Хар тамхины асуудлаар Аюулгүйн зөвлөл аюултай зөвлөмж гаргах цаг болжээ

5302

 

Монгол Улс хар тамхины аюулыг нэгэнт дийлэхээргүй боллоо. Хууль хүчний байгууллагынхны хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн бүр тарьж ургуулж байсныг илрүүлсэн мэдээлэл өдөр алгасахгүй мэдээллийн сувгуудаар урсч байна. Гэхдээ энэ бол гайхуулаад байх баатарлаг зүйл биш. Ердөө манай улс хар тамхитай хийх тэмцэл, бодлогоо алдчихсан учраас л үйлдэл огцом өсч байгаа хэрэг. Тиймээс хар тамхи татаад баригдсан, хоригдсон хүмүүсийн талаарх тоо баримтыг цуглуулж  дурдах нь  илүүц.Харин хамгийн ноцтой нь албаныхны тоо бүртгэл дунд сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2019 он гарсаар хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 80 гаруй хувь нь 18-35 насны залуус байгаа нь айдаст автуулж байна. Өөрөөр хэлбэл, залуу үе хар тамхины ангал руу маш хурдацтай, ямар ч тээг саадгүйгээр гулган орж байгаа  нь сэтгэл түгшээж буй юм.

Гэтэл хар тамхитай тэмцэх үүрэг бүхий байгууллагуудын  уялдаа холбоо, хандлага хангалтгүйг олон жишээ харуулдаг. Хар тамхины голомтод нь ажилладаг хууль хяналтын байгууллагууд саад бэрхшээлийг нь практикт мэдэрч, ойлгож байгаа хэрнээ гарц гаргалгаа ярьж, асуудал дэвшүүлдэггүй. Дан ганц албаны хэдэн тоо баримт, хууль эрхзүйн хуурай мэдээллээс хэтэрдэггүй. Хар тамхитай тэмцэх бодлого, тогтолцоо болохгүй байгааг шүүмжилбэл “дээрээс” хариуцлага тооцно гэсэн аргацаасан үзэл хандлагаар явж ирснийг олон нийт ч салбарынхан нь ч мэдэж байгаа.

Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн жилийн хавар Засгийн газрын 77 дугаар тогтоолоор Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр баталж,  Үндэсний хороо байгуулсан байдаг. Гэтэл хөтөлбөр батлагдаад жил тойрч байхад гүйцэтгэх засаглалын “тушаалаар” батлагдсан Үндэсний хороодын гишүүд тайлангаа тавьсангүй. Хар тамхитай хэрхэн тэмцэж байгаа талаараа үг унагасангүй. Тиймээс  Монголын төрийн хар тамхитай тэмцэхэд урдаа барьж буй цогц баримт бичиг болох Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн үр дүнг нэхэх цаг хэдийнэ болсныг онцлох ёстой. Өндөр үүрэг хариуцлага эрх мэдэл бүхий яам, агентлагуудын дарга нарын төлөөлөл багтдаг Үндэсний хорооны тайланг парламентын танхимд сонсох саналтай байна.  Үндэсний хорооны гишүүд үнэхээр л үр дүнтэй ажилласан бол урамшуулж  дараагийн шийдэл, гарц гаргалгаагаа тунгаая. Харин эсрэгээр хөтөлбөрийн үр өгөөж цаасан дээр баталсан хэвээр байгаа бол үүрэг, хариуцлага ч нэхэх учиртай. Хамгийн сүүлийн мэдээллээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо өнгөрсөн тавдугаар сард хуралдаж  санал солилцлоо гэхээс өөр мэдээлэл алга. Асууж тодруулаад ч “хөдөлдөггүй” юм билээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд:
Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
1.2.2.Төр, иргэний хамтын ажиллагаа
Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна.
1.2.3.Аюулгүй байдлын бодлого цогц байх
Монгол Улсын “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна.
1.2.4.Мэдлэгт суурилах
Аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна.
1.2.5.Бодитой хандах
Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц, боломжийг үр дүнтэй дайчилна.

Хар тамхитай тэмцэх төрийн бодлого үйл ажиллагаа нэгэнт ийм ажил хэрэгч биш хэт сулбагар байгаа учраас хар тамхины бодит аюулыг хамгийн дээд түвшиндээ авч үзэхээс өөр аргагүйд хүрлээ. Угаас мансууруулах бодисын аюул үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, манай улс хэрэглэгч орон болоод удаж байна. Цаашид мансуурлын аюулд улс үндэстнээрээ мөхөхгүйн тулд төрөөс оновчтой, чанга хатуу бодлого нэхэх шаардлага зүй ёсоор үүсчээ. “Доод” шатны байгууллагууд нь ажлаа дорвитой хийж чадахгүй байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүргээ гүйцэтгэх цаг иржээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч  тэргүүлдэг. Харин гишүүнээр Их хурлын дарга,  Ерөнхий сайд нар бий. Төрийн гурван өндөрлөгөөс гадна зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээчдээс бүрдэх энэ байгууллага улс оронд тулгамдсан, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудлыг судалж шийдвэр гаргадаг онцлог, өргөн цар хүрээтэй байгууллага.

Хуульд заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах учиртай юм. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц, боломжийг үр дүнтэй дайчилна гэж заасан нь бий. Тиймээс үндэсний аюулгүй байдалд бодит заналхийлэл учруулж буй энэ цаг үед хар тамхи мансуурах бодисын аюулд яг одоо л төрийн гурван өндөрлөгийн алсын хараа, шийдвэр оролцоо хамгийн чухал байна.

Хар тамхи мансууруулах бодисын аюул дэлхий нийтийн зовлон болж улс орнууд төрөл бүрийн аргаар тэмцэж байна. Ихэнх улс орнууд үр дүнтэй урьдчилан сэргийлэхийн тулд хар тамхинд донтсон иргэдийг хорихгүйгээр эмчлэх аргыг түлхүү хэрэгжүүлж байгаа бол эсрэгээрээ цагаан тахал гэгдэж хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй мансууруулах бодистой “хатуу гар”-аар тэмцэж байгаа нь ч бий. Үүний жишээ бол, Филиппин улс. Тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн санаачилсан хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд нийт хоёр жил гаруйн хугацаанд 5000 гаруй хүн амиа алдаж 164’000 хүнийг баривчилсны дотор 600 гаруй нь төрийн албан тушаалтан байжээ. Родриго Дутерте улс орон даяар хар тамхины хэрэглээг хориглох эрчимтэй ажил өрнүүлж, цагдаа хүчний байгууллагынхан ч бас хар тамхитай холбоотой хэрэгтэнтэй “хатуу гар”-аар тэмцэж хар тамхины наймаанд сэжиглэгдсэн болон түүнийг худалдан авч хэрэглэсэн олон хүн цагдаа нарын гарт болон шүүхээс цаазын ял сонсон, амиа алдсан байна. Хэдийгээр Филиппин улсын бодлого хэтэрхий харгис хэрцгий ч манай улс хар тамхитай тэмцэхэд үр дүнтэй ажиллаж чадахгүй бол “хатуу гар”-аар ч хамаагүй үзэлцэхээс өөр аргагүй. Үгүй бол өнгөрсөн жилүүдийнх шиг харамсч буй дүр үзүүлж харж суусаар байгаад л хар тамхинд донтогчдыг хавтгайруулах нь. Тиймээс хар тамхины ангал руу ямар ч хяналтгүй “урсч” байгаа залуу үеэ аварч, улс орны уураг тархиа эрүүл байлгахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл судалгаа шинжилгээнд тулгуурлан оновчтой бодлого хэрэгжүүлж,  “хатуу гар”-ын  буюу аюултай зөвлөмж гаргах шаардлага тулгарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.8  ПҮРЭВ  №157  (6124)

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.