ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЦЭРЭГ ХӨДӨЛГӨХӨД ТУЛТЛАА “ПОПРОВ”

5584

Монгол Улсын Ерөнхий сайд ахиад л “Чойжин буулаа”. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан энэ удаа У.Хүрэлсүх сайдын “чойжин буух” зан үйлийн талбар болов. Тэрээр энэхүү зан үйлийг үйлдэхээсээ өмнө 21 аймгийн Засаг дарга нар болон яам, агентлагийн дарга нараас зуншлагын нөхцөл байдал хийгээд өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар мэдээлэл сонсч, цаг үеийн ажлуудын талаар үүрэг чиглэл өгсөн юм. Гэвч удалгүй “сэлэм эргүүлж” эх орончийн дүрдээ хувилсан нь энэ.

Дашрамд хэлэхэд чойжин буух хэмээх шашны зан үйлийн үед чойжин хүн амаа ангайн, шүдээ ярзайлган, нүдээ бүлтийлгэж, ам хамраас нь шүлс хөөс сахран, хөдөлгөөн нь ширүүсч, илд муруйлган мушгих, халуун төмөр долоох зэрэг ид шидийг үзүүлдэг гэдэг. Мөн нум сум, илд, жад, ташуур зэргийг хэрэглэн төр шашинд тэрсэлж, хор хүргэсэн ад зэтгэр, шулмасыг даран устгах, сүсэгтэн олныг ташуураар ороолгон биед нь шүглэсэн муу муухайг хөөн зайлуулдаг байна. Чойжин бууж дуусахад тосон авах биерхүү хоёр лам бэлэн байх ба чойжин лам өөрөө ухаан алдсан байх юм уу, юу болсон, ярьснаа мэддэггүй ажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чойжин буух зан үйлийнхээ эхэнд “Гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно. Газар хөлдөнө” хэмээн гайхалтай үнэн үгийг хэлжээ. Өвөл болохоор цас ордог гэдэг шиг л гайхамшигтай үнэн аксиомыг Ерөнхий сайд айлдах нь тэр. Үүгээрээ тэр М.Билэгт гишүүнийг давах нь тодорхой болов бололтой. Тэрээр цааш нь “Экологи урьдчилж таахын аргагүйгээр өөрчлөгдөж байна. Тиймээс ялангуяа гурил, махан дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой. Энэ талаар би Ч.Улаан сайдад албан ёсоор үүрэг даалгавар өгөөд байна. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд өөрөө толгойгоороо хариуцна гэдгийг би эртхэн хэлье. Эртхэн шиг энэ тал дээр зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай ХХААХҮЯ-ны холбогдох хүмүүс ээ. Мал нядлагаа эхлэхээс өмнө би Ерөнхий сайдын хувьд хэллээ шүү. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй юмаа алдчихаад янз янзын тайлбар тавих шаардлага байхгүй учраас одооноос энэ асуудалд сайн анхаар” хэмээсэн байна.

Ийнхүү бие халаалт хийснийхээ дараа хөдөлгөөн нь ширүүсэн, гараараа сэлэмдэх, заазуурдах хөдөлгөөн үзүүлэн зангаж, шударга ёсны илдийг мушгин зангидав уу гэлтэй олныг алмайруулах алдарт үгсээ хэлж эхэлжээ. Тухайлбал, “Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарал тавь. Тост, Тосон бумбын ордыг бид яаж байж эргүүлж олж авав. Түүнийг дагаад хэд хэдэн компаниуд өнөө маргаашгүй газар ухах гээд зогсч байгаа. Үүнийг Байгаль орчны яам анхааралдаа ав. Лицензүүдийг нь цуцал. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ асуудал дээр төрийн хуулийг зөрчсөн ямар ч олигархиуд бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй байна” хэмээв. Уул уурхайн салбарт алдаа дутагдал бий. Гэвч энэ салбар бол ойрын 10-20 жилд Монголын эдийн засгийг нуруундаа авч явна. Тиймээс уул уурхайг үзэн ядаж, лиценз, зөвшөөрлүүдийг нь хоморголон хурааж, олон нийтийг тэдний эсрэг турхиран босгох нь сайн үр дүнд огт хүргэхгүй. Харин төрийн ухаалаг бодлогоор хариуцлагатай уул уурхайг дэмжиж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангаж, ирээдүйн тогтвортой хөгжлийн суурийг зөв тавихад Засгийн газрын тэргүүн санаа бодлоо чилээх учиртай. Харамсалтай нь У.Хүрэлсүх тэгж толгойгоо гашилгаж, биеэ зовоохыг бодсонгүй. Шууд л сэлэм эргүүлж, биегүй дайсантай цусгүй тулалдах популист хувьсгалын удирдагчаар өөрийгөө өргөмжлөхийг чухалчилсан билээ. Үүнийгээ ч энэ удаагийн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр дахин баталжээ.

“Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа. Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. Таван аймгийг дамжиж явдаг Орхон гол ширгээд дууслаа. Одоо үүнд цэг тавих хэрэгтэй. Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Эко Алтан заамар, Тост тосон бумба, Гутайн даваа гээд газруудыг эхний ээлжинд шалга, арга хэмжээ ав. Та нар ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өг. Хийх хүн байгаа.
Ө.Энхтүвшин даргаар ажиллуулсан дөрвөн сайдтай ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэн шалгана. Аль нь хууль ёсны, аль нь хууль ёсны биш гэдгийг шалгана.

Бидэнд алт хэрэгтэй юм уу экосистем хэрэгтэй юм уу. Байгалийн тогтвортой байдал, экосистемийн өмнө ямар ч дарга, хууль бөхийх ёстой. Байгалийн эсрэг хууль дүрэм, албан тушаалтан гэж байхгүй. Нийгмийн хууль байгалийн хуулийн доор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль. Хууль бусаар газар ухаж төнхчиж байгаа хүмүүс, олигархиудтай тэмцэх ёстой. Сумын Засаг даргад авлига өгөөд Тост тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсоныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тагнуулын дарга аа, тэр АТГ-ын даргыг дуудаж авчрах хэрэгтэй. Манай өрөөнд өнөөдөр цугла. Гэмт хэргийг одоо илрүүл, шийтгэ. Ямар албан тушаалтан байх нь хамаагүй. Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол тэр хүн ялаа эдлэх ёстой. Одоо цөмөөрөө ингэж ажиллая. Би энийг та нарт олон удаа хэлж байгаа. Одоо би ард түмний өмнө, телевизээр хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажилла, дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь заналхийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд”.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ үг олон нийтэд таалагдсан гэхээсээ илүү зэвүүцэл, хөх инээд, дургүйг нь зэрэг зэрэг хүргэв. Ийм ойворгон, ийм сүржин, ийм хоосон, ийм худлаа мэдэгдэлд хэн итгэх юм. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо хойш ийм сүржин мэдэгдлүүдийг тодорхой давтамжтайгаар хийж байгаа болохоор учир мэдэх хүмүүст бол түүний өчигдрийн чойжин буулт эмгэнэлт жүжиг болж харагдсан байлгүй. Яагаад гэвэл Ерөнхий сайдын хэлж байгаа үгс уг нь зөв боловч тэрээр үүнийгээ хэрэгжүүлэх талаар огт алхам хийдэггүй атлаа үе үе ингэж сүржигнэдэгт байгаа юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд Засгийн газрын хуралдаанууд, төрийн албан хаагчдын зөвлөгөөн дээр У.Хүрэлсүхийн хэлсэн үгнүүдийг он цагийн дарааллаар нь зэрэгцүүлээд үзэхэд л үүнийг төвөггүй харж болно. Хамгийн инээдтэй нь уул уурхайн компаниудын эсрэг цэрэг цагдаа хөдөлгөх тухай сүржин үгс. Нийгэмд шударга ёсыг тогтооход цэрэг хөдөлгөх ямар ч шаардлагагүй. Тэр тусмаа Монголд. Хуулиа л биелүүлдэг болох ёстой. Хуулийн дээр гишгэсэн төр засаг шударга ёсыг тогтооно гэж ярих нь хонинд чоно хадгалуулсантай адил юм. Ерөнхий сайд өчигдрийн хэлсэн үгээрээ өөрийнх нь толгойлж буй Засгийн газар хийгээд өөрийнх нь удирдаж буй МАН-ынхан үнэмлэхүй олонхи байгаа УИХ хууль бус үйлдлүүд хийсээр байгааг хүлээн зөвшөөрчээ.

У.Хүрэлсүх “Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хувийн эрх ашиг доогуур эх орны ашгийг шургуулдаг байж болохгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон. Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-дэнэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Үүний төлөө тэмцэж ажиллая. Үүн дээр би хатуу байр суурьтай байдаг” хэмээн хэлсэн байна.
Удирдаж буй Засгийн газар нь, толгойлж буй нам нь ийм ёс суртахууны ялзралд орчихоод байгааг, өөрөө тэр ялзмагийн нэг бактери нь болчихоод байгаа атлаа шударга ёс хэмээн хашгирах нь алдарт үлгэрч Андерсений “Хааны шинэ хувцас” үлгэрийг эрхгүй санагдуулах нь хоржоонтой. Шударга ёсны сахиусан тэнгэр мэт аяглаж буй Хүрэлсүх “хаан” нүцгэн байгааг нэг л өдөр хэн нэгэн ядуу хүү түмэн олны нүүрэн дээр улайтал хэлэх вий.

Түүнчлэн Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдэлд Засгийн газар хоёрхон зорилт тавьсны нэг нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтоох хоёрт нь улсын эдийн засгийн уналтыг зогсоож сэргэлтийг хангах юм гэдгийг онцолжээ. Даанч У.Хүрэлсүх энэ хоёр зорилгынхоо эсрэг сэлэм эргүүлсээр өнөөг хүрсэн байх юм. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангахад гол үүрэгтэй уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд руугаа Засгийн газрын тэргүүн үргэлж “популист пуужин” харвадаг. Монгол малаа амьдаар нь экспортлохгүй гэх мэтээр мал аж ахуйн салбарт “эх оронч” шийдвэр гаргаж, ингэхдээ өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг үгүйсгэн ард түмний ой санамжийг хэт басамжилсан алхмууд хийж л байсан. Малыг амьдаар нь экспортлох шийдвэрийг У.Хүрэлсүх өөрөө гаргачихаад эргээд бухаж сүрхий малд хайртай хүний дүрд хувилсныг хэвлэлүүд олж хараад тоймлож бичиж байсан билээ.

Түүнчлэн уул уурхайн салбарын зөв хөгжлийг хангаж эдийн засгийнхаа тулгуур, суурийг бататгахын оронд зүгээр л хааж боох, хурааж нийгэмчлэх бодлого баримталсан нь олон нийтэд таалагдсан байж болох ч алсуураа улс орны эдийн засагт асар хохиролтой, хорон бодлого болсон юм. Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн олон зуун лицензийг хураах тухай мэдэгдэж, заримд нь тусгай албадын хүчээр халдан довтолж, “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлаж байлдаантай кино шиг л үйл явдлууд сүүлийн жил хүрэхгүйн хугацаанд өрнөсөн. Сүүлдээ цэрэг хөдөлгөж улс орноо хамгаална гэж мэдэгдэх хүртэл Ерөнхий сайдын сүрт популизм оргилдоо хүрэв.

“Хэзээ ч нугарахгүй, хэн ч нугалж чадахгүй, хэнээс айхгүй, хэнд ч худалдагдахгүй. Намайг худалдаж авна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Хэн түүнийг худалдаж авах гэв гэсэн асуулт эндээс гарна. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа өөрт нь нэгэн хүн их хэмжээний мөнгөн авлига өгөх гэсэн тухай мэдэгдэж дуулиан тарьж байсантай У.Хүрэлсүхийн энэ мэдэгдэл агаар нэгэн уншигдаж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хэн худалдаж авахаар санаархав гэдгийг хууль, шүүх, цагдаагийн байгууллагууд даруй тогтоож, буруутай этгээдийг зарлах хэрэгтэй юм биш үү. Чойжин хүн чойжин нь буух үедээ юу хэлснээ мэддэггүй гэдэг. Харин Ерөнхий сайд чойжин буух үедээ юу хэлснээ санах байлгүй. Таныг хэн худалдан авахыг санаархав. Захын нэг бизнесмэн, улстөрч лав биш байх.

Г.Ууганбаяр

ЭХ СУРВАЛЖ: АTIME.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.