгүй асуудал ч олон бий. Мэдээж шүүхийг томилохдоо эрх мэдэлтэй талаасаа шийднэ. Гэхдээ нэг их хуралд дангаар нь өгдөг нь буруу гэж харж байгаа.
-Зургадугаарт: байгалийн баялаг гэдэг нэр томъёоноос бид татгалзах ёстой. Энэ асуудалд Ерөнхийлөгчтэй нэг долгион дээр байгаа. Юу вэ гэвэл баялагийн санг байгуулах тухай асуудал. Баялагийн сангаар дамжуулж иргэдэд шударгаар хүртээх явдлыг бид зарчмын хувьд зөв гэж харж байна.
Энд дурдагдсан  байр суурь АН-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн оноо авах гол саналууд болж  УИХ-д өргөн баригдах магадлалтай.  Хэрэв ингэж харвал  одоо яригдаж байгаа төслөөс зарчмэн нэлээд зөрүүтэй саналууд орж ирж мэдэх юм. Тухайлбал,  орон нутгийн эдийн засгийн эрх мэдэл гэхчлэн.
Эдгээр дурдагдсан санал дээр Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талаар АН-ын зөвлөл нэмэлт санал гаргах магадлал бий. Гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг АН анхааралтай авч үзэхээ илэрхийлж байсан удаатай. МАН-ын гишүүдийн төсөлд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахаар  туссан бол Ерөнхийлөгч энэ талаар тухайлсан санал гаргаагүй.  Тэгэхээр АН-ын зөвлөл энэ тухайд МАН-ыг санал дэмжих гэхчлэнгээр авах гээхийн үүднээс хандсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналаа өргөн барих биз ээ.

М.Нэргүй

Эх сурвалж: Zaluu.com 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.