Хууль батлагчид хуулиа зөрчиж байна гэв

Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгээс Нийслэлийн цагдаагийн газартай, хамтран өчигдөр хэвлэлийнхэнд хандсан. Нийгэмлэгээс архи аюулын харанга дэлдэж байгаа учир холбогдох хуульд дорвитой өөрчлөлт оруулж өгөх тухай албан бичиг өнгөрсөн оны найм, арванхоёрдугаар сард УИХ-ын даргад хүргүүлсэн аж. Албан бичгийг судалж 14-30 хоногийн дотор хариу өгөхийг хуульчилсан байдаг хэдий ч өнөөг хүртэл ямар нэгэн хариу хүлээж аваагүй байна. Албан бичигт арваад аймгийн 100 гаруй сумдаас нийт 60 мянга орчим иргэнтэй уулзан архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, үүнийг ажил хэрэг болгох талаар ярилцан тэдний санал бодлыг тусгасан байна. Энэхүү судалгааг иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа С.Жавзмаа биечлэн гүйцэтгэснээ хэвлэлийн хурлын үеэр дурдаж байлаа. Тэрээр “Нийгэм тэр чигээрээ архинд живчихээд байна. Архины үйлдвэр, баар цэнгээний газруудыг цөөлж, төрийн мэдэлд оруулах нь зүйтэй. Түүнчлэн ажил албаа сайн гүйцэтгэж байгаа хүмүүсийг аймаг, хороодод томилбол үр дүнгээ үзүүлэх юм. Ихэнх үйлдвэр, цэнгээний газруудын эздүүд нь томчууд байдаг болсон. Тиймээс “Архидан согтууруулахтай тэмцэх” тухай хуулинд энэ дарга нарыг сар бүр илрүүлэн мөрдөж, олон нийтэд зарладаг болъё. Хуулийн дагуу шийтгэл ногдуулдаг болох хэрэгтэй. Үнэндээ хууль баталдаг эрх мэдэлтнүүд өөрсдөө хуулиа хэрэгжүүлэхгүй байна” гэв. Нийслэлийн цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэхийн тулд зөвхөн цагдаагийн байгууллага тэмцэх бус хувь хүн, гэр бүл, албадан эмчилгээний төв зэрэг бүхий л байгууллагууд хамтарч ажиллахыг уриалж байв.

Д.ДАВААСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих