Төлбөртэй зогсоол уу, төвөртэй торгууль уу

Улаанбаатар хотод авто машины тусгай зориулалтын зогсоол байдаггүй. Гудамж зам, талбай, барилга байгууламж дундах зогсоол олдохгүйгээс болж жолооч, зорчигчид, иргэд бухимдаж, хоорондын харь¬цаанаас үүдсэн хэрүүл маргаан ч ихэд гардаг боллоо.

Гол зам, талбайг бөглөсөн машины мөргөлдөөн, шахцалдаанаас үүссэн хэрэг зөрчил ч гарч байна. Тэрчлэн Сүхбаатарын талбайн эргэн тойрны байгууллага, иргэд, жолооч нарын дунд машины зориулалтын бус зогсоолоос болоод машинтай иргэд ч бухимдаж, ганцхан тойрог, эргэх боломжгүй булангаас болоод гудамжинд зүй бусаар дохио хангинуулж, бүр гудамжинд улаан халз зам дээр заамдалцан зодолдох ч явдал гарах болов.

Улаанбаатар хотын «Хангарьд» ордон, «Голомт» банк, Хөрөнгийн биржийн баруун урдаас хойшоо эргэж, МОНЦАМЭ агентлаг, «Индра» зоогийн га¬зар, «Улаанбаатар» банк руу эргэж Тагнуулын ерөнхий газар, Үндэсний түүхийн музей, Төрийн ордон руу тойрдог замын уулзвар дээр өглөөнөөс эхлээд орой бүрий тасартал гудамжинд зүй бус дохио хангинуулж, маргаж муудалцах явдал хэвийн бус болж, тэндхийн ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцлийг алдуулдаг боллоо. Энэ талаар гарч буй гомдол, санал, эргэн тойрны байдлыг зохицуулах үүднээс тухайн уулзвар дээр Замын постыг хариуцан ажиллаж буй ажилтнуудаас тодруулга авлаа.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны харьяа Улаанбаатар Зам засвар, арчлалт Орон нутгийн өмчит үйлвэрийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн Ө.Баямаа:

-Нийслэлийн Иргэдийн төлөө¬лөгчдийн хурлаар 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам бат­лагдан гарсан. Нийслэлийн төв хэсгийн хэд хэдэн уулзвар зам дээр ийм пост байгуулсан. Тухайлбал, Сүхбаатарын талбай тойрсон Хангарьд ордон, Спортын төв ордон, Улсын Драмын эрдмийн театр орчмын талбайд тээврийн төлбөртэй зогсоол байрлуулсан.

Энэ нь 1-30 минут зогсох бол 500 төгрөг, 30-60 минут бол 1000 төгрөг, 61-90 минут бол 1500 төгрөг, 91-120 минут бол 2000 төгрөг, 120 минутаас хэтрүүлж зогсвол нэг цаг тутамд 3000 төгрөг хураана. Харин дээрх журмыг зөрчсөн тохиолдол бүрт зохих торгууль оноодог журамтай болсон. Эдгээр төлбөртэй зогсоо¬лоор үйлчлүүлэхдээ тасалбар, тусгай зориулалтын карт заавал авах хэрэгтэй.

НИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар Улаанбаатар хотын төв хэсэгт нийтийн эзэмшлийн 11 газар төлбөртэй зогсоол бай­гуулах шийдвэр гарсны нэг нь МОНЦАМЭ-гийн дэргэдэх пост юм. Танай дэргэдэх маргааныг бид зохицуулья. Ер нь манайхан хууль журмаа хэрэгжүүлэхгүй, мэдээлэл муутайгаасаа болон харьцааны соёлгүйгээс дээрх зөрчлийг гаргаад байна гэлээ.

Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн төвлөрөл, бөөгнөрөл, замын хөдөлгөөн, ачаалал ихтэй байдаг «Тэнгис» кино театр, Тусгаар тогтнолын талбайн эргэн тойрон, «Улаанбаатар» зочид буудал, Барилгачдын талбай, «UB mart», «Далай ээж» хүнсний зах, «Улаанбаатар өртөө», Замын цагдаагийн газрын өмнөх талбай зэрэг нийт 11 газарт төлбөртэй зогсоол байрлуулах юм. Уг зогсоолд машинаа байнга тавихаар бол 50 хувийн хөнгөлөлтэй, урьдчилгаа төлбөр төлөх боломжтой аж.

Тухайн зогсоолд машинаа байрлуул¬сан тохиолдолд гал, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын дуудлагаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй юм. Мөн постуудад ажиллаж буй ажилтнуудын харьцаа, хаяг, лавлах утас зэргийг тодорхой болгож, олон нийтэд ил тод үйлчилгээ нэвтрүүлэх тал дээр анхаарах цаг болсныг энэ дашрамд дуулгая. Тэгэхгүй бол төлбөртэй зогсоол, төвөгтэй торгууль нь ч мэдэгдэхгүй түмэн олны амар амгаланг эвдсэн замбараагүй цэг болчихоод байна.

Б.Баярцэцэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.