Азтай нь амьдардаг орон юм уу, энэ Монгол Улс чинь

1-ulaanbaatar-2-eХичээлийн шинэ жил эхлэхэд cap гаруйхны хугацаа үлдлээ. Өчигдрөөс эхэлсэн цэцэрлэгийн цахим бүртгэл азтай аав, ээжүүдийг баярлуулдаг бол азгүйг нь бухимдуулдаг. Ийм бухимдал эхнээсээ цахимд хөвөрч эхэллээ. Арга ч үгүй. Хэвийн амьдралын зарчим алдагдаж хэмжээтэй, сугалаатай нийгэм бэхжиж байгаа энэ үед азтай нь амьдардаг орон юм уу, Монгол Улс гэх урвуу бодол хэнд ч төрнө.

Тухайлбал, бидэнд сугалаагүйгээр амьдрах боломж бараг л үлдсэнгүй ээ. Наадмын үзвэрийн тасалбар авахдаа, хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа, газар өмчлөхдөө, орон сууц түрээслэхдээ, НӨАТ-аас хувь хүртэхдээ, дэлгүүрээс хүнс авахдаа, ШТС-аар үйлчлүүлэхдээ, виз хүсэхдээ сугалаанд оролцож аз одоо шалгуулдаг болов. Энэ бүхнийг “Зөв”, “Шударга тогтолцоо”, “Үүнээс өөр аргагүй”, “Энэ л ардчилал” хэмээн дөвийлгөн сайшаах иргэд бий ч гурван сая хүнийг сугалаанаас арай дээр амьдрах орчин нөхцөл бүтээн байгуулж чадахгүй эрх баригчдыг энэ удаад мяалахаас өөр арга алга.

Ялангуяа, сүүлийн жилүүдэд хэн нь багтдаг нь мэдэгдэхгүй, “шударга шалгаруулалт” гэх гоё пайзтай сугалаа олширлоо. Бүх зүйл сугалаагаар шийдэгддэг энэ зарчим нийгэмд шударга ёсны үнэлэмжийг доошлуулав. Төрийн байгууллагаас эхлээд хувийн хэвшлийнхэн сугалааны зарчмаар иргэдээ “хуурдаг” байдалд амтшив. Эхэндээ сугалаатай бүхэн сонирхолтойн дээр Монгол хүний аливаад аз, ёндоогоо үзье гэдэг сэтгэхүй, муйхар сүсэгт тохирч байв.

Гэтэл явцдаа сугалаа гэдэг үлгэрт итгэх итгэл алдарч олныг бухимдуулах хэлбэр боллоо. Өнгөрсөн он жилүүдэд цонхны цаанаас долоолгох чихэр мэт хуурсан энэ олон сугалаанаас хэчнээн иргэн хожив, шударга байгааг нь хэн үнэлж байгаа нь тун бүрхэг. Өөрөөр хэлбэл, төгс зохион байгуулж чадахгүй ажлаа сугалаа гэх нэрийн доор буух эзэн, буцах хаяггүй замхруулдаг жишиг тогтлоо.

Үүнийгээ “Одоогийн нөхцөлд энэ бол харьцангуй шударга зүйл шүү дээ. Сугалаагүй бол хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж олон хоног дугаарлаж мэдээж арын хаалга хахууль өгч байж өгнө, сугалаагүй бол Буянт-Ухаагийн байранд орох, хамгийн байршил сайтай газрыг авах асуудал бас л хэн танил талтай, хэн хахууль өгсөнд нь шийдэгдэнэ. Тиймээс сугалаа бол харьцангуй дэвшил” хэмээн ам тагладаг төрийн алба завхруулагчид олон. Үнэхээр бүхнийг сугалаагаар шийдэх нь амар, хялбар, шударга байгаа бол төрийн албаны орон тоог бууруулъя.

Газрын албанд, боловсролын салбарт, худалдаа, бизнесийн чиглэлийн бодлого боловсруулдаг яам, тамгын газар, хороо дүүрэгт татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад сандал бөглөдөг алба хаагчид хэрэгтэй юм уу. Сугалаанд бүртгүүлсэн эцэг эхэд шалгарсан үгүйг нь мэдэгдчихдэг хэд гурван програмист, админ, сайт хөгжүүлэгчид л байхад хангалттай юм биш үү. Ингээд Монголд өнөөдөр ч амь бөхтэй оршиж иргэдийг улаан шугамны урд багтах уу, хойно хасагдах уу гэдгийг шийдсээр байгаа сугалааны төрлүүдийг хүргэе.

НООСНЫ ҮЛГЭРИЙГ САНАГДУУЛАМ НОСК-ИЙН СУГАЛАА

Буянт-Ухаа орчимд нийслэлийн хамгийн азтай, одтой, бурханд ивээгдсэн буянтай иргэд амьдардаг гэчихвэл хэтрүүлсэн болохгүй ээ. Энэ бүс нутагт сугалаанд хэт ёндоотой, хийморь сэргэлэн, суудал өнцөгдөөгүй иргэд амьдрах магадлал өндөрссөөр л байна. Хэт азтай иргэнд чиглэсэн хотхон, хороолол баригддаг жишиг тогтов. Ийм орон сууцыг анх ТОСК эхлүүлж Буянт-Ухаа хорооллыг барьсан байдаг бол НОСК-ийн үед ч мөн энэ байдал арилсангүй ээ.

Тун ч олон үзүүлэлтээр нь шүүж, харьцуулж иргэдийнхээ азыг үзэхдээ гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг, жил, орд, нас хүйс, ахуй байдлын үзүүлэлт, амжилт бүтээл, хүүхдийн тоо, хүйсийн харьцаа, өр зээл, нийгмийн гарал үүсэл зэрэг бүртгэлийн сайт руу нь орохоос ч залхуу хүрэм олон үзүүлэлтээр нь шүүж шигшинэ гэж байгаа.

Хямд үнэтэй, богино хугацаанд төлбөрөө төлж эзэмшиж болох, орлого багатай иргэдэд зориулна гэх мэт байртай болохыг хүссэн бүхний сэтгэлд нийцэж, мөрөөдлийг өдөөсөн пиартай түрээсийн орон сууцны сугалаа одоогоор Монголын хамгийн отгон, эрэлт ихтэй, оролцогч олон, өндөр хүлээлт үүсгэсэн сугалаагаар нэрлэгдэж байна. Харганы толгой дахь ноос түүж томоод найзыгаа авардаг үлгэр шиг НОСК-ийн түрээсийн орон сууцны сугалаа “Шударга болно” гэх өнөөх л танил дотно шошготой.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬГҮЙН ХАРИУЦЛАГААС ЭРХ БАРИГЧДЫГ ЗУГТААЛГАСАН СУГАЛАА

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнөөс эрчээ авсан цэцэрлэгийн сугалаа эрх баригчдыг хариуцлагаас бүрэн зугтаалгасан сайхан жишээ. Иргэд ч сугалааны байдалдаа дасаж азтай нь хүүхдээ цэцэрлэгт өгч азгүй нь гэртээ цоочилдог сүүлийн дөрвөн жилийн хэв маягтаа дасав. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулахыг шаардахаасаа өмнө сугалааны тов хэзээ гарахыг сурагладаг болов.

Хөөрхий минь гэж, ийм болтол нь биднийг хомсдолд дасгаж чадаж байна аа. Тухайн үедээ хамгийн дуулиантай эхэлж байсан “Цэцэрлэгийн сугалаа”-наас бид юу хожив. Зуу зуун эцэг эх цэцэрлэгийн гадна хонон өнжин дугаарлахаа л байчихсан болохоос боловсролын хоцрогдолтой хүүхдийн тоо буураагүй, нэмэгдсээр байгаа эмгэнэл цэцэрлэгийн сугалааны ард байсаар. Эрх баригчид иргэд, цэцэрлэгийн насны иргэнээ ийм байдлаар хэдэн жил доромжлох вэ.

Цэцэрлэг мөрөөдөж урт дараалалд зогсдоггүй болсон гэх өнгөцхөн гоё тайлбараар хэдий болтол цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлаа халхлах вэ. Өчигдрөөс эхэлсэн 2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл цахим орчинд иргэдийг бухимдуулаад эхэллээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 20 хороо байгаагаас 2-5 насны 30 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олж авч чадахгүй, гэртээ цоожлуулахаар дүн гарчихжээ.

Жил бүр мэндэлж буй бяцхан үрсэд ч хамгийн их хамаатай болчихсон сугалаатай боловсролын тогтолцоог шинэчлэхгүй бол таван настай хүүхэд бүртгэж авах цэцэрлэг өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороонд байсангүй ээ.

ЗАДГАЙ ТАЛБАЙН ЗАД ХЯМДРАЛ БУЮУ МОЛИГО СУГАЛАА

Ийм молиго үмхүүлж ашиг орлогоо нэмэгдүүлдэг аж ахуйн нэгжүүдийн тэргүүн магнайд “Номин холдинг” нэрлэгддэг. Монгол орон даяар хэрсэн хамгийн олон салбартай тус компаниас байсхийгээд л “Тэрбумтан” сугалаа гэх худалдан авалтын шуурга дэгдээж иргэдийг молигоддог. Ингэхдээ “Номин”-гийн сүлжээ дэлгүүрээс хийсэн худалдан авалтынхаа 50 мянган төгрөг тутамд нэг ширхэг сугалаа авдаг бөгөөд сугалааны тохирлын үеэр Номин Юнайтед Их дэлгүүрийн гадаа талбайд ёстой л бум бужигнадаг.

Хүнсний худалдааны “дайн” “Номин”-гийн сугалаагаар үргэлжилдэг ээ. Хамгийн хөгийн нь юу юугүй хугацаа нь дуусах гэж байгаа агуулах дүүрэн барааг ийн хямдруулдаг. “Номин” шиг сугалаагаар молиго үмхүүлээд иргэдийн халаасыг сэгсэрдэг үндэсний компаниуд байсаар л.

Тухайлбал, “Таван байр сугалаат хөтөлбөр”, “Цахим гүйлгээ хийгээд 14 хоног тутам азтан болоорой”, “Дансаа цэнэглээд 10-1000 хувийн бонус аваарай”, “Супер азтан шалгаруулах Хаврын синдром урамшуулалт худалдаа”, “Азтай 300 хэрэглэгчийг Япон орноор аялуулна”, “Тэрбумтан сугалаат худалдаа”, “Бэлэн гоймонгийнхоо тагийг цуглуулаад сугалаанд оролцоорой”, “Аз дагуулсан 10 долоо хоног”, “Хүүхдийн живх”-ний уутаа цуглуулж авчраад нэгийг аваарай гэх мэт. Утсандаа нэгж хийхдээ, банкаар үйлчлүүлэхдээ, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа сугалаанд оролцдог болсоор өнө удав. Сугалаанаас үнэнийг хэлэхэд, иргэд залхав.

ЭЗЭН НЬ ХЭН БОЛОХ НЬ БҮРХЭГ НӨАТ-ЫН СУГАЛАА

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж, иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ. Гурван жил үргэлжилж байгаа НӨАТ-ын сугалаа өдгөө Монголд явагдаж байгаа хамгийн өндөр хонжвортой, хамгийн олон азтан шалгаруулдаг татварын буцаан олголт гэхэд болно.

Гэвч харамсалтай нь мөн л шударга зарчмаар супер азтанаа тодруулдаг нь мөн л эргэлзээтэй. Ингэж хэлэхийн учир нь 20 мянган төгрөг хожсон азтанууд нь тодорчихдог хэр нь 400 сая төгрөг хожсон азтан нь тодроогүй “но”-той.

ИРГЭН БҮР ГАЗАР ӨМЧИЛНӨ ГЭХ ГОЁ ҮГ СУГАЛААНЫ СИНДРОМД ДАРАГДАВ

Монгол Улсын иргэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 0.7 га газар өмчлөх боломжтой болсон. Хүн бүрийг баярлуулсан энэ мэдээлэл азтануудад л хамаарав. Сануулбал, нийслэлийн 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 2015 онд цахим хэлбэрээр зохион байгуулсны үр дүнд азтай нь хотын төвөөс хол, ойр нь хамаагүй ч газартай болсон юм. Үүний араас зуслангийн газар өмчлүүлэх ажлыг мөн л сугалааны хэлбэрээр зохион байгуулсныг дурдъя.

Сугалаагүй үйлчилгээ, азтангүй төрийн ажил гэж байхаа больсон энэ улсад сугалаагаар шийдэгддэг ахуй, ажлын бүтэц шинэчлэгдэхгүй л бол өөрийн итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэлдээ найддаг иргэдийн тоо буурах нь ээ.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

 

 


URL:

Нэр: irgen Огноо: 23 July 2019

Бүхнийг шүүмжлэгч бузар сэтгэлээр ийм юм бичихийн энэ М.Мөнхтунгалаг сэтгүүлч. Уг нь сэтгүүлч нар соён гэгээрүүлэх үүрэгтэй биз дэ. Гэтэл харин эсрэгээрээ нийгэм, ард иргэдийг эсэргүүцэл тэмцэл, хэрүүл маргаанд турхирагч гол үүрэг гүйцэтгэдэг болжээ.
Байгаа нөхцөл боломжиндоо төр засаг нь тохируулан ажиллаж байгаа бусуу. Бүгдийг нь тэр цэцэрлэг, орон сууцанд нь хамруулах боломжгүй байгаа болохоороо л ийм зохицуулалт хийж байгаа шүү дэ.
Тэгээд ч ер нь ард иргэдэд хэтэрхий төр засаг харж үзэх ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэхүй суулгаад байгаа юм бишүү.
Шүүмжлэх сэтгэхүйгээсээ салчаач.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.