Вакциныг буруутгасны горыг хүүхдүүд амсдаг

RHВакцин бол төгс дархлаа хэмээх эмч байхад зарим нь эргэлзээ төрүүлэхээр хариулт хэлэх нь ч бий. Вакцины ачаар хүн төрөлхтөн олон халдварт өвчнөөс хамгаалагдаж буй нь маргашгүй үнэн гэдэгтэй санал нийлэх хүн олон буй за. Гэвч анхаарч, мэдүүштэй нь мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхдэд вакцин тийм ч таатай биш гэдэг мэдээлэл байна. Хоёр настай М хүү вакцины улмаас саажилттай болсон гэж ээж нь ярив. Гэхдээ энэ бол ердөө л түүний ээжийн хардалт төдий.

Долоон сартай дутуу төрсөн М-ийг төрөнгүүт 24 цагийн дотор эмнэлэгт байхад нь вакцинд хамруулжээ. Үүнээс хойш тэр жирийн хүүхэд шиг өсөж долоон сар хүрлээ. Гэм нь биеийн жин бага, дутуу төрсөн гэх шалтгаанаар товлолын вакцинаас нь хойшлуулсаар байв. Харин дараа дараагийн товлолын вакцинд хугацаандаа хамрагдаж чадахгүй байсаар долоон сар хүрч, мөлхдөг болжээ. Нэг өдөр өрхийн эмч нь залгаж дархлаажуулалтад хамрагдах хугацаанаасаа хэтэрхий оройтож байгаа тул даруй вакцин хийлгэхийг тулгажээ.

Өрхийн эмчийн хэлсний дагуу ээж нь хүүгээ тэвэрч очоод вакцин тариулсан байна. Үүнээс хэсэг хугацааны дараа хүү маань саажилттай болсон гэж залуу эмэгтэй харамсаж сууна. Хүү хоёр нас өнгөрсөн ч бие даах чадваргүй, байнга хөдөлгөөн заслын эмчилгээнд явдаг болов. Тэр хоёрын энэ нөхцөл байдал бусад ээжүүдийн сэтгэлд ч айдас төрүүлэх нь ойлгомжтой. Дутуу төрсөн олон ээж хугацаанаасаа өмнө төрсөн хүүхдүүдээ М хүү шиг болчих юм биш байгаа гэсэн нууц айдас тээн болгоомжилсоор жаалуудаа вакциных нь товлолоос нэлээн хоцроож орхижээ.

М-ийн ээжийн вакцинд бурууг тохох нотолгоогүй хардлага бусад ээжүүдэд ийн нөлөөлж, вакцинаас болгоомжлох айдас төрүүлж, цагтаа дархлал авч халдвараас сэргийлэгдэх ёстой хүүхдүүдийг хөлдөө чирэв. Нэг хүний батлагдаж, нотлогдоогүй хардлага олон хүнд хэрхэн нөлөөлдгийн жишээг эндээс харж болно. Ганц энэ ч бус хэн нэгнээс ам дамжин яригдсан баталгаагүй зүйлийг туршдаг, бие биеэсээ нүүр номоороо дамжуулан эрүүл мэндийн зөвлөгөө авдаг байдал хүмүүсийн дунд их байна. Угтаа бол аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж сурах ёстой юм. Эрүүл мэндийн элдэв зөвлөгөөг зөвхөн мэргэжлийн эмчээс нь авах учиртайг ухамсарлах цаг хэдийн болсон санагдана.

Гэхдээ вакцин гэхээс илүүтэй сүүлийн үед илрэх болсон мэдрэлийн тогтолцоо, дархлалын тогтолцооны эмгэгүүд зарим хүүхдийг вакцинд хамрагдах үед давхар илэрснээр саажилт үүсэж болзошгүй болохыг эмч мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа юм.

Дутуу төрсөн нярайнуудын цөөнгүй хувь нь тархины харвалттай байдаг аж. хүний уушги тархиа тэжээдэг эрхтэн юм. Гэтэл дутуу төрсөн хүүхдүүдийн уушги дутмагшилтай буюу бүрэн төлжөөгүй байдаг. Ийн бүрэн төлжөөгүй эрхтэн тархиа тэжээж хүчрэхгүйд хүрч харвалт явагддаг. Уушгины дутмагшлаас улбаатай тархины харвалт хүнд хэлбэртэй бол мэдрэлийн эмгэг үүсгэж болзошгүй байдаг учир тухайн чиглэлийн мэргэжлийн эмчээр хянуулж байж вакцинд хамрагдах ёстой юм. Эс бөгөөс тархины харвалтыг бүрэн эдгэрснийх нь дараа вакцинд хамрагдах ёстой юм байна.

Нэг ангид 50 хүүхэд явж байгаа нөхцөлд вакцин хийлгэсэн хүүхэд л аврагдана

Түүнчлэн сүүлийн жилүүдэд түгээмэл илэрч буй сэрээ булчирхайн эмгэг вакцин хийлгэхэд хориотой өвчний нэг аж. Сэрээ булчирхайн томролттой хүүхдэд эмчилгээ хийгээд төгс эдгэрснийх нь дараа л вакцинд хамруулах боломжтой болно. Орчин үед оношилгооны тоног төхөөрөмж сайжирч төдийлэн сайн илрээд байдаггүй эмгэгүүдийг маш нарийн оношилж чаддаг болжээ. Оношилгоо сайжирсны ачаар сэрээ булчирхайн эмгэгүүд илрэх болсон байна. Энэ нь манай улсын эрүүл мэндийн салбарт гарсан том дэвшил гэж хэлэхээс яахав.

Зарим нэг эмгэгээс болж хүүхэд саажилттай болдог нь эрүүл мэндийн мэдлэг дутмаг иргэдийн вакциныг буруутгах хардлагыг улам дэвэргэсээр байна. Гэтэл эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар дэлхий дахинд вакцинаас үүдсэн саажилт, сөрөг нөлөө гарахаа байжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд вакцинаас үүдсэн эмгэг бүртгэгдээгүй байна. Манай улс НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулж вакцин авдаг. Тэгэхээр баталгаатай газраас импортолдог гэсэн үг.

Гэтэл эцэг, эхчүүдийн вакцинд үл итгэдэг гор хүүхдүүдийг хохироож мэдэх нь. Учир нь герман улс л гэхэд вакцинд бүрэн хамрагдаагүй хүүхдийг цэцэрлэгт оруулдаггүй юм байна. Мөн насанд хүрээд өндөр хөгжилтэй улс орнууд руу сургуульд явахад заавал вакцинд хамрагдсаныг нотлох бичигтэй байх ёстой аж. Дэлхий нийтээрээ даяарчлагдаж, олон улсын харилцаа улам тэлж байгаа өнөө үед хүүхдээ вакцинд заавал хамруулахгүй бол насанд хүрээд гадагшаа сургуульд явж чадахгүйд хүрэх талтай.

Тэгэхээр хэн нэгний сөрөг нөлөөнөөс болж вакцинаас болгоомжилж буй зарим хүмүүс хүүхдээ заавал дархлаажуулалтад хамруулах хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй бололтой.

Вакцин бол олон төрлийн халдвараас сэргийлээд зогсохгүй тухайн хүүхдэд дархлаа тогтоож өгөх үүрэгтэй. ЭХЭМҮТ-ийн эмч “Вакцинд хамрагдаагүй хүүхэд дархлаа султай байдаг. Ялангуяа өнөөдөр цэцэрлэгүүд ачааллаа дийлэхээ байсан, нэг ангид 50 хүүхэд явж байгаа нөхцөлд вакцин хийлгэсэн хүүхэд л аврагдана. Ийм олон хүүхдийн дунд вакцин хийлгээгүй нөхрийг явуулбал хүн бүрийн ханиадыг өөртөө наагаад эмнээс салдаггүй л болно гэсэн үг” хэмээн анхааруулсан.

Вакцинд хүүхдээ хамруулахгүй бол ямар хор уршигтай болохыг хоёр жилийн өмнө дэгдсэн улаанбурхны тархалт харуулсан байх. Нийгмийн шилжилтийн үед улаанбурхны вакцинд хамрагдаж чадаагүй нөхдүүд өвчилсөн, тэдний хажуугаар дархлаажуулалтад хамрагдах хугацаа нь болоогүй байсан нярайнууд өртөж, цөөнгүй нь хорвоог орхисон хар тэмдэглэл бий. Өдгөө ч дэлхийн зарим оронд улаанбурхны тархалт өндөр байна гэсэн мэдээлэл цацагдсаар байгааг анзаарах хэрэгтэй.

ЗГМ: ТОДРУУЛГА

О.Дашпагма: Вакцин бүр өөр өөр онцлогтой

Бид ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тухай зарим зүйлийг тодрууллаа.

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулах идэвх хэр байна вэ. вакцины ач холбогдлыг тодруулж өгнө үү?

-Манай улс вакциныг товлолын дагуу хийдэг болоод нэлээн хугацаа өнгөрлөө. Иргэдийн вакцинд итгэх итгэл сайжирч байгаа. Судалгаагаар хүүхдүүдийн вакцинд хамрагдалт 98 хувьтай байна. Үлдсэн цөөн тооны хүүхдийн хувьд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж вакцинд хамруулахыг түр хугацаагаар хойшлуулдаг. Гэхдээ нөхөн дархлаажуулалтад тэднийг эргээд хамруулж байгаа. Жишээ нь, хүүхдийг ханиадтай байх үед вакцин хийж болдоггүй. Заавал хойшлуулаад эдгэрснийх нь дараа нөхөн дархлаажуулдаг журамтай.

-Зарим эцэг, эх хүүхдэдээ вакцин хийлгээд саажилттай болчихлоо гэж яриад байдаг. Ийм тохиолдол гардаг уу?

-Сүүлийн жилүүдэд вакцинаас үүдсэн хүндрэл манай улсад бүртгэгдээгүй. Нэг сая хүн/тун вакцин хийхэд нэг тохиолдол нь хүндрэл өгөх магадлалтай гэж үздэг ч энэ нь ерөнхийдөө дэлхий дахинд бүртгэгдээгүй удаж байна. Тухайн хүүхдийн архаг хууч эмгэгээс үүдээд вакцинд хамааралгүйгээр саажилт үүсэх тохиолдол бий. Саажилт өгдөг эмгэгүүд гэж бас бий. Мэдрэлийн гаралтай, вирусийн гаралтай эмгэгээс үүдсэн саажилт байж болно. Вирусийн гаралтай саажилтыг манай улс танддаг. Халдварт саагаар үүсгэгдсэн өвчин бий. Үүнээс сэргийлэхийн тулд саагийн вакцинд хамруулдаг шүү дээ. Тэгэхээр саажилт үүссэн тохиолдлыг нарийн судалж үзэх шаардлагатай. Мэдрэлийн гаралтай байна уу, вирусийн халдварын гаралтай юу, гэмтлээс шалтгаалсан саажилт уу гэдгийг оношилгооны аргаар нарийн тодорхойлох ёстой. Түүнээс биш вакцинаас болж саажилт үүссэн тохиолдол байхгүй. Магадгүй тухайн хүүхдэд ямар нэг архаг хууч өвчинтэй холбоотой эмгэг илрэх гэж байгаад вакцин хийлгэх үетэй давхцан шинж тэмдэг мэдэгдсэн тохиолдол байхыг үгүйсгэхгүй.

-Танай албанд вакцинаас үүдэлтэй саажилттай боллоо гэх гомдол ирж байсан уу?

-Вакцинтай холбоотой гомдол ирж байгаагүй.

-Товлолын хугацаанд вакцинаас хоцорсон тохиолдол нэг нас хүрсэн хойно нь нөхөн хийлгэж болох уу?

-Хүүхдийг нөхөн дархлаажуулах боломжтой. Хүүхэд вакцины бүрэн тунд хамрагдаж байж тухайн өвчнөөс сэргийлэх дархлаа сайн тогтоно гэсэн үг. Ялангуяа мэдрэлийн гаралтай эмгэгүүдийн үед вакциныг заавал хойшлуулах шаардлага гардаг. Мөн сэрээ булчирхайн томролттой хүүхдүүдийг вакцинд хамруулахыг хойшлуулдаг. Сэрээ булчирхай томорно гэдэг нь тухайн хүүхдэд дархлааны асуудал байгааг илэрхийлдэг. Ийм тохиолдолд эдгэрч, булчирхайн өөрчлөлт хэвийн хэмжээнд болсон үед вакцин хийлгэх ёстой. Ингэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч аль вакцинаас эхэлж хийлгэхийг товлох нь зөв.

-Товлолын вакциныг хойно, өмнө нь оруулж хийлгэж болдог уу?

-Тухайн нөхцөлд ямар өвчинд өртөх эрсдэлтэй байна гэдгийг тандаж байгаад тохирсон вакциныг эхлээд хийлгэж болно. Ер нь хойно өмнө нь оруулж хийж болно.

-Манай улс одоогоор хэчнээн төрлийн вакцин хийж байна?

-Манай улсад 12 төрлийн халдварт өвчний эсрэг найман төрлийн вакцин хийж байна. Халдварт саагийн вакцин гэхэд гурван тунг авах ёстой. Ихэнх нь хоёр хүртэлх насандаа дархлаажуулалтад хамрагддаг. Харин насанд хүрэгчид ажил мэргэжлийнхээ онцлогийн дагуу вакцин хийлгэх ёстой. Мөн сайн дурын дархлаажуулалтаар вакцинд хамрагдах боломжтой.

-Вакциныг халдварт өвчинд өртөхөөс найдвартай хамгаална гэж ойлгодог. Гэтэл сургуулийн хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн нь эргэлзэхэд хүргэж байна л даа. Сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хүүхэд бүр хийлгэдэг шүү дээ?

-Вакцин бүр өөр өөр онцлогтой. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг вакцин насан туршид нь дархлаа тогтоодог. Харин сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин халдварт өртөхөөс хамгаалахгүй. Өвчилсөн тохиолдолд ард нь гарах олон хүндрэлээс сэргийлнэ. Сүрьеэ бол менингитийн хүндрэл болдог өвчин. Вакцинд хамрагдсанаар энэ хүндрэлээс хамгаалагдана. гепатит А-гийн эсрэг вакцин бол хүүхдийг гараа угааж чадахгүй байхад нь бохир эд зүйлээр дамжиж халдварлах халдвараас хамгаалдаг.

-Удахгүй томуугийн улирал эхлэх нь. Энэ жил томуугийн вакциныг хэзээнээс хийх вэ. Бэлтгэл хангагдсан уу?

-Томуугийн дэгдэлт зарим улс орнуудад жилийн турш идэвхтэй байна. Манай улсад өвлийн улиралд илүү идэвхждэг. Иймд намар Х, ХI сард томуугийн улирлыг угтуулан зорилтот бүлгийнхэнд вакцин хийдэг. Зорилтот бүлгийнхэн гэдэгт цэцэрлэгийн насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд багтана. Энэ жил манай улсын Засгийн газар 160 мянга орчим хүн/тун вакцин захиалсан. Есдүгээр сард үйлдвэрээс гарна гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр аравдугаар сард зорилтот хүн амыг томуугийн дархлаажуулалт хамруулна гэж урьдчилан тооцоолж байна. Одоогоор томуугийн вакцины үнийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Үйлдвэрлэл болон тээврийн зардал зэргээс шалтгаалан үнийг тогтоодог.

ЗГМ сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.