Оюутан цэрэгт 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг

5341

“Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сурч мэдсэн зүйлээ Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагууд болон их, дээд сургуулийн захирлууддаа тайлагналаа. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын тайлант хичээл Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд боллоо.

Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 51 их, дээд сургуулийн 1,000 оюутан хамрагдаж байна. Тэдний 300 нь Ховд, Зүүнбаян, Эрдэнэт, Өвөрхангай дахь орон нутгийн ангиудад суралцаж байгаа бол 700 нь Улаанбаатарт хичээллэж байна.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ахуй хангамж, нөхцөл байдал сайжирсан, тухайлбал 1,000 оюутан цэрэг хүлээж авах чадамжтай цэргийн байртай болж, хичээлийн байруудын тоноглолыг сайжруулсан гэлээ.

Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнууд ерөнхий тактик, зенит артиллерийн хичээл, амьд гарах арга ухаан, холбооны болон сэтгэлзүйн бэлтгэл, инженер, химийн бэлтгэл хичээлүүдээр өртөөчилсөн үзүүлэх тоглолтуудыг хийж, цэргийн эрдэмд хэрхэн суралцснаа харууллаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдснаар багаар ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай болж, ёс суртахууны хувьд төлөвшиж, үг сонсож сурдаг гэж тус хөтөлбөрийн зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав ярилаа.

Оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хааснаар тооцохын зэрэгцээ цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна.

2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5,500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Энэ жил тус хөтөлбөрт 7,000 гаруй оюутан бүртгүүлснээс энэхүү 1,000 оюутныг шалгаруулан авжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.