“60 тэрбумын схем”-ийг боловсруулагчдын нэг нь Г.Доржзодов өөрөө болох нь нотлогджээ

1-dorjzodov

АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох “60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан билээ.

Улмаар дээрх нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар  яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн 8-р сарын эхээр прокурорт хүргүүлсэн юм.

Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн зүйл тодорхой болсон байна.

“60 тэрбумын схем”-ийг боловсруулах үйл явц 2014 онд болсон аж. Энэ үед Ц.Сандуй Нийслэлийн МАН-ын хорооны даргаар, А.Ганбаатар нь Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, “Шинэ Монгол хаад” ХХК-ий Ерөнхий Захирал, Г.Доржзодов нь “Шинэ Монгол Хаад” ХХК-ий стратеги хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд Ц.Сандуйд Нийслэлийн МАН-ын хорооны НИТХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох стратеги, төлөвлөгөөг боловсруулж, тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулах шаардлага гарчээ.

Улмаар төлөвлөгөөг А.Ганбаатар, Г.Доржзодов нар Ц.Сандуйгийн удирдлага дор гардан боловсруулсан байна. Тэдэнд Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд болох н.Өлзий гэгч тусалжээ.

Улмаар тэд Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө буюу “60 тэрбумын схем” гэгчээ МАН-ын дарга байсан М.Энхболдод танилцуулсан бөгөөд төлөвлөгөөтэй танилцсан М.Энхболд батлах буюу хэрэгжүүлэх зөвшөөрөл огт өгөөгүй аж.

Иймээс Ц.Сандуй, А.Ганбаатар “60 тэрбумын схем”-ыг боловсруулсан Г.Доржзодовт ямар ч мөнгө өгөөгүй төдийгүй нэгэнт схем хэрэгжихгүй болсон тул түүнийг стратегийн зөвлөхийн ажлаас нь халжээ. Үүнд нь өширхөж, гомдсон Г.Доржзодов УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр “60 тэрбумын схем”-ийг М.Энхболдод танилцуулах үеийн бичлэгийг хэсэгчилэн дэлгэсэн аж.

Г.Доржзодов “60 тэрбумын схем”-ийг боловсруулагчдын нэг болох нь түүний өөрийнх нь дэлгэсэн бүтэн бичлэгээр нотлогдож буй бөгөөд тэрээр энэ үеэр төрийн албыг зарах санаархлыг ердийн л таксаа төлж буй хэрэг, үүнийг заавал Монголд хэрэгжүүлэх ёстой, Европын олон оронд ийм жишиг байдаг хэмээн М.Энхболдод тайлбарладаг юм байна.

Н.Болд

Эх сурвалж: sonin.mn


URL:

Нэр: ккк Огноо: 30 August 2019

Ардчилсан намынхан хэнийг хаацайлаад гэртээ орогнуулж байснаа одоо ичдэг байлгүй дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.