АН шаардаж, МАН түдгэлзэж байна

04327414b7f464eddfb1e2fb9b7ac7faҮндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр зөвшилцөх ажлын хэсгүүд өнгөрсөн өдрүүдэд хуралдлаа. Хаврын чуулган завсарлахтай зэрэгцээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан энэ хугацаанд хуулийн дагуу Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс  давхар дээлийг тайлж, засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, парламентын хяналтыг сайжруулж, Ерөнхий сайд биечлэн хариуцлага хүлээдэг байхаар зохицуулалт хийжээ. Ингэхдээ Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлнэ.  Харин Засгийн газарт УИХ-ын дөрөв хүртэл гишүүнийг багтааж болохоор тусгасан.  Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж ирэх аж.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгч өөрийн саналаа хуулийн төслөөр өргөн бариад байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жилээр, гишүүдийн тоог 108 болгох саналыг тусгасан нь олны анхаарлыг татаад байгаа. Үүнээс гадна тухайн парламентад олонхи болсон улс төрийн хүчний УИХ-ын гишүүдээс  Ерөнхий сайдыг сонгоно. Засгийн газрын танхимд Ерөнхий  сайдаас бусад нь дан дээлтэй байх зохицуулалт хийхээр тусгасан байна лээ.  Сөрөг хүчин АН  ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.   Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийн хуралдаанаар “Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж үл болно” гэсэн томъёолол дэмжигдсэн байна лээ.

Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс давхардлыг хасч, нэгтгэхэд Үндсэн хуулийн 41 хувьд нь нэмэлт өөрчлөлт орохоор байгаа юм билээ. Хуулиараа Үндсэн хуулийн 35 хүртэл хувийг өөрчлөхөд нэмэлт өөрчлөлт, үүнээс дээш хувьд өөрчлөлт орвол шинэчилсэн найруулга болох юм билээ. Тиймээс ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хувьд барина гэсэн байр сууриа илэрхийлсэн. Харин улс төрийн 14 нам, тэр дундаа МАХН-аас Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хийхийг шаардаж байна лээ.

Эрх баригч хүчин МАН Ерөнхийлөгч болон сөрөг хүчин АН-тай улс  төрийн тохироонд хүрснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлнэ батална гэж олон нийт харж байна. Хэдийгээр бусад  улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, судлаачид, хуульчдын саналыг авах ч, өөрчлөлтөд тусгах гол асуудлыг дээрх тохироо шийднэ.

Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ард нийтийн санал асуулгыг явуулж болно, явуулахгүй ч байж болно гэсэн  түдгэлзсэн  байр суурь илэрхийлж байгаа. Тэгвэл сөрөг хүчин АН-аас “Ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой, ард нийтээсээ асууж байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн батална” гэсэн хатуу байр суурин дээр зогссоор ирсэн. Сөрөг хүчин энэ байр сууриа бататгаж, дээрх асуудлыг  Үндсэн хууль хэлэлцэх дэгд суулгах,  “Ард нийтийн санал асуулга явуулна” гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулах хүсэлтийг  УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Эрх баригчдын тухайд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон даяар явуулж, санал авч байгаагаа түмнээрээ хэлэлцсэнд тооцсон өнгөтэй харагдсан. Өмнө нь 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт өөрчлөлтийг батлахдаа ард нийтийн санал асуулга явуулаагүй. Тиймээс энэ удаад ч заавал ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр батлах нь асуудалгүй. Тэгээд ч цаг хугацааны хувьд шахагдах талтай гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ид амралтын улирлын үеэр явуулж, хүчийг нь сулруулж байна гэсэн шүүмжлэл бий. Үнэндээ ч зуны дэлгэр цагт иргэд зусландаа гарсан аймаг, сумын захиргаа байтугай Төрийн ордон ч эл хуль эзгүй үед хэлэлцүүлэг явагдсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцогсод л байр сууриа илэрхийлж байгаагаас түмэн олон чих тавиад байсан зүйлгүй.

Тэр байтугай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг сөрөг хүчингүйгээр, олноороо эрдэж явуулсан эрх баригчид Ард нийтийн санал асуулгыг явуулахад ч шалтгаан бус шалтаг өчнөөнөөр нь тооцож чадна. Наад зах нь цаг хугацааны хувьд амжихгүй, намрын ажил цалгардуулна, энэ оны төсөвт санхүүжилт тусгаагүй гээд шалтаг мундахгүй.

Ямартай ч ирэх долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг чуулганаар үргэлжилнэ. Эндээс л эрх баригчид Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчинтэй зөвшилцөл, тохироонд хүрч чадсан эсэхээс дараагийн алхам хийгдэх юм.

Н.Энхбат

Shuud.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.