Хар тамхины “харанга” нөмөрлөө

Мансууруулах бодисын хэрэг­лээний асуудал нь хүмүүсийн амьдрах хэв маяг, эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй, улс орны нийгэм эдийн засгийг ч хямралд оруулж болдог. Тэрчлэн нийгмийн гаж үзэгдэл болох хулгай, дээрэм, бусад гэмт хэрэг гарах, ажилгүйдэл үүсэх эх уурхай болдог. Мансууруулах бодисын най­маа нь үндэстэн дамнасан гэмт хэргийн тэргүүн эгнээнд хэдийнэ бичигдэх болсон бөгөөд энэ хууль бус наймааны сүлжээ ороогүй улс үндэстэн бараг үлдсэнгүй.

Хууль бус цагаачлалаас гэмт бүлэглэлүүд жилд 3.5 тэрбум долларын ашиг олдог бол мансууруулах бодисын бизнес нь жилдээ ойролцоогоор 500 тэрбум ам.долларын эргэлттэй гэж НҮБ шинжээчид тооцоолсон байдаг бөгөөд 3-40 хувийн цэвэр ашиг олж авдаг байна. Хоёр том гүрний дунд оршдог, хүн амын тоо цөөн, амьдралын түвшин доогуур, ядуурал ихтэй манай улсад үндэстэн дамнасан уг гэмт хэргийн сүлжээ хэдийнэ нэвтэрсэн гэхэд болохоор болжээ.

Үүнийг сүүлийн хэдхэн жилийн дотор улсын хил дээр болон өөр улсын нутаг дэвсгэр дээр мансууруулах бодис авч, зөөвөрлөж явж байгаад баригдсан монголчуудын тооноос харж болно. Үүнээс гадна мансууруулах бодис хэрэглэх, нэг нь нөгөөдөө худалдах зэргээр дотоодын сүлжээ ихсэж, үүнд нийгмийн бүхий л давхарга, бүх л насныхан орооцолдох болжээ.

Мансуурах донтой нэг хүн дөрвөн хүнд өөрийн энэ байдлыг ухуулан сурталчилж уруу татдаг гэсэн дүгнэлт байдаг. Тэгэхээр оюутан залуус, ЕБС-ийн сурагчдын дунд ч мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

Үүнийгээ дагаад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгэл авах нь нэмэгдлээ. Өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдэл, гэнэн итгэмтгий эсвэл сониуч зангаасаа болж, гэмт хэрэгт сэжиглэгдэн, яллагдагчаар татагдаж байгаа ч тохиолдлууд олон байна. Тиймээс сэрэмжлүүлэг болох үүднээс өнгөрөгч онд нийслэлийн шүүхүүдэд шийдэгдсэн энэ төрлийн гэмт хэргүүдийн талаас түүвэрлэн хүргэхийг зорилоо.

“АРХИ ҮНЭРТЭХГҮЙ МӨРТЛӨӨ МАНСУУРСАН”

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 2011 оны хоёрдугаар сард 26 настай эрэгтэй Э-д холбогдох хэргийг шүүн тасалжээ. Э нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “Каннабис” хэмээх ургамлыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э мэдүүлэгтээ “Би гэртээ байж байтал миний гар утас руу Ө гэх залуу яриад бид уулзсан. Тэгсэн Ө “би тэнэг болчихсон байна уу?” гэж асуухаар нь “яасан” гэхэд “Манай найз Сэлэнгээс ирсэн өвс авч ирээд бид нар сая караокед орж татсан” гээд намайг татаж үзэх үү гэхээр нь би байгаа юм уу гэхэд байна гэсэн. Тэгээд буудалд орж татаад, гарч явж байхдаа би надад жаахан байвал өгөөч гэж гуйгаад авсан. Тэгээд би шууд гэртээ ирээд байж байгаад, орой 21 цагийн үед гэрээсээ гараад зүс таних хоёр хүүхдээр найзыгаа дуудуулахаар гэрийг нь зааж өгөөд явуулсан.

Тэгсэн чинь хоёр цагдаа ирээд, биед үзлэг хийгээд авч явсан” гэжээ. Тэднийг шалгасан цагдаа “Цэцэр­лэгийн хашаанд 3 залуу сэжиг бүхий зогсож байхаар нь очиж шалгахад 20 орчим насны залуу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй мөртлөө хэл ам нь ээдрээд хэвийн бус байхаар нь биед нь үзлэг хийсэн чинь ямар нэгэн эд зүйл гараагүй. Насанд хүрээгүй нэг эрэгтэй хүүхдийн халааснаас нь 0.33 граммын цэвэр усны савыг бөөрөн дээр нь цоолчихсон, цагаан өнгийн өвс мэт гялгар ууттай зүйл гарч ирэхээр бүгдийг нь аваад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан.

Тэгэхэд халааснаас нь усны сав, өвс гарч ирсэн хүүхэд 20 гаран насны залууг заагаад “энэ ах түрүүн саванд хийгээд татаж байгаад та нарыг ирэхэд надад өгчихсөн юм” гэж хэлсэн. Бид 2-ыг очиход гадаа харанхуй байсан ба яг татаж байгаа харагдаагүй архи үнэртэхгүй мөртлөө нэг сонин яриад байсан. Цэвэр усны савны ёроолд жоохон ус байсан ба усны саван дотор цэнхэр утаатай байхаар нь үнэрлээд үзтэл эхүүн үнэртэй байсан” гэж мэдүүлжээ.

Шинжээчийн дүгнэл­тээр Э-гээс хураасан бор шаргал өнгийн ургамлын хатсан навч, иш, үр мэт зүйлд хий­сэн шинжилгээгээр каннабинол, дельта-9, тетрагидроканна­бинол зэрэг хүний сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодисууд каннабинонууд илэрч, “каннабис” ургамал болохыг тог­тоожээ. “Каннабис” бол мансуу-руулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтад байдаг. Харин шүүгдэгч болон гэрчүүдийн цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх сэжигтэй агуулга илрээгүй байна.

Иймд Э-г мансууруулах бо¬лон сэтгэцэд нөлөөлөх бодис “Кан¬набис” хэмээх ургамлыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар гурван сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэх тогтоол гаргажээ.

ХЭЭРЭЭС “ЗЭРЛЭГ ОЛС” ТҮҮЖЭЭ

Харин Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрөгч оны гуравдугаар сард ОХУ-ын иргэн 35 настай Л.А.А-д холбогдох хэр­гийг шүүн тасалжээ. Тэрбээр 2010 оны есдүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ айм­гаас кан­набинол, дельта 9 тетра­гидро­каннабинол буюу мансууруулах төрлийн ангилалд багтах ургам­лыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хамтран амьдрагчийнхаа гэрт хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Гэрчийн мэдүүлэгт «А» гаднаас ганцаараа бага зэрэг согтуу байдалтай, гартаа 20-25 см харьцаа­тай шажигнадаг гялгар ууттай зүйлийг авч орж ирсэн. Гялгар уутан доторх зүйл нь шинэ, их хурц үнэртэй зүйл байсан. Амыг нь онгойлгоогүй байхад өрөө тасалгаагаар дүүрэн хурц үнэр гарч байсан.

Би энэ юу юм гэхэд өвс гэсэн. Орой нь гэрээс хурц үнэр гараад байсан тул найз руугаа залгаж, тэр нөхөртэйгөө ирээд цагдаа дуудсан” гэсэн бол өөр нэг гэрч “Шүүгээн дээр тараагаад тавьсан өвс харагдсан. Тэгээд цагдаад дуудлага өгсний дагуу цагдаа нар ирээд өвсийг хурааж аваад явсан” гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр хураагд­сан өвс нь дээрхтэй адил каннабинол дельта 9 тетрагидроканнабинол болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Л.А.А-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн сарын хугацаагаар баривчлах ял шийтгэжээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 2011 оны зургадугаар сард 34 настай Э-д холбогдох хэргийг шүүн тасалсан бөгөөд тэрбээр мөн Төв аймгийн нутгаас “каннабис” буюу “зэрлэг олс” гэх ургамлыг түүж, үүнийгээ Баянзүрх дүүргийн тоот байранд хатааж бэлтгэн, товч хэлбэрт оруулан өөрөө хэрэглэсэн, НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад орж бичигдсэн сэтгэцэд нөлөөлөх бодис агуулагдсан олсны төрлийн ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан хэрэг үйлдсэнийг нь тогтоож, ял шийтгэлийг нь ногдуулжээ.

“ТАТАХААР ӨВЧНӨӨ МЭДРЭХЭЭ БОЛЬЧИХДОГ
Мансууруулах бодисын хэрэг­лээ урлагийнхан, рок хөгжим сонирхогчдын дунд тархсан гэсэн яриа үнэн гэдгийг дараах хоёр хэрэг харуулж байгаа юм. Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хөгжимчин мэргэжилтэй, 27 настай эрэгтэй Б-д холбогдох хэргийг шүүсэн байна. Шүүгдэгч Б дээр дурдсан сэтгэцэд нөлөө¬лөх ургамлыг бор­луулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт “Би өмнө нь танилцаж байсан Х гэдэг залуугаас гадаад явлаа гэхээр нь өөрт нь байсан жаа­хан гялгар ууттай өвс гэж нэрлэдэг хатаасан ургамлыг авсан. Энэ өвсийг татаж үзсэн ба татахаар биеийнхээ өвчинг мэдрэхээ больчихдог юм. Би ууланд явж байгаад унаж нуруу, хөлөө хугалж гэмтээн 2 жил гаран хэвтэрт байсан ба одоо хааяа бие их өвддөг учраас тэрэнд нөлөөлөөд өвчин намдаадаг болохоор нь татсан юм” гэж ярьжээ.

Түүний дүү нь “ах байнга л эм ууж өвчнөө намдаадаг, бие нь их өвддөг. Ууланд явж байгаад унаад нуруу хөлөө гэмтээн 2 жил хагас хэвтэрт байгаад боссон. Ах хөгжим бүжигт байхаасаа рок сонирхдог байсан. Би үнэхээр жирийн тамхи биш байна гэж нэг хоёр удаа бодож байсан. Түүнээс татаж байхыг нь хараагүй. Хогийн ургамал шатаахад гардаг утааны үнэр үнэртэж байсан” гэжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оноосон байна.

Мөн тус дүүрaгийн шүүхэд өнгө¬рөгч оны гуравдугаар сард 20 настай эрэгтэй З-д холбогдох мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хадгалсан хэргийг шүүжээ. Тэрбээр дуу бичлэгийн студи ажиллуулдаг, хамтлагтай байсан аж. Түүний хэтэвчнээс хар ногоон өнгийн нунтагт каннабис ургамал болон дронабинол нийлэг эмийн найрлага дахь сэтгэцэд нөлөөлөх үндсэн компонент болох дельта-9 тетрагидроканнабинол гарсан байна. Шүүх шүүгдэгч З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял шийтгэсэн байна.

“НИЙЛЭЭД БАЙГАА “РОК” ЗАЛУУ НЬ ИЙМ БАЙДАЛД ОРУУЛСАН”

Тус дүүргийн шүүхэд өнгөрөгч оны нэгдүгээр сард 22 настай эмэгтэй З, 20 настай эрэгтэй Б нарын оюутнуудад холбогдох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэргийг шүүн тасалжээ. Шүүгдэгч Б нь мэдүүлэгтээ “Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр би УИД-ын урд талд байдаг том ил зурагтаар хөл бөмбөг үзэж байхад нэг танихгүй залуу намайг “чи өвс сонирхож үзэх үү” гэсэн.

Тэгээд надад хуйлсан 20 төгрөг, цаасанд ороосон бага зэрэг өвсөө өгсөн. Би анх татаж үзээд муухай санагдаад би дахиж татаагүй больсон. Тэр хүн гаансны оронд 20 төгрөгийг хуйлж орлуулдаг гэж хэлж байсан. Би тэр залуугаас авсан зүйлээ гэртээ шүүгээндээ хийгээд мартсан байсан тэгээд гэнэт санаад, сарын дараа 8 сард хаях гээд халаасандаа хийгээд явж байхад З-тай таарсан. Тэр надаас чамд өвс байгаа гэсэн байна уу гэхээр нь түүнд өгчихсөн” гэжээ.

Шүүгдэгч З “Б-д өвс байгаа талаар байрны хүүхдүүдийн ярианаас сонссон. Би тэр өвсийг аваад маргааш нь цүнхнээс эвгүй үнэр гараад байхаар нь хаячихсан юм. Надад өгсөн тэр хорин төгрөг, тугалган цаас цүнхэнд үлдсэн байсныг нь мэдээгүй. Би өөрөө мансууруулах бодис болон өөр тийм зүйл хэрэглэдэггүй, хэрэглэж үзээгүй юм. “Монгол шилтгээнд” болсон “Плэй тайм” шоу дээр цагдаа миний цүнхийг шалгахад хэрэгт хураагдсан зүйл миний цүнхнээс гарсан” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч З-ийн ээж “Миний охин зан аашны хувьд дуу муутай номын, цайлган, ямар нэгэн муу санаагүй хүүхэд. Саяхнаас нэг “рок” залуутай нийлээд 1 сарын өмнөөс үсээ сонин байдлаар засуулаад рокуудын цугларалтанд явдаг болсон. Тэр нийлээд байгаа “рок” залуу нь ийм байдалд оруулж хорлох гэж зориуд тийм юм өгсөн байх.
Тэр залуу нь хувиараа бичлэгийн студи ажиллуулдаг гэж сонсогдсон” гэсэн байна.Тус шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б-д таван сар, З-д дөрвөн сарын баривчлах ял шийтгэжээ.

Мансууруулах бодисын гэмт хэрэг шүүхээр шийдэгдэж бай­гаагийн цөөхөн жишээ нь энэ. Гэтэл үүний цаана илрээгүй, энэ мэтээр биедээ авч явж, хадгалж байгаа олон тохиолдол бий гэдэг нь худал биш. Харин дээрх байдлаар өөрсдийн сониуч зан, түр зуурын шохоорхол, болгоомжгүй үйлдлээрээ сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ шүүхийн танхимд яллагдагчийн ширээнд сууж, Монгол Улсын нэрийн өмнөөс ял шийтгэх тогтоол уншуулж, хэрэгтэн болж байгааг анхааруулахыг зорилоо. Мансууруулах бодисын гэмт хэрэг, нийгмийн бугшмал гажуудлыг цаашид тогтмол сэрэмжлүүлж байх болно.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих