Хэрэг хуучирдаггүй ч хөөн хэлэлцэхгүй

5262

Хэрэг хуучирдаггүй гэж үг бий. Харин хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаадаг болсон нь албан тушаалтнуудад “азны юм” болж байна. Азны ч гэж өөрсдөө захиалж бий болгосон хууль юм чинь толгойг нь илсээр байна. Тодруулбал, Улсын Дээд шүүхээс 2016-2018 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаар судалгаа хийжээ. Анхан шатны шүүхүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах өгөх гэмт хэргүүдийг хэлэлцээд дээрх үндэслэлээр 29 хүнийг цагаатгасан байна. Энэ нь та нар авлигаа ав, бид арыг нь даая гэж байгаагаас өөрцгүй. Яг энэ зарчмаар МХЕГ-ын  Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон.

Уг нь АТГ-аас Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Саяхан тэднийг хэрхэн нэгжиж, нөгөөдүүл нь ч авлигын мөнгөө хаанаас хэрхэн гаргаж ирж байгаа бичлэг нь ил болсон. Тийм байтал хөөн хэлэлцэх хугацаагаар хаацайлж,  Т.Баярсайханыг л гэхэд 40 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг. Ингэж л авлигын хэргийг өөгшүүлж байна.

Уг нь Ерөнхийлөгч өнгөрөгч 5 сард Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүлсэн. Түүнд : “Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагавартай байсан нь тодорхой болоод байна.” гээд дүгнэлтээ болон саналаа багтаажээ.

Тэрбээр мөн, “…Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн.Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна…   …Сүүлийн үед авлигын гэмт хэргүүд, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх болон эдийн засгийн зарим гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явагдаж, шүүхээс буцах, олон дахин хойшлогдох зэргээр процесс ажиллагааг нь зориуд сунжруулах явдал түгээмэл болж байгаа нь үүний нэг илрэл бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь том нотолгоо боллоо.” гэдгийг ч дурджээ.

Ингэж л Ерөнхийлөгчөөс эхлээд авлига албан тушаалын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гээчээр хаацайлж байгааг эсэргүүцэж байхад УИХ-ын эрхэм гишүүд өөрсдийн хөл, гар болсон мөнгөний “машинууд” хамгаалахын тулд хууль “зассан” нь дэндүү харамсалтай. Ямар ч тохиолдолд хэрэг хуучирдаггүй гэдэг ч авлига, албан тушаалтнуудын хувьд “аваад бай” гэдэг зарчим үйлчилж байгаа нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэх үндсэн зарчимч үгүй болж байгаа байна. Ердөө л хөрөнгө, мөнгө ихтэй, өндөр албан тушаалтай хүн шүүх хурлыг хойшлуулж, арга саам хийсээр хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр дээлээ нөмөрч, аавын хаалга татах байтугай дараагийн албан тушаалдаа дэвшсээр байх уу. Хэрэг хуучирдаггүйтэй адил хөөн хэлэлцэх хугацаа гэдэг заалт ч байх ёсгүйг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэсэн хэргүүд харууллаа шүү дээ.

Эх сурвалж: Отгозаяа, Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих