Хар тамхинаас өөр хайрлах зүйлгүй мансуурагчид

“Залуу насны сайхныг даанч мэдэрсэнгүй дээ би” гэх энэ үгийг хар тамхинд донтсон нэгэн хэлсэн юм. Залуу насны эрч хүч, амьдралд тэмүүлэх тэмүүлэлгүй нэг насыг барна гэдэг эрүүл саруул хүний ухаанд бууж өгөхгүй. Гэвч ийм амьдралаар амьдарсан нэг биш нэлээдгүй хүмүүс өнөөдрийн Монголын нийгэмд байна. Тэд өнөөдөр амьд байгаадаа туйлаас баярлаж, амьдралын цор ганц гэрэл гэгээ болсон хар тамхины төлөө юугаа ч хайрлахааргүй болжээ. Хар тамхины төлөө хутга барих, хулгай хийх нь тэдний хувьд энгийн үзэгдэл аж. Хар тамхины дамжуулагч гэгддэг байсан Монгол орон арван жилийн дотор “хэрэглэгч” улс болтлоо ахисан нь хар тамхи хэрэглэгч хүмүүсийн тоо нэмэгдсэнийг гэрчилж байгаа хэрэг. Хамгийн гол нь эх орны ирээдүй болсон өсвөр үеийнхэн хар тамхины хэрэглэгч болсон гэх тоо баримт, судалгаа нэмэгдэж байгаа нь эмзэглэмээр. Өнөөгийн нийгэмд хар тамхи хэрэглэгчид залуужиж байгаа нь үнэндээ нэгэнт асуудал болжээ. Саяхан “Хип хоп” холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаярыг дөрвөн найзын хамт мансууруулах бодис хэрэглэсэн байхад нь Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг баривчилсан. Албан бус эх сурвалжийн хэлснээр энэ хэрэгтэй холбоотойгоор “сүлжээ” байж мэдэх 40 гаруй залуусыг баривчилсан тухай мэдээлэл чих дэлслээ. Энэ бол үнэхээр үндэсний хэмжээний гамшиг. Гамшиг хэдийнэ нүүрлэсэн. Харин одоо яах вэ?

“Хар тамхи Мансууруулах бодисоос иргэдээ хамгаалах нийгэмлэг” 2000 оноос хойш дөрвөн удаа өсвөр насныхны дунд судалгаа явуулсан байх юм. Судалгаанд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагджээ. 2000 онд явуулсан судалгаагаар 70 хүүхэд хар тамхи хэрэглэдэг гэсэн тоо гарсан бол 2001 онд 140 гэж яван явсаар өнөөдрийн байдлаар 410-д хүрчээ. Илэрсэн нь 410 ч гэлээ далд энэ тоо нэмэгдэнэ үү гэхээс буураагүй нь ойлгомжтой. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 56 нь хар тамхийг судсаар тарьж хэрэглэдэг нь гүн орсны илрэл хэмээн холбогдох байгууллага тайлбарладаг.

Дэрвэж дэгдэн явах насандаа хар тамхи хэмээх балчиг намаг руу орчихоор залуу насны сайхан мэдрэхгүй нь аргагүй юм. Өнөөдөр манай улсад архи, тамхины хэрэглээ замбараагаа алдсан. Нийгмийн сор болсон хичнээн хүн “Өвгөнт”-ийн тодотголтой болов. Гэтэл арван жилийн дотор хар тамхи “Хэрэглэгч” улс цол зүүсэн манайх үүний эсрэг эрчимтэй тэмцэхгүй бол хэдэн жилийн дараа бүгд их бага хэмжээгээр хар тамхичид болж мэдэх л юм. НҮБ-аас саяхан явуулсан судалгаагаар хар тамхи хэрэглэдэг хөл хүндтэй эмэгтэйчүүд байгаа нь ирээдүйн хар тамхичдыг төрүүлэхгүй гэсэн баталгаа алга. Архи, тамхи асуудал болсон энэ нийгэмд хар тамхи нэмэгдчихвэл юу болох нь ойлгомжтой биз дээ. Хар тамхи хэрэглэгчдийн тоонд хүүхэд, эмэгтэйчүүд орсон нь үүнтэй эрчимтэй тэмцэх цаг болсныг илтгэж байна.

Ингээд олон жил морфин хэрэглэж байгаа иргэн А.Уранцэцэг юу ярьсныг хүргэе.

-Та энэ хүнд байдал руу яаж байгаад орчихов оо?

-Эгч нь цагтаа нэртэй айлын зүстэй охин явлаа. Миний багын найзын аав нь тухайн үед хүнд өвчтэй байсан. Тэр найз маань аавдаа морфин авах мөнгийг хааяа надаас авдаг байлаа. Тэгээд нэг өдөр ирээд “маш сайхан болдог юм байна. Чи үзэх үү” гээд судсаар тарьсан. Түүнээс хойш л энэ зам руу яваад орчихсон. Мэдээж найзад маань мөнгө хэрэгтэй байсан учраас намайг золиосолсон байх. Ер нь хар тамхи “мөнгөтэй” хүнийг онилдог юм.

-Одоо ч та хэрэглэчихээд байна уу?

-Тийм ээ. Үүний төлөө л амьдарч байна. Үгээр илэрхийлж чадахааргүй тийм мэдрэмж төрдөг. Морфин гарсны дараа бүх юм утгагүй санагддаг. Тэгээд л нөгөөхөө хайгаад эхэлдэг. Цасан шуургатай байсан ч хамаагүй шөнө дөлөөр морфин хайгаад гэр хорооллоос гараад явна. Бүр тархинаас гарахааргүй суучихсан байдаг юм.

-Гэр бүлийнхэн тань мэддэг үү. Яаж хүлээж авдаг вэ?

-Намайг морфин хэрэглэдгийг таван жилийн дараа ээж маань мэдсэн. Намайг бодоод манай жолооч л ээжид хэлсэн юм билээ. Тэгээд яахав дээ нэгэнт гарч чадахгүй болохоор хөсөр хаясан.

-Та хүүхэдтэй юу?

-Нэг охинтой. Одоо хоёрдугаар курсын оюутан. Намайг мэддэг ч гэлээ миний амьдралд оролцдоггүй.

-Та өдөрт хэдэн грамм морфин хэрэглэдэг бэ?

-Өдөртөө 40 граммыг хэрэглэдэг. Үйлчилгээ нь 24 цаг байдаг юм. Зарим үед үүнээс ч илүүг хэрэглэх тохиодол бий.

-Морфиноо хаанаас авдаг юм бэ?

-Эмийн сангаас авдаг. Олдохгүй бол өндөр үнээр ч олох үе гарна.

-Тийм хамаагүй өгдөг юм уу?

-Бид чинь бүртгэлтэй болохоор эмчийн магадлагаагаар авдаг. Байнгын авдаг, цугладаг газар хүртэл бий шүү.

-Энэ байдалдаа гутарч, харамсах үе гардаг уу. Гарч чадахгүй явсаар ийм олон жил болчихсон юм уу?

-Эхэндээ үнэхээр гутардаг байлаа. Золиос боллоо гэж бодогддог байсан. Одоо энэ байдлаа хувь тавилан гэж бодох болсон доо. Уг нь хоёр жил орчим гарч үзсэн. Тэгээд нөгөө тархинд байгаа зүйл чинь байнга нэхээд хэцүү юм билээ.

-Сонирхолдоо хөтлөгдөөд мансууруулах бодис хэрэглэж үзэхсэн гэж ярьдаг залуус байдаг. Танд тэдэнд хандаж хэлэх үг байна уу. Магадгүй таны хэлсэн үг тэдгээр залууст сургамж болох бизээ?

-Мансууруулах бодис гэгчийг хүн мэдэхгүй байж байгаад нэг л мэдэхэд гарч чадахааргүй донтдог. Тэгэхээр маш хортой, аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядуу байдлаасаа болж энэ хорын золиос болох тохиолдол ихэссэн байна. Үнэхээр харамсалтай. Мэдээлэл сайтай байж сэргийлэх хэрэгтэй. Хар тамхи, мансууруулах бодис мөнгөтэй бүхнийг уруу татдаг. Гэнэн зангаасаа сонирхож байж буруу зам руу орчих вий гэж бодох юм.

Тэрээр цагтаа 50 мянгатын царайлаг гэгддэг охидын нэг байж. Тэр үеийнхний хэлдгээр “малын дайсан чоно, хүний дайсан ногоон Чойлон”-ийн бага хатан хэмээн нэрлэгдэж явсан байх юм. Одоо түүний амьдрал “там” болсон гэхэд хилсдэхгүй. Дөч шүргэх насандаа хэнд ч хэрэггүй, нийгмээс гадуурхагдсан нэгэн л болж. Энэ эмэгтэйн амьдралд тохиосон шиг аюул таны ойр байж ч мэднэ шүү, хүмүүс ээ.

ДО.УУГАНЖАРГАЛ

logo-ubtimes


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.