2012 он – Өмнөд Монголчуудын жил болох учиртай

Нэгдсэн Монгол улсыг байгуулахад оройлон оролцсоных нь 100 жилийн ой болно

1. Дэлхийн монголчууд нийлж Нэгдсэн Монгол улсаа байгуулжээ

Үндэсний ухамсар сэргэж, эрх чөлөөний тэмцлүүд гарах болсон, шинэ засгийн гэх колоничлолын хорт бодлого хэрэгжсэн, 1891 онд улаан малгайтны хядлага гарсан, 1895 онд Манж Чин, 1905 онд Орос Японтой дайтаад ялагдсан, 1904 онд Төвдөд Английн цэрэг цөмрөн орж, хоёр хөршийн талаарх ойлголт өөрчлөгдөхөд хүргэсэн гээд Нэгдсэн Монгол улсыг байгуулсан их хувьсгалын тохироонууд бүрэлдэж байсан билээ.

1905 онд Сун Ят Сэн нарын хятадын салан тусгаарлагчид “Харийнхны дарлалыг устгах хөдөлгөөн” гэдгийг байгуулахдаа харийнхан гэдгээ монгол гэж ойлгогдох ханзаар бичсэн, газрын эрхийг тэгшитгэнэ гэсэн нь Шинэ засгийн бодлогоос өөрцгүй байсан зэргээр дургүйцлийг төрүүлж асан тул Өмнөд Монголд эхэлсэн гэж болох монголчуудын ҮЭЧХ улам эрчимжжээ. Синхайн хувьсгалын нөлөөнд ч автан үүсээгүй, хэсэг нь ч байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.


1905 онд Далай ламд бараа болон явж байсан хүүг нь манж нар хэлмэгдүүлэн цаазалж, сүрдүүлэн номхотгох гэхэд нь тусгаар тогтнолын төлөөх үзэлтэн Чин ван Ханддорж жинсээ хага цохиж, монголчуудыг Манж Чингийн дарлалаас салгахын төлөө амь биеэ зориулна хэмээн андгайлж, тэмцлийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон билээ.

Энэ мэт зүтгэлтэн цөөнгүй байсан агаад 1907 онд Богдын ордонд зэвсэг хураан нуух болсон баримт буй. Улмаар халх, өвөрлөгч, барга, эх орончид сүлбээлэн бүлхэмдэж эхлэв. 1909 онд Богдын лүндэнд үндэсний эрх чөлөөний санааг оруулав. Монгол туургатан даяараа Богдод мөргөж, даяанчлан ирж хүндэтгэдэг, өргөл барьдаг асан тул түүний нэр нөлөөг  ашиглах нь багагүй ач холбогдолтой байлаа. Мөн дэлхийн гүрнүүдийн бодлогыг судалсны дүнд, Хаант Оросоос тусламж авах чигтэй болсон байв.

1911 оны зун монгол туургатан ноёд нууц уулзалт хийж, тусгаар тогтнолын асуудлыг нарийвчлан хэлэлцэв. 1911 оны эцсээр Учаний бослогын талаар шуурхай мэдээ сонсонгуутаа “Манж гүрнийг хамгаалах 5000 цэрэг татна” гэж амбан Сандоод мэдэгдэн, татлага эхлүүлж, эс дэмжсэн хариу өгөхөд нь: тэгвэл Манж Чингийн явдал бидэнд хамаагүй болжээ, тийм учир тусгаарлаж, урьдын төрөө сэргээнэ гэсэн байдаг.

Эзэнт гүрнийг юу хэлэх, юу хийхээ тодорхойлж амжаагүй байхад нь ийнхүү шийдвэр гаргасан нь урьдчилан боловсруулсан төлөвлөгөө хэрэгжсэн явдал байлаа. Улмаар хүрээнд 500-2000 цэрэг хурж (ихэнх нь Ханддорж вангийн нутгийнхан бөгөөд, мөн Оросын 300 казак цэрэг ирсэн байв), Хүрээ, Улиастайн Манжийн амбан, цэргүүд аргагүй бууж өгчээ.
Тусгаар тогтнолоо тунхаглаж, түр Засгийн газраа байгуулсан монгол туургатан язгууртнууд улсад нь зэргэлдээ бүх монгол зоны нутгууд хамрагдана гэдэгт огт эргэлзэхгүй байв.

“Нэг улс-нэг үндэстэн-нэг хаан” гэсэн  баримтлаптай байж, Өвөр Монгол, Барга, Ил тарвагатай, Хөх нуурын монгол ноёдод тусгаар тогтносон тухай мэдэгдэж, улс байгуулахад цэрэг хэрэгтэй хэмээн зарлаж, мөн тэр бүс нутгуудыг буюу хязгаар нутгуудыг хамгаална, чөлөөлнө гэж ойлгуулсан юм. Чингэхэд Барга, Өвөр монголын 38 хошуу /49-өөс/, Ил Тарвагатайн 26, Хөх нуурын 24 хошуу Богд хаант улсад нэгдэж буйгаа илэрхийлэн дагаж, цэрэг татаж, татвар гаалиа тушааж, холбогдох өртөөг байгуулах болсон билээ.

Нэгдээгүй ноёдыг шууд урвагч, дайсан гэж тодорхойлох нь учир дутагдалтай бөгөөд, зарим нь: нэгэнтээ Орос, Япон хоёр Монголыг нөлөөний хүрээндээ хуваасан байдал буй тул одоохондоо ийнхүү нэгдэх нь боломжгүй, бидний хувьд Японыг түшиглэх нь өлзийтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байсан бөгөөд тэдэнтэй ч Хүрээний ЗГ нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай байсан юм. Ар Монголоос тасарч, Хятадыг дагасан Балт ван зэрэг урвагчид ч байсан.

Хөлөнбуйрын баргууд 1912 оны эхээр бослого гаргаж, Дамдинсүрэн тэргүүтэй баатрууд шинэ Хятад улсыг сөрөн Монголд дагаар орж, хүчин зүтгэсэн. Хорчин хошууны Удай ван, Раашминжүүр ван, Насан-Арвижих ван, Найман хошууны Сүжигтбаатар ван нар Хүрээний тунхаг бичгийг аваад нууцаар хуралдан, улмаар нэгдсэн Монголыг байгуулахад идэвхийлэн зүтгэсэн байх жишээтэй. Хаант Орос улсаас буриад, халимагууд ч их үйл хэрэгт оролцон, нийт монголчууд хамтдаа бадраан мандуулсан их хувьсгал мөнөөс мөн билээ.

2. Их гүрнүүд эсэргүүцэж байсан ч Бүх Монголоо цэргийн хүчээр чөлөөлж эхэлжээ

Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулж, тусгаар тогтнолын гал голомтоо эмхлэн төвхнүүлж, Ар монголыг чөлөөлөх байлдаан тулалдаан ч хийж байхад Зүүн өмнөд хязгаар буюу Өвөр Монголд Хүрээнээс цэрэг ирэхийг хүлээлгүй, Манж Чингийн засаглалыг шууд өвлөн захирахыг оролдсон хятадуудын эсрэг бослого, тэмцэл өрнүүлж байв. Хятадын тал энэ бүхнийг хүчээр нухчин дарж залхаан цээрлүүлэхийн тулд 6 замаар хуягт, 146 их буу, 90 шүрших буутай, 6 түмэн цэргийг илгээсэн бөгөөд тэд туйлын зэрлэг балмад авирлаж, харгислан түйвээж эхэлжээ. Учир иймд Монголын 10 мянган цэрэг 5 замаар давшжээ. Ихэнх нь Өмнөд Монголын цэрэг дарга байсан бөгөөд, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Хайсан гүн, Чагдаржав ван, Удай ван, Тогтох гүн, Бавуужав гүн, Сумъяа гүн, Найданжав ван, Насан-Арвижих ван, Чимэдцэрэн ван, Мөрөнхан, Зүтгэлт, Галсандондогням нарын эх орончид, язгууртнууд захирч явжээ.

Өмнөд монголчууд тийнхүү гол үүрэгтэй байсанд олон учир шалтгаан буй. Асуудлыг гэрээ хэлэлцээрийн замаар шийдвэрлэнэ, цэргийн ажиллагаа явуулж болохгүй гэж Орос гүрний зүгээс шахан дарамталж байсан агаад, манай тал Монгол улсын цэрэг бус, Өмнөд Монголын сайн дурынхан байлдааны ажиллагаа явуулж байна гэх зэргээр тайлбарлан хаацайлж, чөлөөлөх бодлогоо хэрэгжүүлж байжээ.

Хоёр хөнгөн их буунаас өөр гавьтай зэвсэггүй, 32 баатраар удирдуулсан морин түмт хятад цэргийг байнга давамгайлж, Цахар, Шилийн голыг бүрэн чөлөөлж, Монгол улсад нэгдээгүй байсныг нь нэгтгэж, зарим газраар Цагаан хэрэмд тулж, 58 удаа тулалдаж, Хөх хотын төлөөх тулалдаанд ялалт байгуулаагүй ч ахин дайрч ялах төлөвлөгөөтэй байтал их гүрнүүд саад тотгор учруулж таслан зогсоосон билээ. Юань Ши Кай цус харвах дөхөж, Бээжин хотод ч аюул учирч мэдэх нь гэж түгшиж байсан аж. Тэгвэл II Николай хаан монголын импэриализм сэргэж байна гэж хөмсөг зангидан хэлдэг байжээ. Монгол нэгдэх явдлыг гаргуулахгүй гэж Япон өөрөө ч чармайж, Орос, Хятадад ч дарамт үзүүлж байлаа.

1912 оны 10-р сард Орос манай талд шахалт үзүүлж, Бүх Монголын улс байгуулахаас татгалзсан гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болгосон ч эх орончид маань дипломат ов мэх хэрэглэн янз бүрээр зохицуулж, 1913 оны эхээр 5 замын цэргийг хөдөлгөж байсан билээ. Хожим Москва, Өвөр Монголоос цэргээ татахгүй бол зэвсгээр туслахгүй, хатуу арга хэмжээ авна гэхчлэн аргагүй байдалд оруулж байв. Хаант Оросын заналхийлэл, зэвсгийн гачаал, Хятад улс өөр чиглэлээр Ар Монголд халдан довтлох аюул (үүнээс сэрэмжлэн ар монгол цэргүүд нутгаа сахиж үлдсэн агаад, 1913 онд Шинжаанаас халдан довтолж магадгүй болсон тул Орос Дээд Үдээс хасаг цэргийн анги, Бийскээс 3000 явган цэрэг, их бууны ангийг Ховд руу илгээж байсан) зэргээс шалтгаалан цэргээ татахаас өөр аргагүйд хүрсэн эмгэнэл буй.

1913 оны 2-р сард Орос ДИУ /Дундад иргэн улс/-тай гэрээ байгуулж, Өвөр монгол бол Хятадын дотоод муж, Ар монгол бол өргөн автономитой тул тийш Хятадын цэрэг, захиргаа, колонистуудыг оруулж болохгүй гэх зүйлүүдийг Бээжингээр хүлээн зөвшөөрүүлжээ. Удалгүй Орос дэлхийн дайнд татагдан орж суларснаар хятадын импэриалистууд болон Монгол улс дахь 5-р цувааныхан нь толгой өндийлгөн хуйвалдаж, их гай гамшгийг учруулах болов. Улмаар 1919 онд Цэрэндорж-Бадамдорж-Богдын гурвал Хятадын цэргийг урьж ирүүлэн, Монголын автономийг устгуулжээ.

Үүнд удтал бэлтгэсэн үйл ажиллагааны нэг хэсэг нь – урьд Монголын түүхэнд гарч байгаагуй их улс төрийн аллага байв. Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хан Намнансүрэн, Ван Чагдаржав, Хан Дашням, Да лам Дашжав, Ван Гончигсүрэн, Хан Содномравдан, Ван Гомбосүрэн, Дотоод хэргийн дэд сайд Равдан, Сахалт лам Бөхбаян нарын удирдагч, зүтгэлтнүүдийг хорлож алсан төдийгүй, албанаас халах, нэр сүрийг гутаах, алс газар илгээх, Ар Монголоос хөөх, хуурамч хэрэгт холбогдуулах зэргээр хорлож байв.

Хятадын түрэмгийлэгчдийн эсрэг бослого дэгдээх гэсэн Манлай ван Дамдинсүрэн баригдан тамлагдаж, босоогоороо нөгчсөн …
Монгол эх орончдын зориг сүр мөхсөнгүй. Зевлөлт, цагаантан, Японыг түшиглэн Их Монгол улсаа байгуулна гэсэн хүчнүүд буй болж, хятад эзэрхийчүүдийг тал талаас нь хиар цохин хөөж байсан билээ.

3. Өмнөд Монгол баатруудаа хүндлэн дээдэлж явцгаая!

Үндэсний их хувьсгалыг мандуулан бадруулахад нийт монголчууд хүчин зүтгэсэн билээ. Ялангуяа өмнөд монгол ахан дүүс маань үнэлж баршгүй их гавъяаг байгуулж, хувьсгалын нэгэн гол хүчин зүйл болж асан. Чөлөөлөх цэрэг жанждын маань олонх нь, Богд хаанаас баатар цол хүртэгсдийн ч олонх нь, хувьсгалын гол зүтгэлтнүүдийн ч олонх нь өмнөд монголчууд байсан. Яагаад гэвэл, угаасаа монголчуудын олонх нь тэд, Бүх Монголын гол хэсэг нь тэд байсан юм. Нэгдсэн Монгол төвхнөхөд бүх юманд тэд олонх болж байсан юм.
2012 он бол монгол туургатны эв нэгдлийн он, өмнөд монголчуудын он байх ёстой. Учир нь, 1912 онд буюу 100 жилийн өмнө Нэгдсэн Монгол улсыг байгуулахад өмнөд монголчууд оройлон зүтгэж явжээ.
Гэтэл 100 жилийн ойг угтан, Богд хаан л хувьсгалыг зохион байгуулчихсан, тойрон хүрээлэгч хэдэн ноёд хамжилцсан гэх суртал ухуулга хийж, Халхын хавтгайд л монголчууд байдаг байсан гэх хорт санаагаар тархи угааж, бусад монголчуудаа үгүйсгэн хэлмэгдүүлж, гомдоон түлхэж байгаагаас бус, өмнөд монголчуудын ач гавъяаг бараг дурсахгүй байна. Зүй нь, 100 жилийн ойн өмнө, бүх баатруудаа сурталчлан шүтүүлж, Өмнөд Монгол, Буриад, Тува, Халимагаас өргөн бүрэлдэхүүнт төлөөлөгчдийг урьж, нийт монголчуудаа баясган цэнгүүлэх зохион байгуулалт хийх ёстой бус уу. Бөх барилдуулахад цол өгнө өгөхгүй гэснээс өөр олигтой чимээ дуулдахгүй л байна. Харин ч бүр 12.29 бол муу муухай, хужаа хувхай өдөр гэсэн ухуулгачдыг гаргаж ирсэн байна. Монгол баярыг хужаа баяр гэдэг, хужаа баярыг монгол баяр гэдэг цаг ирж дээ хөөрхий.
Өчүүхэн энэ нийтлэлдээ 1911-1915 оны Нэгдсэн Монголын их хувьсгалд оролцсон өвөрлөгч баатруудыг дурдан дурссу.

Хайсан гүн их хувьсгалын гол зүтгэлтнүүдийн нэг билээ. Монгол улс тусгаар тогтносны дараа Ханддорж ван, Чимэдцэрэн да ламтай хамт онцлогдон хөхиүлэгдэж байсан, тулгын гурван чулууны нэг ээ.
Зост чуулганы Харчин хошуунд 1857 онд төрсөн. Хятад колонистуудын эсрэг зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцож байгаад, Оросын нөлөөн дорхи Харбин хотод дүрвэн, монгол үндэстэнд тустай ажил үйлсэд хувь нэмрээ оруулж, “Монголын сонин бичиг” сониныг гаргалцаж байв. 1907 онд Ар Монголын эх орончидтой танилцан бүлхэмдэх гэж Хүрээнд ирж, Ханд ван, Цэрэнчимэд лам нартай анд бололцож, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэгчид болов. Монгол туургатан эх орончид энэ санаагаа 1911 оны хавар Богд хаанаар дэмжүүлэх явдалд хүчин зүтгэж ирэв.

Хувьсгалын дараа Монголын төрөөс түүнд нутаг, албатууд хуваарилж, гэр бүл, төрөл төрөгсдийг нь ирүүлэн төвхнүүлж байв. Баруун хязгаарыг чөлөөлөх үйлсийг удирдалцав. Зүүн хязгаар буюу Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг захиралцан одов. Дотоод яамны өндөр албан тушаал хашиж, гурван улсын хэлэлцээрт зарчимчаар оролцов. Уг хэлэлцээрийн дараа, Хятадтай тохиролцсоны дагуу өвөр монголчуудыг шахан буцаах болсон бөгөөд, Хайсан гүн буцсаны дараа удалгүй нас баржээ (1917).

Манлай баатар Дамдинсүрэн. XVII зуунд Хөлөнбуйрт Сэцэн хан аймгаас нүүж очигсод бол баргууд юм. Барга, Цахар, Түмэд (Хөх хот), Ховд, Тагна Урианхай, Дариганга бол Манжийн захиргаанд шууд харъяалагддаг нутгууд байлаа.
1908 онд Ханддоржтой танилцан, хамтран ажиллах болсон Дамдинсүрэн, Хүрээнд тусгаар тогтнол зарлагдангуут шууд 1912 оны эхээр бослого гарган, Баргыг Нэгдсэн Монголын өнөр бүлд багтаан оруулж байсаан. Гадаад яамны дэд сайд байж, идэвхи санаачилгатай ажиллаж байв. Ер нь бараг бүх яамны дэд сайдууд өмнөд монголчууд байсан юм.
1912 онд Баруун хязгаарыг тохинуулах сайд болж, Ховдыг чөлөөлөх үйлсийг удирдав. 1913 онд таван замын цэргийн ерөнхий командлагч боллоо. 1915 оны хэлэлцээрийн дараа таван замын цэргийг буцаах, тараах, хүсэмгүй бөгөөд хүнд үүргийг ч түүнд оноожээ.
Хиагтын гэрээг түр зуурын л явдал хэмээн үзэж, монгол туургач бодол, төлөвлөгөөгөө хэзээ ч орхиогүй тэр, 1919 онд автономийг (үнэн хэрэгтээ Оросын ивгээл дорхи тусгаар тогтнол) устгасны дараа зэвсэгт бослого зохион байгуулах гэж яваад, урвагчдаас болж илчлэгдэн, эмгэнэлтэйгээр эрсэдсэн.
Бодлогот баатар Цэнд гүн. Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт Монголын төрд дагаар орон зүтгэхээр ирэгсдийн нэг, 1875 онд төрсөн дагуур хүн. Ховдын тулалдаан, таван замын тулалдаанд эрэлхгээр оролцож, Бодлогот баатар цолоор шагнуулжээ. Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байв. Мөн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс орчуулах зэрэг, эрдэм соёлд тустай үйлийг бүтээж байв.
Удай ван. Жирэм чуулганы дэд дарга, Хорчин өмнөд хошууны засаг ноён Удай, Хорчин хойд хошууны засаг ноён Раашминжүүр, дүү Бөхбаяны хамт Нэгдсэн Монголын үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэсэн билээ. Хүрээний цэрэг ирэхийг хүлээлгүй, хятадын харгисуудын эсрэг том бослогыг дэгдээж байв. Кайлугийн тулалдаанд 5000 цэрэгтэйгээр Хятадын 15 мянган цэргийн эсрэг 20 хоног үзэлцэж байлаа. Аргагүй давуу хүчинд дийлдэж, Ар Монголд иржээ.
Ингээд олноо өргөгдсөн Монголын төрд зүтгэж, Цэргийн яамны дэд сайд болж, таван замын цэргийг удирдалцаж, гурван улсын гэрээнд оролцжээ. Ташрамд энэ үгүүлэлд дурдагдсан хүмүүс зүтгэлтнүүд Хиагтын гэрээнд оролцохдоо, Орос, Хятадын саналыг огтхон ч хүлээн зөвшөөрөлгүй, гагцхүү Их Монголын бүрэн тусгаар тогтнолын төлөө тууштай зогсч байсан билээ. Уг гэрээг аль аль тал нь өөрийнхөөр ойлгон, монголчууд Ар Монголын хүрээний тусгаар тогтнол, оросууд Оросын ивгээл дорхи өргөн автономи, хагас протэкторат, хятадууд бараг бүх Монголыг дотоод муж болгов гэж төсөөлж байв. Гэрээний дараа Удай ванг нутаг буцааснаас хойш сураг алдарчээ.

Сахалт лам Бөхбаян. Удай вангийн дүү, олноо сахалт лам хэмээн алдаршсан энэ хүн өдгөө бараг бүрэн мартагджээ. 1916 оны Цагаан сараар Монголын их урвагч, Хятадын их эх оронч Ши Янь Шань Б.Цэрэндорж хятад төлөөлөгч Чен Лу-тай наргиж суухдаа, Бөхбаяныг Гадаад Монголын тусгаар тогтнолын үйл явдлыг анх өдөөн эхлүүлэгч хэмээн тодорхойлж, хэрэв Хайсан, Удай, Бөхбаян нар ирээгүй бол яавч тусгаар тогтнолын хэрэг өрнөхгүй байсан юм гэж харуусан үглэж байжээ. Яг тэр үед нь Ханддорж хорлогдож, Хайсан, Удай буцаагдаж байсан билээ. Сахалт лам Бөхбаян мөн урвагч дайснуудад хорлогдон, амь насаа харамсалтайгаар алджээ.

Зоригт баатар Тогтох. Жирэм чуулганы Горлос хошуунд 1863 онд төржээ. 1894 онд хятад түрэмгийчүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл үүсгэж, ялангуяа 1906-1910 онд идэвхжиж, 23 (100 ч гэдэг) удаа байлджээ. 1907 онд баригдсан ч, оргон мултарч чаджээ. Манжийн үед Ар Монголд ирэх гээд чадаагүй тул Орост улс төрийн орогнолоор суужээ. Олноо өргөгдсөний дараа Хүрээнд ирэхэд нь, түүнийг монгол үндэстнийхээ төлөө тэмцсэн баатар хэмээн угтаж, Зоригт баатар цол, Цэргийн яамны албан тушаал, хашаа байшин олгож, ар гэрийнхнийг нь авчруулж хүндэтгэж байжээ. Ховдыг эзлэх тулалдаанд гавъяа байгуулж, түшээ гүн болжээ. Баатар Тогтохын үзлээр хүмүүжсэн, өргөмөл хүү нь болох нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Буяннэмэх монгол туургатныг нэгтгэх үйлсэд идэвхийлэн зүтгэж явсан гавъяатан билээ.

Баяр гүн. Тогтох баатрын баруун гар болж явсан эрэлхэг дайчин. Ямар ч аюулаас үл айж эмээх тул, Богд хаанаас Түрэмгий баатар цол хүртсэн. Монгол улсыг бадраах үйл хэрэгт их гавъяа байгуулсан тэрбээр Хиагтын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй. Өмнөд Монголын зарим эх оронч Монгол төрийн аргагүй шийдвэрийг хүндэтгэн дагасан бол, зарим нь Нэгдсэн Монголын үйлсээс ухарснаас нэр төртэй үхсэн нь дээр хэмээн тэмцэж байсан юм.
Баяр гүн Нармай Монгол улсыг байгуулах хэрэгт оролцож, автономийг устгасан хятадын түрэмгийлэгчдийг даран сөнөөхөд цолгорон баатарлаж явав. Энэ үед Зөвлөлтийн улаантантай холбооцон, дэмжлэг авсан эх орончдын хүч тодрон гарч ирээд байв. Харин Нармай Монголынхон цагаантантай холбооцсон байлаа. Аль аль нь л Монгол улс үндэстнийхээ төлөө гэж чин сэтгэлээр итгэж зүтгэж явсаар, гарцаагүй сөргөлдөн мөргөлдсөн нь эмгэнэлтэй.
Хиагтыг чөлөөлсөн МАН-ынхан руу Унгэрнийхэн довтлоход түрэмгий баатар Баяр аюумшигтай хэмээн алдаршсан цахруудыгаа дагуулан хамгийн түрүүнд давшсан агаад, суманд оногдон, шархаа даалгүй нас баржээ.

Ялгуун баатар Сумъяа. 1874 онд төрсөн, өөлд хүн юм. Ил Тарвагатайд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлж, зэвсэгт тэмцэл хийж байсан. Олноо өргөгдсөн Монгол улсад нэгдэн зүтгэхээр, Хаант Оросын нутгаар дамжин, хүнд хэцүү аялал хийж байж, Хүрээнд ирж байсан.
Тэгэхэд Сумъяаг гүн болгож, 10 гаруй хамтран тэмцэгчдэд нь хэргэм шагнажээ. Таван замын цэргийг захиралцан, Чуулалт хаалга хүртэл давшиж явжээ. Ялгуунбаатар цол, үе улиран залгамжлах засаг ноёны хэргэм, хамжлага ардуудаар шагнуулж байв. 1915 онд бэйс болжээ.
Ардын намынхны чөлөөлөх тэмцлийг эхнээс нь дэмжиж, Хиагтын тулалдаанаас хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Цөөнгүй тулалдаанд оролцож ялан, 1922 онд бэйл хэргэмээр шагнуулж байсан билээ.

Бавуужав гүн. 1875 онд Зост чуулганы Түмэд Монголжин хошуунд төржээ. 1891 онд гэрийнхэн нь Улаан малгайтны урвалгаанчид гэх улайрсан хятад алуурчдын хядлагаас (150 мянган монгол хүнийг хүйс тэмтрэн, цогцсыг нь эвдэж мөчлөн овоолсон) дайжин Мүгдэн орчмын Зангуутай сууринд суурьшсан байна.
Орос-Японы дайны үеэр Бавуужав алсдаа үндэсний тэмцэлд япончуудыг түшиглэх нь зүйтэй гэж үзэж, хамтран ажиллаж байжээ. Зэвсэгт тэмцлийг өрнүүлсээр, 1912 оны 9-р сард Ар Монголд зүтгэхээр орж ирэхэд, үндэсний үйл хэргийг нь үнэлж, түшээ гүн цолоор шагнажээ. Ховдыг чөлөөлөх үйлсэд Харчин гүн Бавуужав баатар гавъяа байгуулсан. 1913 оны чөлөөлөх дайнд Даригангын чиглэлээр 2000 цэрэг удирдан явж, мөн баатар гавъяа байгуулав.
Гурван улсын хэлэлцээрийг эс зөвшөөрч, манлай баатар Дамдинсүрэн цэргээ тараах учиртай болсныг хэлэхэд “Өвөр монгол бид чинь үнсэнд хаясан шалз шиг болох нь уу!” гэж бачимдан харуусч байжээ. Тэрбээр Хүрээний тушаалыг эс даган, зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлжээ. Япончуудтай холбоо тогтоож, зарим тусламжийг авч байв. 1916 онд тулалдаанд амь үрэгджээ. Цэргийнх нь үлдэгдэл орох байх газаргүй хэрж явсаар, дээрэмчин хулгай нар гэгдэн цаанаасаа ч хятадуудад цохиулж, наанаасаа ч монголчуудад цохиулж, устсан эмгэнэл буй.
Норимпил гүн. Бавуужав баатрын шадар хамтран зүтгэгч энэ хүн Монгол улсыг байгуулахад баатар гавъяа байгуулжээ.
Хиагтын гэрээг үл зөвшөөрөн, тэмцлээ үргэлжлүүлж байсаар, Нармай Монголын хөдөлгөөнд нэгджээ. Ташрамд, ар монголчууд Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжээгүй гэх буруу ойлголт байдаг. Хиагтын гэрээг зөрчив гэж Орос буруушааж, Хятад түрэмгийлэх аюул байсан, Нармай Монгол хөдөлгөөнийхөн цөөнгүй ноцтой алдаа гаргаж байсан ч ихээхэн дэмжиж, амь бие хайргүй зүтгэсэн болно…
Нармай Монголын ЗГ-ын тэргүүн Нэйс гэгээн (шарын шашинд 4-рт орох зэрэг дэв) Мэндбаяр, Норимпил гүн нар цэргүүдийн хамт Буриадад нэлээд саатсан юм. Холбоотон нь болох атаман Семёнов тэднийг ямар зорилготой нь мэдэгдэхгүй, янз бүрийн арга саам хийн саатуулаад байв.
Учир иймд казакуудтай эвдрэлцэн байлдаж, атаман Семёновын шадар хүн гэнэрал Левицкий ч энэ тулалдаанд амь үрэгдэж, улмаар Мэндбаяр, Норимпил нар цэрэгтэйгээ Хиагтын зүг хөдөлжээ. Хиагтын хятад цэргийн удирдлага цус урсгалгүй, найрамдлын гэрээ байгуулж, та нарыг хандсан зүг рүү тань саадгүй нэвтрүүлье хэмээхэд тэд Монголын эх оронч хүчнийхэн рүү очиж нэгдэхийг эрхэм болгож зөвшөөрчээ.
Усанд орж байхад нь зэвсгийг нь хулгайлан авч, ичгүүргүй мэхлэгчид болохоо харуулсан хятадууд Мэндбаяр, Норимпил нарыг цаазалсан юм. Тэгэхэд Мэндбаяр гэгээн тайвнаар бясалгаж, Норимпил гүн хэнэг ч үгүй тамхи нэрэн зогсож байжээ.

Гончигсүрэн ван. Хорчин зүүн гарын засаг ноён Гончигсүрэн 1887 онд төржээ. Тэрбээр цэл залуухан насандаа цагаагчин гахай жилийн (1911) хувьсгалыг талархан дэмжих хөдөлгөөнийг Өвөр Монголд зохион байгуулалцаж байжээ. Ерөнхийлөн захирах яамны дэд сайд байлаа. Зөвхөн Оросыг түшиглэх хараат, хязгаарлагдмал байдлаас гарах, Япон болон олон улстай хамтран ажиллахыг эрэлхийлэгсдийн нэг байв. Да лам Цэрэнчимэдийн хамт нууцаар Япон руу явж байсан агаад, урвагчдын мэдээлснээс болж, Харбинд тэднийг оросууд саатуулан буцааж байлаа.
Бинт ван хэмээн алдаршсан Гончигсүрэн нэгэнтээ Цэргийн яамны ажлыг болон сайд Гомбосүрэн вангийн үйл ажиллагааг зургаан зүйлээр хатуу шүүмжилжээ. Гомбосүрэн ван бичгээр хариу өгчээ. Албаны энэ зөрчлийг улс төрийн аллагач гурвал ашиглан Гончигсүрэн ванг хорлон алж, Гомбосүрэн ван үүнд холбоотой гэх цуурхал тараав. Төдөлгүй тэд Гомбосүрэн ванг хөнөөсөн юм.
Саяхан манай нэг лут том дарга эрдэмтэн, монгол ноёд эрх мэдэл, ашиг хонжоо булаалдан алалдсан, Богд гэгээн, Бадамдорж шанзав, Цэрэндорж сайд гурав авран болиулах гээд ер чадаагүй гэжээ. Энэ нь яг эсрэгээрээ бөгөөд, харийг дагагч гурвалд хорлогдон алагдсан 13 нэрт зүтгэлтнийг одоо ч “алсаар” л байна даа.
Найданжав ван. Нэгдсэн Монгол улсыг байгуулах үйл хэрэгт амь хайргүй зүтгэсэн баатар Найданжав Ар Өвөр Монголыг чөлөөлөх дайнд цэрэг захиран явсан жанжин. Мөн гурван улсын гэрээг дагалгүй зэвсэгт тэмцлийг үргэлжлүүлсэн. 1919 оны Нармай Монголын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хятадын булаан эзлэгчдээс Ар Монголыг авран чөлөөлөлцжээ.
Улс үндэстнээ харийн эзэрхийллээс ангижруулахын тулд гадаадын өөр өөр хүчийг бараадсанаас болж, монголчууд хоорондоо цус асгаруулан тулалдаж, Оросын иргэний дайнд татагдан орж байсан нь харамсалтай. Гэхдээ Зөвлөлтийг түшиглэсэн нь ирээдүйтэй гэж үзсэн Нармай Монгол хөдөлгөөнийхөн МАН-ынхны талд олноор орж байсан нь ч буй.
Буруу булхайтай марксист-ленинист онолтонгуудыг дагав хэмээн эвлэршгүй буруушааж, эсэргүүцэн байлдаж, “цагаантан, Японоос тусламж авсан нь өлзийтэй” гэж үзэгсэд ч байлаа. Ингээд Найданжав ван “улаантнуудтай” байлдаж явсаар, хамгийн сүүлд 600 цэрэгтэй байхдаа бут цохиулж, зэвсэгт тэмцэл нь үндсэндээ дууссан байдаг. 60-хан цэрэгтэйгээр тулааны талбараас зайлж гарч чаджээ. Үүний өмнө түүний хамтран зүтгэгч, Нармай Монголын хөдөлгөөний зүтгэлтэн цахарын Зодовжав вангийн 1000 цэрэг мөн хиар цохиулсан ажээ.
Ийнхүү Хамаг Монгол улсаа байгуулах үйлсэд ялгуусан бадрангуйгаар оролцож асан баатар өмнөд монголчууд эсвэл хорлогдон алагдаж, эсвэл хагарал бутралын дүнд элэг нэгтнүүдтэйгээ тулалдан эрсдэж, эс бөгөөс алдар гавъяа нь мартагдаж, буруудаж, хэлмэгдэн төгссөн байдаг нь юутай харуусалтай, юутай эмгэнэлтэй. Өөр олон ийм нэрт зүтгэлтэн байв…
Улс гэрийг маань байгуулалцаж өгсөн өмнөд монгол баатруудаа бид ул болгон дэвсэлж явах уу, зул болгон дээдэлж явах уу?!
Арваад онд Олноо өргөгдсөн Нэгдсэн Монгол улс байгуулахад өмнөд монголчууд их үүрэг гүйцэтгэв. Хориод онд Ардын засагт Ар Монгол улсыг байгуулахад буриад монголчууд их үүрэг гүйцэтгэв. Ерээд онд колонийн засагт Шинэ Монгол (олон үндэстний, алсдаа Хятадад нэгдэх чигтэй, түр, тоглоомын Шинэ Монгол улс байгуулна гэх нууц хөтөлбөр байдаг нь амжилттай хэрэгжиж байгаа) улсыг байгуулахад “холимог монголчууд” (эрлийз, хурлийз, шарлийз) их үүрэг гүйцэтгэв…
Ар монголчууд минь нэгийг бодох цаг болмоорсон доо. Хэзээ бид улс гэрээ байгуулах бадраахад гол үүргийг гүйцэтгэдэг болох вэ!

Ч.Мөнхбаяр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.