С.Амарсайхан: Наадамчдын гудамжны үерийн усыг зайлуулах, даланг засах ажлыг өнөөдөртөө багтаах хэрэгтэй

5277

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.

Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/167 дугаартай захирамжаар “Талст ширээт” ХХК-д  аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож байжээ.

“Талст ширээт” компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар, нарийвчилсан ажлын зураг нь баталгаажсан боловч барилгыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй барилга барьж байжээ.

Шуудуугаар ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий гэсэн ч тухайн компанийн удирдлагууд хүлээж аваагүй

 “Өнгөрсөн зургаадугаар сард тухайн нутаг дэвсгэрийн хойд талын авто зам, замын байгууламжийн эвдрэлийн нөхцөл байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийсэн.

Шалгалтаар их хэмжээний их хэмжээний бороо орсны улмаас гадаргууны болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий гэсэн дүгнэлтийг тухайн байгууллагад өгсөн ч тухайн компанийн удирдлагууд хүлээж аваагүй” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа ярилаа.

“Талст ширээт” компанийн  удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй

“Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг удаа дараа холбогдож сануулсан. “Талст ширээт” компанийн  удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй. Авто замын хөгжлийн газраас удаа дараа шаардлагыг тавьж, үерийн ус авто замруу орох нөхцөл байдал үүсэн байна шүү гэдэг дүгнэлтийг өгсөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэв.

Мод шилжүүлж өгөөгүйн улмаас бид үерийн далангаа гаргаж чадахгүй байгаа

“Авто зам хөгжлийн газарт үерийн далан гаргах асуудлаар тухайн ярилцаж байсан. Үерийн далан гаргах зураг төсөл бэлэн болж байгаа энд зам дагуух моднуудыг өөр газарт шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мод шилжүүлж өгөөгүйн улмаас бид үерийн далангаа гаргаж чадахгүй байгаа” хэмээн “Талст ширээт” ХХК-ний захирал н.Даваадорж тайлбарлав.

Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоо

“Барилга эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байж, үерийн усны даланг хааж барилга барьчихаад одоо усанд автсан энэ зам талбайг хар.  Зөвшөөрөлгүй 10-20 давхар барилга барих болохоороо барьж болдог хэрнээ үерийн усны даланг заавал зөвшөөрөлтэй барина гэж болох уу.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайнд хутгаж олон иргэдийг хохироосон хохирлыг танай компани бүрэн төлж барагдуул.

Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодизи зураг зүйн хяналтын газрууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо. Өнөөдөртөө багтааж үерийн даланг засаж үерийн усыг зайлуулах ажлыг түргэн шуурхай ажиллахыг” Хотын захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

Түүнчлэн Хотын захирагч Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож холбогдох байгууллагуудыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.