МАН олон түмний санал бодлыг сонсохоо больчхож

5087

 

Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бүр шулуудчихлаа. Дийлэнх гишүүд нь гэмт хэрэгт холбогдчихсон, түүхэн дэх хамгийн ёс суртахуунгүй энэ Их Хурал улсын тулгуур хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс зүйгүй гэж олон нийт шаардсаар байгаа ч өөрсдөдөө давуу эрх мэдэл бий болгохыг хүссэн энэ “энэ гэмт хэрэгтнүүд” бүр улайрчихаж.

Дайран дээр нь давс гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг 108 гишүүнтэй болгож бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох санал хүргүүллээ. Өнөөгийн УИХ-ын гишүүд олон түмний эсэргүүцлээс болоод баярласнаа илэрхийлж шоудахгүй байгаа ч арай олуулаа болж, хулгай хийх хугацаа нь нэг жилээр нэмэгдэж байгаад баярлахгүй байгаа гэвэл худлаа. Тэдний хувьд хуулийн хариуцлагаас ангид, хулгай зэлгий хийхэд хамгийн хялбар, мэдээлэлд ойр, хэн ч халдашгүй эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдэн, ангийн нөхдүүдээрээ өмгөөлүүлэн тарвалзаж байх шиг сайхан юм хаа байх билээ.

Харин олон нийтийн хүсэн хүлээж байгаа сонгогчид нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож эгүүлэн татах ч юм уу, хууль шүүхийн байгууллагын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, мөрдөн шалгаж байх, давхар дээл буюу УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг хавсран хийдгийг болиулах зэрэг парламентын гишүүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар эрх баригчид чимээгүй өнгөрөөж байгаад “олонхын саналаар” гээд орхигдуулахыг эрмэлзэж байгаа нь илт.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ерөнхийлөгчийн саналын тухайд олон улсын жишиг, хүн амын тоо зэргийг харгалзаад ингэж шийдэж байна. Үүнээс үзэхэд УИХ бүр 120 гаруй байхаар боловч харин ч ерөнхийлөгч 108 байхаар санал болгож байгаа юм хэмээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч өөрөө “Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхий нийтийн жишигт нийцсэн бодлого гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв” гээд хэлчихлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хэлэлцэх эрхгүй хэмээн амтай болгон шуугиж байхад эрх баригчид чуулганыг завсарлуулаад олон түмний санал бодлыг сонсоно, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг авна гэж айл амьтнаар дайлуулж цайлуулж орон нутгаар баахан хэсчихээд “Нийт иргэдийн 60 гаруй хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна” хэмээн худал залаад УИХ-ын ээлжит бус чуулган зарлав. Зургадугаар сарын сүүлийн хэдэн хоногт хэвлэлүүдээр ийм худал, өөрсдөдөө ашигтай баахан мэдээлэл цацав.

Ардчиллыг, Ардчилсан намыг яс махнаасаа үзэн яддаг, энэ улс оронд сөрөг хүчиндээ алдсан ганц том суудал дахь Х.Баттулгыг байнга хараан зүхэж байдаг өнөөгийн эрх баригч МАН-ынхан Ерөнхийлөгчийн саналыг сонсоод таг дуугүй болж ханцуй дотроо инээлдэн залбирч сууцгаана. Магад ч үгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад энэ 108 гэсэн тоог нь, бүрэн эрхийн хугацаа таван жил гэдэгтэй нь хамт гэнэт оруулаад баталчихыг үгүй гэх газаргүй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Түнхэл, Дулаанхаанд ажиллаж иргэдийн санал бодлыг сонслоо, иргэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна л гэнэ. Өнөөх “боов” М.Оюунчимэг УИХ-ын 64 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны иргэдэд төслийг зүйл, заалт бүрээр нь тайлбарлан танилцууллаа, Үндсэн хуулийн одоогийн заалтыг төслийн заалттай харьцуулан дэлгэрэнгүй танилцуулсан мэдээллийг авсныхаа дараа иргэд санал бодлоо илэрхийлэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж байв л гэнэ. УИХ-ын гишүүдийн ард иргэдтэй уулзсан, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулсан гэх энэ “сайхан” мэдээнүүдэд “танай парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй гэх юм уу, та нар тараач, ямар нүүрээрээ улсынхаа тулгуур хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм” гэсэн ганц хүний ч саналын тухай нэг үг, нэг өгүүлбэр ч байхгүй. Ингээд бодохоор эрхэм гишүүдийн хийсэн уулзалтад ийм бодолтой хүмүүсийг оруулдаггүй, зөвхөн намынхаа улаан гишүүдийг оруулдаг, эсвэл ийм үг хэлсэн хүнийг хөөж гаргаад, тэр үг өгүүлбэрийг нь мэдээ мэдээлэлд оруулдаггүй л гэсэн үг.

Ийм УИХ сайн ажиллаж байгааг гайхсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна гэсэн ерөөл магтаалын мэдээ өнөөгийн парламентын хулгайч, худалч гишүүн бүрийн нэрээр бараг бүхий л хэвлэлийг чимс

эн.УИХ дахь сөрөг хүчний АН-ын бүлэг, зөвлөлийн гишүүд ч ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Энэ намын гол төлөөлөгчид удаа дараа хэвлэлийн хурал хийж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж байгаа ч эрх баригчид, МАН-ынхан ёстой “нохой хуцах”-ын чинээ сонсохгүй байна.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат долдугаар сарын 1-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Төслийн талаар иргэд мэдээлэлгүй байгаа нь Үндсэн хуульд яаран өөрчлөлт оруулах нь буруу хэмээн үзэж байгаа. Учир нь, мэдээлэлгүй иргэд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал өгөх боломжгүй. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байна” гэж мэдэгдсэн. Үүнийг нь эрх баригчид тоож ч байгаа шинж алга.

Д.Эрдэнэбат гишүүн бас “Үндсэн хуулийг нэг намын бүлэг өөрчлөх эрхтэй юү. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ Үндсэн хуулийг ард нийтээрээ хэлэлцэж, батлах ёстой. Орж ирсэн төсөл бүгд батлагдаж, олонхын кнопоор явах ёсгүй. Үндсэн хуулийг хэлэлцэхэд бид мэдээж оролцоно. Гэхдээ нарийн харвал энэ Үндсэн хуулийг сөрөг хүчингүй өөрчлөх нь” гэж байна.

Эрх баригч нам, энэ намын гишүүн, парламентын гишүүд бүр юу ярьж байгаагаа ч мэдэхээ больсон нь энэ талаар тэдний ярьж хэлж байгаагаас харагдаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар удаа дараа ажилласан С.Чинзориг гэгч 1991 онд нийт ард иргэдийн 30 хувь нь ядуу байна гэж байсан. Өнөөдөр мөн л адилхан 30 хувь нь ядуу хэвээр байна” гээд л сууж байх жишээний. Тэр ядуурлыг бууруулах ажил албыг өөрөө эрхэлж байгаагүй юм шиг мэдэн будилж сууна. Өнөөх долдугаар сарын 1-ний аймшигт хэргийн үеэр Хуульзүйн сайд байсан этгээд Ц.Мөнх-Оргил гэдэг хүн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэнд талархаж байна” гэчхэж.

Зам тавьсан нэрээр хийсэн балаг нь өнөө хүртэл үргэлжилсээр байгаа Д.Дамба-Очир гэгч “Монгол төрийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг зарчмын хувьд дэмжиж байна” хэмээн монгол төрийн ажил муу байгааг хүлээн зөвшөөрөөд нөгөө талаар энэ нь Үндсэн хуулиас болсон гэсэн утгатай юм ярьж сууна.

Харин Монголын уран сайхны “Үер” кинонд гардагчлан “ийм л цагт овсгоотой хүн тэнгэрээс од шүүрдэг” гэгчээр МАХН-ын дарга Намбарын Энхбаяр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлаар болсон хэлэлцүүлэг дээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт онолын дагуу явагдах ёстой ч тийм байж чадахгүй байна. Парламент, Засгийн газар хоорондоо холилдсоноор Засгийн газарт парламент нь хариуцлага тооцож чаддаггүйгээс сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад хариуцлага тооцдог субьект гэж байхгүй болсон” гээд “Ерөнхийлөгч төсөлдөө парламентын гишүүдийн тоог 108 болгох гэсэн нь хэт олон. Манай намын зүгээс 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай парламент байх нь зөв гэж бодож байна. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй байхад хангалттай” гэчихлээ. Үүгээрээ тэр дахиад нэг оноо авч байгаа нь тэр.

Гэхдээ 76 суудлаас 64-ийг нь авсан МАН, өөрсдийг нь эрх мэдэлд хөтөлж оруулсан ч намыг нь таллан хувааж өнөөдөр сөрөг хүчин болоод байгаа, цаашид ч хүчтэй өрсөлдөгч нь байх МАХН-ын, түүний дарга Н.Энхбаярын саналыг харгалзана гэж үү дээ. Харгалзаж үзэх нь байтугай сонсоо ч үгүй, зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн нь ойлгомжтой.

“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон бүртгэлгүй 39 намын төлөөлөл, 20 орчим судлаач, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож үг саналаа хэлсэн. Энд яригдсан санал, үгийг өнөөгийн луйварчин эрх баригчид тоож сонсох ч үгүй, тусгаж хэрэгжүүлэн төслийг чуулганаар хэлэлцэхдээ тусгах ч үгүй. Харин тэдэнд хэчнээн удаа яриа хэлэлцүүлэг хийсэн, олон түмний, улс төрийн намуудын саналыг сонссон гэсэн баахан тоо л хэрэгтэй.

Улсын маань тулгуур хууль-Үндсэн хуулийг маань тээр жилийн дордохын долоон өөрчлөлт шиг болгочхоод хожим бид хэчнээн удаа хэлэлцүүлэг хийж, ард түмний хэдэн хувиас санал авч байж өөрчилсөн гээд баахан тоогоор толгой эргүүлээд сууж байхдаа бэлтгэж байгаа л нэг хэлбэр.

Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.