Тайван цагийн “тахал” болсон гэр бүлийн хүчирхийлэл таны эргэн тойронд байна уу?

5334

Тайван цагийн “тахал” болтлоо халдварласан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох боломжтой талаар энэхүү бичвэртээ хөндөхийг зорилоо. 

Хүчирхийллийг “тахал”-тай зүйрлэсний учир нь эргэн тойрондоо халтай, халдвартай, үр хүүхдээр дамжин цаашид ч үргэлжлэх боломжтой байдаг билээ. Гэр бүл дэх хүчирхийлэлд ХҮН та л цэг тавьж чадах бөгөөд энэ “тахал”-ын өмнө нүд нь боолттой, чих нь дүлий юм шиг байж, хэлээ хазан өнгөрүүлэхгүй байхыг танаас хүсье!
Амралтын өдрийн өглөө утас дуугарна. Дуг нойрноос дур мэдэн сэрээсэн дуудлагыг авахад “Найз нь байна аа, эрүүлжүүлэхээс ирж аваарай” гэх танил нэгний дуу сонстов. Эрүүлжүүлэхийн үүдэнд “баатруудаа” авах гэсэн олны хөл тасрахгүй ажээ. Эрүүлжүүлэхийн төлбөр болох 4,150 төгрөг төлөөд найзыгаа гарч ирэхийг хүлээж байсан би, цагдаагийн хэлтэс рүү очин учрыг олж, хужрыг тунгаахаар болов. Учир юунд гэвэл манай “баатар” зүгээр нэг архи уугаад эрүүлжүүлэгдээгүй, эхнэртээ гар хүрсэн гэх дуудлагаар төрийн хамгаалалт дор нэг хоног амрах “эрхийн бичиг”-ээр шагнагдсан нь энэ ажээ.
Эхнэр ч гэлтгүй гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээдэг байхаар 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулагдсан. Тус хуульд таны салсан, сарнисан, хамтран амьдрагч, хамтран амьдарч байгаагүй ч дундаасаа хүүхэдтэй, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан гээд энэ бүгд нэгэн адил хамаарна.
Эхнэр нь ч эрхээ мэддэг хүүхэн юм байж. За тэр ч яах вэ, найзыгаа авах минь. Өглөө 08:00 цагт ирсэн атал үд дунд өнгөрчихөөд байдаг. Хэрэв эхнэр нь гомдолтой гэвэл гэмт үйлдэл хийгээд гэлбэлзэж буй нөхөр, торгуулийн 100,000 төгрөг дээрээ нэмж 7–30 хоногийн баривчилгаанд явах болно. Аргалахаас өөр арга алга. Очиж эхнэрийг нь гэрээс нь авлаа. Цагдаагийн хэлтэс рүү явах зууртаа тал засаж, тайлбарлахыг оролдов.
  • -Одоо яах гэж байна вэ?