Зимбабвегийн нийт хүн амын гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгджээ

Зимбабвегийн нийт хүн амын гуравны нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэн тухай НҮБ-аас мэдээлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар тус улсад нүүрлээд буй ган гачиг, өлсгөлөнг даван туулахын тулд нийт 331 сая ам.доллар шаардлагатай аж. Энэ жил Зимбабвед ган гачиг ихтэй, ургац муу байгаагийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Ган гачиг нүүрлэсний улмаас гол, нуурын усны түвшин буурч, усан цахилгаан станцуудын үйл ажиллагаа доголдсоноор улс даяар цахилгаан хүртэл тасалдаад байгаа аж.

Түүнчлэн тус улсын эдийн засагт хэт инфляц үүсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Сангийн сайд Мтули Нбубе өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 757 мянган өрхөд үр тариа тараасан ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа талаар мэдээлжээ. Өдгөө 15 сая хүн амтай энэ улсыг 37 жилийн өмнө Өмнөд Родези гэж нэрлэдэг байв. Засгийн эрх хийгээд нийгмийн баялгийг нь 300 орчим мянган цагаан арьстан эзэгнэж байлаа. Гэсэн хэдий ч ӨАБНУ-тай харьцуулахад тухайн үед энэ улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бараг байгаагүй бөгөөд хүн ардынх нь амьжиргааны түвшин Африк тивдээ дээгүүрт ордог байв. 1980 онд тусгаар тогтнолоо олж авсан Зимбабве Улс улам цэцэглэн хөгжинө гэж дэлхий нийтээрээ харж байсан юм.

Учир нь, харьцангуй жижиг энэ улс цагаан алтны нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд алмаазаар ч баян. Дээр нь өндөр хөгжсөн газар тариалангийн салбар нь Африк тивийг бүхэлд нь тэжээж чадахаар байлаа. Гэтэл засгийн эрхийг авсан Мугабе нэг намын тогтолцоог бий болгож, улс төрийн өрсөлдөгчдөө намнаж эхлэв. Шийдвэр гаргах бүх эрх мэдэл түүний гарт төвлөрлөө. Ерөнхийлөгч болонгуутаа Мугабе газрын шинэтгэл хийж, цагаан арьст фермерүүдийн газрыг ямар нэгэн нөхөн төлбөр өгөлгүйгээр хураан авч, газаргүй тариачид болон тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон ахмад дайчдад олгожээ. Мугабе европ гаралтай иргэдийг уугуул иргэдээс газрыг нь булаан авсан ардын дайснууд гэж нэрлэж байв. 2002 онд тэрбээр цагаан арьст 4000 фермерийг шоронд хорино гэж сүрдүүлэн улсаасаа хөөн гаргасны хариуд Европын холбоо Зимбабве Улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Цагаан арьстнууд Зимбабвегаас хөөгдөн гарснаас хойш хөдөө аж ахуйн салбар нь бүрэн сүйрчээ.

Үүний улмаас тус улс уруудах замдаа нэгэнт шуудран орсон байна. Ингэж явсаар 2008 он гэхэд инфляцийн түвшин 230 сая хувьд хүрч, нэг ширхэг талх 300 тэрбум зимбабве долларын үнэтэй болов. Цөхрөнгөө барсан эрх баригчид үндэсний валютаасаа татгалзаж, оронд нь доллар, юаниар тооцоо хийхээс аргагүйд хүрсэн. Үүний зэрэгцээ авлига, ДОХ-ын халдвар, гэмт хэрэг, хүчирхийлэл газар авсан нь эдийн засгийн гүнзгий хямрал дээр улам нэрмээс болсоор байна. Мугабегийн үед Зимбабве Улс боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт ихээхэн амжилт олж, Африк тивдээ хамгийн хүчирхэг армитай улсын нэг болсон ч эдийн засгийн бодлого нь дэндүү их алдаатай байлаа. Африкийн хамгийн аж үйлдвэржсэн орны нэг гэгдэж байсан Өмнөд Родези өдгөө нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээр дэлхийд сүүл мушгиж байна.

Эх сурвалж: https://www.bbc. com/news/world-africa-49259678


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.