Тэтгэвэр нэмэхийг хүлээх нас алга

Нийслэлийн ахмадын хорооноос тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж үйлчилгээний талаар өчигдөр хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд ирэх сонгуулиас өмнө төр засгийн түшээд минь ахмадуудад амласан амлалтаа биелүүлээч ээ гэж хүссэн юм. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг арилгаж тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх, ахмадын эмнэлэг сувилал, ордонг нийслэлд барих талаар гурван том заалт тусгасан байдаг. Тэтгэврийг 30 хувь нэмснийг эс тооцвол энэ заалтууд өнөөг хүртэл биелээгүй. Улаанбаатар хотод наян зургаан мянган ахмадууд амьдарч байгаагаас 13376 нь нийгмийн эмзэг, нэн ядуу бүлгийн нэгээхэн хэсэг нь болчихоод байна гэж Нийслэлийн ахмадын хорооны дарга М.Болд хэллээ. Тэрээр “Амьд сэрүүн байгаа ахмадуудын 238 нь 95-аас дээш настай. Тэдэнд тэтгэвэр нэмэхийг хүлээх нас алга. Жил ирэх тусам ахмадууд үнэгүйдэж, тэднийг үнэлэх үнэлэмж буурсаар байна. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хөгшчүүдийн 50-60 хувь нь дунджаар 125 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Найман жил тэтгэврийн зөрүүг арилгана гэж ярилаа. Одоо амласнаа биелүүлэх цаг нь болжээ” хэмээв. Мөн 2011 оны аравдугаар сард гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр ахмадууддаа эмнэлэг барьж өгөхөөр болсон. Хан-Уул дүүргийн Яармагийн дэнж дэх спорт цогцолборын хажууд ахмадын эмнэлгийн суурийг тавьсан хэдий ч тэнд эмнэлэг барихад тохиромжгүй онгоцны буудалтай ойр, дуу чимээ ихтэй газар гэж ахмадууд бухимдаж байгаагаа илэрхийлэв. Хэрвээ төр засгаас арга хэмжээ даруй авахгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох болно гэж ахмадын хорооноос мэдэгдлээ.

Л.БОЛОРЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих