Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

712-1563925046bbfd8675e29d852281e388bac74af75730de2a5b

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга,  ХХ зууны манлай бөх Х.Баянмөнхийг “Нэгдүгээр хүн” буландаа урьж, ярилцлаа.

-Баяр наадмын тухай яриа хуучирдаггүй, дараагийн наадам болтол яригдаж л байдаг.  Энэ жил монгол түмэн минь шинэ аварга төрүүлж сайхан наадлаа.  Та сайхан наадав уу.  Наадмын тухай, ялангуяа бөхийн тухай ямар бодол, сэтгэгдэлтэй  байв даа?
-Энэ жилийн наадам сайхан боллоо.  Бөхчүүд маань бэлтгэлээ сайн базаасан байна. Ер нь бөхийн бэлтгэл гэдэг бурхнаас өгч буй даалгавар юм шүү дээ.  Ард түмнийхээ өмнө дэвнэ, бие хаагаа гайхуулна, зодог шуудаг, дээл хувцас гээд бүх зүйлээрээ монгол эр хүний дүр төрхийг харуулж байдаг.  Эргээд тэндээс ард түмэн эрч хүчийг авч, сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Энэ бол Монгол бөхийн нэг үүрэг юм.  Энэ үүргээ манайхан их сайн биелүүллээ.  Барилдааны тухайд ч шударга сайхан наадлаа.  Манай “Увс нуур” бөхийн дэвжээ наадмын түрүү авахын төлөө  л явдаг. Бусад даваануудад ач холбогдол өгдөггүй. Энэ жил улсын наадамд үлдэх байх гэж  итгэж найдаж байсан олон бөх маань уналаа. За энэ ч яах вэ. Манай дэвжээний хувьд амжилтаа ахиуллаа. Н.Батсуурь аварга маань үзүүрлэсэн. Зүүн талын магнайд Дархан аваргын дараа гарах эрэмбэтэй болж байна. Ер нь Э.Оюунболдыг би үзүүр түрүүнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Сайхан барилдаж түрүүллээ. Баяр хүргэхээс өөр аргагүй.
Мөн таван сайхан улсын начин төрлөө. Наадмын нээлт ч их сайхан боллоо. Монголчууд яг л ийм өвөрмөц түүхийн замаар явж ирсэн дээ.  Би өөрөө түүхийн ухааны хүн учраас наадмын нээлтийн учир байдал, зангилааг яг сайн тогтож үзлээ. Өвөрмөц нээлттэй, чамбай, шударга, маргаангүй барилдаантай сайхан л наадлаа даа.
-Долоогийн даваанд Н.Батсуурь аварга, С.Мөнхбатыг амласан. Дэвжээнийхээ бөхийг авсан нь ямар тактик байсан юм бэ?
-Энэ дээр их олон тайлбар явж байна. Н.Батсуурь аваргын аав Намсрайжав бид яг зэрэгцээд сууж байлаа.  Барилдааны эрэмбэ юм даа. Ц.Содномдаржаа, Э.Оюунболд  нар Улсын наадамд нэг түрүүлсэн.  Энэ жил түрүүлбэл аварга болно.  Тэгэхээр тэднээс гал гарсан барилдаан гарна. Нэгдүгээр тактик нь энэ юм. Хэрэв Н.Батсуурь өөр хүн аваад С.Мөнхбат аварга үлдсэн бол Ц.Содномдаржаа,  Д.Анар хоёрын нэгийг авах байсан болов уу. Тэгвэл барилдааны өнгө төрх бидний бодсон байдлаар үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болно.  Тийм байдлыг ч харсан байх.  Мөн зарим хүн Х.Батсуурь аваргыг П.Бүрэнтөгсийг авчих байсан юм гэж яриад байна.  П.Бүрэнтөгсийн хувьд энэ жил аав нь өөд болсон.  Сэтгэл санаа гундуухан, бэлтгэл муутай байгаа.  Тийм байхад нь дарамтлах ёс байхгүй. Ийм болохоор л Н.Батсуурь аваргын ам С.Мөнхбат дээр буусан байх гэж бодсон.  Ер нь бөхийг ам авч байхад нь  хажуугаас нь зааж, зөвлөж болдоггүй.   Асуугаад ирэхээр нь би “За өөрөө мэддээ” л гэдэг дээ.  Тэр л журмаар явсан.
-Амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ буянд яваа хүн дээ би.
-Баяр наадам хуучраагүй, түрүүлж үзүүрлэсэн, шинэ цол авсан бөхийн бай шагнал үргэлжилж байна.  Нэг үеэ бодоход бид Үндэсний бөхөө сайн дэмждэг болжээ.  Таны үед ямар байсан юм бэ?
-Бидний үед түрүүлсэн бөхөд 450 төгрөг өгдөг байлаа. Би арав түрүүлэхдээ мөнгөө цуглуулаад есөн мянга  гаруй болсон байдаг.  Түүнийгээ Монгол бөхийн өргөөнд хандивласан даа. Үүнээс гадна түрүү бөхөд гарын бэлэг гэж ирнэ.  Чихэр, боов, цай, дээлийн торго, шил  архи өгдөг.  Түүнийгээ наадам дууссан орой задалж, гэрт ирсэн зочиддоо хишгээ тараана.   Мөн идээний дээжнээсээ боов чихэр нийлүүлээд хөдөөний таньдаг мэддэг малчин айлууддаа сонинд боогоод явуулна.  Тэд ямар их баярлана гэж санана.  Эмээлтэй хазаартай морь өгснөөс л илүү юм болно.  Энэ нь Монгол бөхөд ирж байгаа их хүндлэл юм даа. Одоо ч энэ үргэлжилж байгаа.  Үүний зэрэгцээ хувийн компаниуд, нутгийн зөвлөлүүд Үндэсний бөхийг мундаг дэмжиж байна.  Энэ нь ч зөв л дөө. Ер нь Улсын наадмын үзүүр түрүүнд хүрнэ гэдэг энэ спортод ухамсарт амьдралаа зориулсны нэг шан юм.  Зүгээр нэг ажил, бизнес хийж байгаад ирээд наадамд түрүүлчихнэ гэж байхгүй.  Зөвхөн наадмын хоёр дахь өдөр гэхэд  долоон бөхтэй ноцолдож, тэднийг ялан дийлнэ.  Тэгж олон цаг  ноцолдохоор гарнаас гадна  хоёр хөл ч гишгэж чадахаа больдог.  Мэдрэхээ больдог. Тэгэхээр бөх хүн гэдэг хатуужилтай, бурхнаас заяасан чадалтай, ястай, махтай ийм л хүн байдаг.   Ийм хүн мөн үү, ясны бөх үү гэдгийг  наадам сорьдог юм шүү дээ.   Ер нь тэгээд улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүнд  нэг автомашин өгчихгүй бол ямар хэрэг байх вэ дээ.
-Та бөх байхын тухай сайхан зүйрлэлүүдийг хэлж байна.  Одоогийн бөхчүүд сэтгэлд таарах нь бий байх.  Таарахгүй  нь ч байгаа. Тийм ээ?
-Монгол хүн бөхөөрөө яагаад бахархаж байна гэхээр түүхийн хугацаанд бүхий л сайн сайхнаа энэ соёл уламжлалд шингээчихсэн юм шүү дээ.  Түүнийг сахиж, хамгаалж явах нь бидний  үүрэг.  Ер нь алдар цолтой бөх байна гэдэг өндөр хариуцлага юм.  Биеэ  зөв авч явахаас эхлээд хүн байх, өөрийн орон зайдаа ямар байх вэ гэдгээ ч бодох ёстой. Энэ талаар би шавь нартаа байнга хэлдэг. Миний шавь нар дунд “эвгүй” хүн бараг байхгүй дээ. Тэгээд ч хүн хүмүүжлээрээ л ажиллаж, амьдарч хорвоотой танилцдаг юм билээ.   Хүний хүмүүжил нэгдүгээр асуудал.  Дараагийнх нь эрдэм мэдлэг. Хүнтэй сайхан мэндэлдэг, биеэ зөв авч явдаг хүн цаанаа л сайхан харагддаг.  Тэр хүнийг олон залуу бөх харж байна.  Яг энэ бөх шиг болох юмсан гэсэн сэдэл тэндээс төрдөг.  Тэгж бид хөгжихийн зэрэгцээ, түүхэн уламжлал дархлаагаа хадгалж явна.  Би шавь нараасаа ийм энгийн зүйл шаарддаг.  Ахмад аваргууд бидний хувьд хойч үе, шавь нараа сайхан хүмүүжүүлэх өртэй юм шүү дээ.  Ингэж ойлгож байгаа.  Гэхдээ энэ дунд ёс зүйгээр тааруухан бөх ч бий.   Би үүнийг үгүйсгэхгүй.
-Энэ тухай асуусан нь Бөхийн холбооны хагаралтай холбоотой юм.  Энэ ер нь хэзээнээс эхлэлтэй, ямар үзэгдэл юм бэ?
-Бөхийн холбооны хагарал 17 жил үргэлжилж байна. Манай холбоонд ямар дутагдал байна гэхээр хуулийг хүндэтгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарахаар тэр хамаагүй гээд хогийн саванд хийчихэж байна.  Энэ мэтээр олон жил хоорондоо үзэлцлээ.   Энэ нь холбооны хувьд маш муухай үзэгдэл л дээ.  Уг нь аливаа үйл ажиллагаа нь  хууль шүүхийн өмнө  ямагт тэгш эрхтэй, түүгээр зохицуулагддаг байх ёстой юм.  Гэтэл холбооны үйл ажиллагаа хуулиас гадуур байгаа нь ямар ч   эрхзүйн чадамжгүй гэдгийг харуулж байна.  Наадмын өмнө гэхэд зургаан бөхийн допингтой холбоотой шүүхийн шийдвэр гарлаа.  Шийдвэрээр допинг хэрэглэснийг  зөв гээгүй.  Гагцхүү барилдах эрхийг хасч байгаа бөхийн холбоог хууль ёсны субъект биш гэж үзсэн.  Төрийн бус байгууллагын хуулиар бол дампуурчихсан газар гэж шүүх үзсэн.  Асуудал ийм л байгаа юм.   Сүүлдээ тэд аргаа барахаараа  “Өө энэ Х.Баянмөнх тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаацалдаж байна” гэж ярьж байна.   Тэр байшинг булаацалдсан нэг ч хүн байхгүй.  Засгийн газраас тогтоол гаргаад “Энэ Бөхийн өргөөг Х.Баянмөнхөд өг” гэсэн ч би авахгүй.   Монгол түмний босгосон байшинг  өмчлөх эрх хэнд ч байхгүй л гэж ойлгодог.
– Уг нь бид дотоод хэрүүл маргаанаас илүү бөхийн спортын хөгжилд анхаармаар байна. Япон гэхэд сүмо бөхөө яаж хөгжүүлж бай­гааг харж байна.  Ер нь бөхийн хөгжил маань уламжлалаа хадга­лаад явах юм уу. Эсвэл олон улсын бөхчүүдэд хаалгаа нээж, цаашаа явах уу.  Та юу гэж боддог вэ?
-Үндэсний спорт бол ард түмнийхээ сайн сайханы толь нь болж хөгжих ёстой юм. Японы сүмо гэхэд гаднаас бөх  оруулж байна. Сүмогийн ямар л ёс байна түүнийг ширхэг нэг бүрээр мөрдүүлдэг.  Тухайн бөхийн нэрийг хүртэл өөрчилдөг.  Манай бөх түрүүллээ гэхэд Монголын бөх гэж ярихгүй байгаа биз дээ. Японы туг намирч, сүлд дуу нь дуугарч байна. Тэгэхээр бид Үндэсний бөхдөө гадны тамирчин оруулж болж байна.  Гэхдээ ёс журмаа нарийн чанад сахиулах ёстой.  Дэвж шавж чадахгүй, гараа өргөөд гүйгээд байвал утгаа алдана биз дээ.  Тэгэхээр ёсоо мөрдүүлж чадвал гадны бөх орж ирэхэд буруудах юмгүй л гэж хэлмээр байна.  Ер нь дэлхийн чиг хандлагыг харахад Үндэсний спорт нь мэргэжлийн  чиглэл рүү орж байж л хөгжиж байна. Сонирхлын хүрээнд байгаа спортууд бол мөн чанар нь буурсаар л байна.   Үндэсний бөхийн арван дархлаа гэж бий.  Түүнийг л өөрчилж болохгүй болохоос биш үндэсний бөхөө огт шинэчлэж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ.  Тэгэхээр мэргэжлийн болох, шинэчлэгдэх гэдэг дээр бид ажиллах л цаг үе ирсэн байна.
-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөт үед ч хоорондоо үг хаялцаад л явна. Тэгээд л байж байх нь надад их сайхан байжээ. Энэ жил Мөөеөгөө үнэхээр үгүйллээ.
-Түрүүн та допингийн асуудлыг ярилаа.  Энэ жилийн наадмаар дээгүүр барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу удахгүй ирнэ.  Янз бүрийн зүйл яригдах л байх.   Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм болоо?
-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй.  Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ. Допинг гэдэг чинь маш хортой юм шүү дээ.  Хүний удам, генд гэмтэл учруулж байдаг билээ.  Тэр хэрээрээ манай үндэсний спортын соёл уламжлалыг ч алдагдуулна. Асуудлаа шийдээд нэг талд нь гаргахгүй бол бөхчүүдийн амжилт цааш явахгүй байна.
-Та Монгол бөхийн спортод эр чадал, уран мэхээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, яах аргагүй бөхийн спортын нэгдүгээр хүн нь. Үүний зэрэгцээ энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийж, эрдмийн зэрэг хамгаалсан даа. Энэ ажил тань хэзээнээс эхлэлтэй вэ?
-Цэвэр монгол бөхийн тухай шинжлэх ухааны ажил хийсэн хүн бараг байхгүй дээ. Монгол бөхийн түүхэн уламжлал, ёс суртахуун, ёс зүйг би судалсан.  Түүнээс гадна Монгол бөхийн амин чанар болсон 725 мэхийг гаргаж ирлээ. Үүгээрээ Х.Баянмөнх гэдэг хүн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.  Харин бүтээл минь Монголын ард түмний өмч болж үлдэж байгаа юм. Энэ мэхнүүдийг эрт дээр үеэс аав нь хүүдээ, ах нь дүүдээ, ард түмэн нь түмэн олондоо заагаад бүдгэрсэн ч, алга бололгүй үлдэж чадсан байна.  Үүнийг би 45 жил судалсан.  Мэхүүдийг зураг хөрөгтэй нь гаргаж, үлдээж чадсан.  Саяхандаа нэг хүн Монгол бөхөд 13 мэх байдаг гэж ярьж байсан.  Би 725 мэх байна гээд гаргаж ирчихээд байхад хүмүүс ийм л  хэмжээний мэдлэгтэй байна шүү дээ.  Бөхийн уран барилдаан мэхээр л илэрнэ.  Уран мэхийг уралдуулан барилдана гэж зарладаг.  Зарим судлаачид бөх бол мэх, мэх бол бөх ч гэж хэлсэн байдаг.   Тэгэхээр монгол бөхийн амин чанар нь мэх юм даа.
-Сүүлийн үед гол гол мэхүүд харагдахаа больсон байна.  Энэ чухам юутай холбоотой юм бэ?
-Дэлхийд ч тийм байдаг даа.  Мэх бол нэг хэсэг амжилтад хүрдэг.  Тэгээд удалгүй түүний хариу мэх гарч ирнэ.   Нөгөө мэхээ хийсэн хүнийг хариу мэх хийгээд унагадаг болдог.  Би 184 мэхний хариу мэхийг гаргаж ирсэн.  Мэх бүхэн хариу мэхтэй.   Бөхийн хөгжил нь нэг мэхээ нөгөөгөөр үгүйсгэж байдаг.  Өнөөдөр манайд Дамдиндорж гуайн сууж өмсөөд араар нь хөмөрдөг мэхийг хийж байгаа хүн алга байна.  Хэрэв одоо тийм мэх хийвэл захын бөх хариулаад хаяна. Тэглээ гээд нөгөө мэх устаж үгүй болохгүй.  Тэр мэхний үе арван жилийн дараа ч юм уу эргээд ирдэг.  Бөхийн спорт гэдэг амьтай мэт хувьсан өөрчлөгдөж байдаг юм шүү дээ.
-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй. Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ.
-Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох та бүхэн нэгэн үеийн сайхан бөхчүүд. Анх дэвжээнд гарч, алдар цолонд хүрэхэд хүндхэн  шалгууруудыг давж байсан болов уу.  Их л хүчтэй, ид бөхчүүдтэй нүүр тулан барилдаж байсан байх?
– Тийм шүү. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан,  Ч.Бээжин гээд сайхан аваргууд байсан.  Биднийг гарч ирж байх үед тэд маань 40 гаруйхан настай ид барилдаж  байлаа.  Б.Түвдэндорж гуай бол маш их бярдаж мэхээ хийнэ. Ш.Батсуурь, Ч.Бээжин нар  барьцтай, барьцгүй мэх хийдэг.  Мундаг мундаг мэхтэй хүмүүс байлаа. Ч.Бээжин аварга маань гараараа биш хөлөөрөө суйлчихдаг байлаа. Би  58 жил бөхийн талбар дунд явахдаа тэдний гараар орж, тэдэнтэй ноцолцож явсан минь надад зол байсан юм. Би унасан мэхээ, тэдний давсан мэхийг их тэмдэглэдэг байлаа. Түүн дээр үндэслээд судалгаагаа ч хийсэн дээ. Мөн Улсын наадамдаа хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ.
– Аваргууд маань бөхийн дэвжээг чимээд их л сайхан харагддаг.  Энэ жилийн наадамд Ж.Мөнхбат аваргыгаа их үгүйлсэн байх даа. Та хоёр маань нэгэн үеийн баяр наадмын дэвжээг ч эзэлж явсан хүчтэнгүүд шүү дээ?
-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөтэй үед ч хоорондоо үг хаялцаад л явна. Тэгээд л байж  байх нь надад их сайхан байжээ.  Энэ жил үнэхээр Мөөеөгөө үгүйллээ. Ялангуяа дархан аваргын шагналын үеэр маш их зүйл бодож зогслоо шүү дээ.
-Таныг Дэлхийн бөхийн од гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх шиг санагддаг.  Энэ ямар учиртай шагнал вэ?
– Мэдэхгүй байх нь аргагүй.  Монгол Улсад Дэлхийн спортын од болсон хүн цорын ганц байгаа.  Тэр нь би.  Би Чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнүүдэд арван жил дараалан медальт, шагналт байрт орсон. Таван олимпийн наадамд оролцсон.   Нэг мөнгөн медаль, хоёр тавдугаар байр, хоёр аравдугаар байрт орсон.  Энэ үзүүлэлтээрээ би Дэлхийн бөхийн од болсон.  Гэтэл тухай үед манай Чөлөөт бөхийн холбоо тэр шагналыг маань  дараад мэдэгдээгүй.  Дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгч Герман улсад  хуралд  суухдаа мэдсэн байдаг.  Дэлхийн бөхийн од гэсэн 100 хүний жагсаалтын 25 дугаар байрт байсныг хараад ирж мэдэгдсэн.  Тухайн үед олон түмэнд энэ талаар сайн мэдээлж чадаагүй.  Мөн түүнээс гадна би Самбо бөхийн дэлхийн аваргад таван удаа барилдаж, дөрвөн алт, нэг мөнгө медаль хүртсэн дээ.  Мөн сонгомол бөхийн Ази тивийн аварга болсон.  Ингээд  амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ хайр хишгийг хүртэж яваа хүн дээ.
– Та “Хагас зуун жилийн ган­цаар­дал” номоо гаргасан.  Нутгийнхаа онцлогийг уран сайхнаар төсөөлөн өгүүлсэн хэсгүүд хүмүүст их хүрсэн. Энэ жил та нутагтаа очив уу?
-Жил бүр нутагтаа хүрдэг. Удахгүй явах гэж байна. Хяргас нуурынхаа хөвөөнд амарна.  Намайг бүтээсэн, төрүүлсэн, сүнсийг маань өгсөн газарт очиж, залбирч мөргөдөг.   Хамгийн хүндтэй газар миний унасан газар. Ер нь хүн гэдэг байгалийн бүтээгдэхүүн юм.  Энэ утгаараа төрсөн нутгийн уулс, ус, ургамал, тэнд амьдарч байгаа хүн зоны амьдрал цаагуураа бүгд холбоотой. Ялангуяа бөх хүний хамгийн том шүтээн нь төрсөн газар нь байдаг юм даа.  Тэр газарт үүсч, тэр нутгийн уул ус, ургамал ногоогоор ундаалсаар энэ биеийг бий болгож амжилт үзүүлж байгаа.  Би өмнө “Хагас зуун жилийн ганцаардал” номоо бичиж хэвлүүлсэн.  Төрсөн нутгийнхаа уул, ус байгалийг түлхүү дүрслэн өгүүлсэн байдаг.  Одоо “Хагас зуун жилийн ганцаардал” номынхоо хоёрдугаар дэвтрийг мөн бичиж байгаа.
-Танд олон шавь нар бий. Харин ач зээ нараас тань удам залгах ямар бөх байна вэ?
– Миний ач зээ нар гээд зургаа, долоон хүүхэд байна. Бараг хоёр метр өндөр сайхан хүү байна.  Манай Гантогтохын хүү л дээ.  Бие хаа, гар хөл гээд ярих юмгүй бөх. Гэхдээ сайн барилдаж өгөхгүй юм.  Ер нь бөхийн удам яг эцгээсээ залгаж төрөх нь ховор юм байна.  Японд ч гэсэн тийм л байдаг.  Яг Монгол бөхийн түүх талаасаа ч эцгээсээ шууд төрсөн аварга байдаггүй юм билээ.
-“Увс нуур” бөхийн дэвжээ бол таны амьдралтай  салшгүй хол­боотой.  Наадамд түрүүлэх нь л бидний зорилго гэж та дээр хэлж байлаа.  Ер нь “Увс нуур” бөхийн дэвжээ бусад аймгийн дэвжээг үлгэрлэж авч явдаг юм шиг санагддаг шүү?
-Тийм шүү. Би “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулсан.  Түүний дараа “Шонхор” клуб  нээсэн. Мөн зэрэгцээд “Увс нуур” бөхийн дэвжээнийхээ үүд хаалгыг нээж байлаа.  Дээр үеийн наадмуудад Увсынхан барилддаггүй байлаа. Манай дээр үеийн том аваргууд Улсын даншиг наадам болох газраа олохгүй өчнөөн сар яваад буцаад харьчихдаг байсан тохиолдол ч  бий.  1960 оноос л Хайдав бид хоёр гарч ирээд хойноосоо олон бөх дагуулсан даа.  Увс нуур дэвжээгээ Улсын наадмын тэргүүн байрыг авах зорилготой байгуулсан.  Бөх­чүү­дийг бэлтгэл сургууль хийх газар, дасгалжуулагчаар хангаж ажил­ласан.  Х.Баянмөнхийн школ гэдэг зүйл байх ёстой гэж үзсэн л дээ.  Мөн манай дэвжээ бөхчүүдийн шагнал урам­шууллыг  ингэж өндөр болгож, тамирчдаа үнэлж, шагналын шанг татаж байлаа шүү дээ.  Манай нут­гийн бизнесмэнүүд ч сайн дэмжсэн дээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.