Допингийн дуулиан дуусаагүй

5672

Нөгөө бөхийн нэр хэн бэ?

Энэ сарын турш асуулт дагуулсан түрүү бөхийн допингийн шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороо зарласнаар нэгэнт тодорхой боллоо.  Гэвч допингийн дуулиан дуусаагүй. Допингийн төрлийн бодис илэрсэн “Нөгөө бөх хэн бэ” гэдэг асуулт олны дунд үлдэж байна.

Допингийн шинжилгээний хариу ирснээс хойш түрүү бөхөөс бусад нь буюу 15 бөх “Допингийн шинжилгээний хариу илрээгүй” гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тухайлбал, Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Б.Бат-Өлзий, Д.Анар,  улсын начин Б.Цэдэнсодном,  А.Давааням, Д.Цэрэнтогтох, Улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Б.Орхонбаяр  Н.Баярбаатар, Ж.Ням-Эрдэнэ нар допингийн төрлийн бодис илрээгүй гэдгээ зарласан. Тэгвэл Үндэсний бөхийн салбар хорооноос хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг зарласан. Ингэхээр үлдсэн 15 бөхийн аль нэг нь шинжилгээний хариугаа худал зарласан байх нь.

Түүнчлэн өчигдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 5-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээсэн талаар салбар хороо мэдээлсэн.

Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүний хэлснээр “Б” сорьцын шинжилгээний хариу ирж, допингийн төрлийн бодис илэрснээр дараагийн бөхийн нэрийг зарлах юм. Тэрбээр, “Баяр наадмын зохион байгуулах комиссын гаргасан журмын дагуу сэргээшийн төрлийн бодис илэрсэн шинжилгээтэйгээ танилцсанаас хойш хоёр бөх 10 хоногийн дотор “B” сорьцын шинжилгээгээ өгөх саналаа гаргах ёстой. “B” сорьцын шинжилгээний хариу гараагүй тохиолдолд бөхчүүдийн нэрийг зарлах эрхгүй байдаг. Харин бөхчүүд “B” сорьцын шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд “A” сорьцын дүнгийн дагуу нэрийг нь зарладаг” гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор мэдээлэхэд, допингийн төрлийн бодис илэрсэн дараагийн бөхийг Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Өсөх идэр начин Д.Цэрэнтогтох гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ЕAGLE.MN


URL:

Сэтгэгдэл бичих