Ард түмнээсээ уучлалт гуйх зориг гаргаач, Э.Оюунболд оо

Oyunbold_1Монголчуудын дэлхийд гайхуулдаг нүүдэлчний соёл, жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөх допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариугаар илэрлээ. “Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн” гэх хариуг Баяр наадмыг зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцэж, олон нийтэд зарлав.

Засгийн газраас гаргасан уг мэдэгдэл энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдод унасан бөхчүүдийн давааг ахиулах уу, бай шагнал, цолыг хураах уу гэх мэт олон маргааны эхлэлийг тавив. Харин “хэргийн эзэн” өөрөө ямар нэг мэдэгдэл хийгээгүй нам жим байна.

Түүний багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ “наадмаас өмнө Хэнтийн бөхийг түрүүлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгөөр тохироо хийсэн”, “ямар нэг аргаар допингтой холбоно гэсэн заналхийлэл ирж байсан” гэх шавийнхаа үгийг давтаад хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн тухай мэдээллээ хуваалцав. Тэгэхээр олон улсын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн шинжилгээний хариуг Монголын хууль, хяналтын байгууллага шалгаж, гүтгэлэг, эсвэл үнэн болохыг тогтоох нь л дээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүд, сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачид болон айрагдсан морьдоос сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уг хуулийн 14 дүгээр зүйл, хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах гурван шийтгэлийн нэгийг л онооно гэх заалт бас бий. Нэгдүгээрт тухайн бөх, харваач болон морийг баяр наадмаас хасах, хоёрдугаарт бай шагналыг олгохгүй байх, эцэст нь баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах гэсэн санкцыг оруулж өгсөн байдаг. Харин 2007 онд 14 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, “Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэсэн заалт шингээжээ.

Э.Оюунболд аварга А сорьцын шинжилгээний дүнтэй санал нийлэхгүй бол В сорьцыг шинжлүүлэх хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах ёстой байв. Хэрэв хүсэлт гаргаагүй бол эхний  шинжилгээний хариуг шууд зарлах журам үйлчилж буй. Харамсалтай нь залуу аварга хоёр дахь шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасангүй, харин 2009- 2019 онуудад шөвгөрсөн бөхчүүдийн бүгдийнх нь шинжилгээг дахин судалж үзэх, эргэлзээтэй тохиолдол байвал хуулийн байгууллагад шалгуулах тэс өөр хүсэлт гаргасан. “Унавал хамт уная” гэх уран сайхны киноны шилийн сайн эрийн үг өдгөө үндэсний бөхийн жудаг, баримтлах зарчимд шингэв гэлтэй уг мэдэгдэлд бөхчүүд эмзэглэсэн байх. Допингийн шинжилгээний сорьц тухайн лабораторидоо 10 жил хадгалагддаг. Хэрэв хүсэлт ёсоор бүгдийг дахин шинжилж, өмнөх жилүүдийн түрүү, үзүүр, амжилттай барилдсан бөхчүүдээс допинг илэрвэл бүр сайн л биз. Бохирдсон дэвжээгээ нэг мөр цэвэрлээд авах боломж гарах ч юм бил үү.

Маргаан цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Хууль хяналтынхан шалгаж байгаа нэрээр хугацаа хожиж болох ч нөгөө талаас шударгаар барилдаагүй, луйврын аргаар наадмын түрүүг авсан гэх зэвүүцэл олны дунд хүчтэй өрнөж байна.

Энэ асуудал ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх хүртэл өндрөө авав

Үүний зэрэгцээ Э.Оюунболдыг хоёр жил эрхээ хасуулчихаад, эргэж барилдаад жинхэнэ хүч бяр, уран мэхээрээ наадмын түрүүг авч, нэрээ цайруулах хэрэгтэй гэх хэсэг ч байна. Гэвч энэ бүхний цаана улс орны тусгаар тогтнолын баталгаа, үндэсний баяр наадмын дархлаа алдагдсаар байгааг анхаарах цаг нэгэнт иржээ.

Ерөнхийлөгчийн зарлиг хөдөлшгүй, үнэ цэнтэй байх ёстой. Дайны нөхцөл, онц байдал зарлахаас эхлээд харьд суух Элчин сайд томилох, төрд үнэлэгдэхүйц алдартнуудад гавъяа шагнал олгох гэх зэрэгт мутарладаг төрийн дээд баримт бичгийг “цол олголоо”, “хураалаа” гэх мэтээр үргэлжлүүлэн дугаарлаж үнэгүйдүүлмээргүй байна. 2003 оноос өмнө улсын наадмын цол, чимгийг тухайн спортын холбоод олгоод, журамлаад явж болоод л байсан. Төрийн тэргүүн хүндэтгэлийн индрээс тэрхүү цолыг зарлаж, шагналыг гардуулдаг байв.

Харин ирэх жилээс эхлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос допингийн шинжилгээний хариу ирсний дараа улсын цол, тэмдгийг гардуулж байх саналыг шадар сайд Ө.Энхтүвшин гаргаж, Ерөнхийлөгчид уламжилжээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ асуудал ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх хүртэл өндрөө авав. Нэгэнт ингэж дэгдсэн маргаан үндэсний баяр наадмаа шударгаар зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө гэж найдъя.

У.ХҮРЭЛСҮХ: ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХ ЦОЛОО ХУРААЛГАНА ГЭДГИЙГ ХАТУУ САНАЖ ЯВАХ ЁСТОЙ

Өмнө нь допинг хэрэглэсэн шалтгаанаар зарим бөхийн цолыг хурааж байсан тохиолдол бий. Тухайлбал, 2014 оны улсын наадмаар начин цол хүртсэн Архангай аймгийн Тариат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Адъяабат болон Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Б.Суманчулуун нарын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг дараа жилийнх нь гуравдугаар сард гарч байв. Тухайн үед Шадар сайд байсан У.Хүрэлсүх “Спорт шударга байх ёстой. Тэр хоёр бөх тав давахад унасан арван бөх нь цаашид яаж барилдах байсан билээ. Унасан бөхчүүд цолоо ахиулж, магадгүй түрүүлэх ч байсан юм билүү. Ийм харамсалтай нөхцөл үүсэх учраас цаашдаа допинг хэрэглэсэн бөх цолоо хураалгах юм байна шүү гэдгийг хатуу санаж явах ёстой” гэж мэдэгдэж байв. Харин одоо Ерөнхий сайд маань нутгийн бөхдөө хатуурхаж, энэ үгээ давтан хэлэх болов уу. Допинг хэрэглэснээс үүдэж цол хураах, бай шагналыг хасах маргаан дахин давтагдаж буй нь хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг илтгэнэ. Хэрэв таван жилийн өмнө улсын цолыг хураах үед хуулийн зохицуулалтыг чамбайруулсан бол өнөөдрийн нөхцөл үүсэхгүй байх байлаа.

• “Унавал хамт уная” гэх уран сайхны киноны шилийн сайн эрийн үг өдгөө үндэсний бөхийн жудаг, баримтлах зарчимд шингэв гэлтэй уг мэдэгдэлд бөхчүүд эмзэглэсэн байх.

• 2003 оноос өмнө улсын наадмын цол, чимгийг тухайн спортын холбоод олгоод, журамлаад явж болоод л байсан.

• Допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь нотлогдчихоод байхад эвлүүлсэн мэдэгдэл хийж, бөхчүүдээ эвдрүүлсэн хүсэлт гаргаж суухын оронд гэмээ ухаарч, ард түмнээсээ уучлалт гуйх зориг энэ залууд төрөөсэй.

Э.Оюунболд аваргын хувьд одоо цол, бай шагналаа хураалгах, барилдах эрхээ хоёр жил хүртэлх хугацаагаар хасуулах зэргээр хариуцлага хүлээгээд мартагдана гэвэл эндүүрэл. Түүний хэрэглэсэн бодис булчингийн масс нэмэгдүүлэх, ядарч цуцдаггүй болгох үйлчилгээтэй. Хамгийн хоржоонтой нь шээс хөөх буюу далдлагч бодисын бүлэгт багтдаг бэлдмэл мөн хэрэглэж, допинг хэрэглэснээ нуун дарагдуулахыг санаархсан байгаа юм. Бөхчүүд гэмтэл бэртэл их авдаг, эрүүл мэндийн шалтгаанаар эм тариа хэрэглэх үе таардаг. Допинг илэрсний дараа “бэртэлд ууж байсан эм нь ийм найрлагатайг мэдээгүй” гэх тайлбар өгдөг. Тэгвэл Олимпын хорооны дүрэмд эмчилгээтэй бол эмч нарын тодорхойлолтоор хэрэглэж буй эм бэлдмэлийн жагсаалт, хэрэглэх үндэслэлээ сайтар бэлдэж нэг сарын өмнө хороонд танилцуулснаар допингийн шинжилгээ өгөх үүргээс эмнэлгийн магадлагаагаар чөлөөлөгдөж болдог. Харин Э.Оюунболд ийм магадлагаа хүсэх мэдэгдэл зургадугаар сард өгөөгүйг Олимпын хорооны эмч Д.Энхсанаа хэлсэн. Допинг хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тамирчин байтугай жирийн иргэн ч мэднэ. Гормоны өөрчлөлт удмын санд нөлөөлж, үргүйдэл үүсэх аюултайг мэргэжлийнхэн сануулдаг. Гэтэл залуу аварга Э.Оюунболд хориотой бодис хэрэглэн бяр чадал, эрч хүчээ нэмэн байж улсын наадамд түрүүлэх сонголтыг хийлээ гэж үү. Ирээдүйгээ эрсдэлд оруулан байж өнөөдрийн түрүү авах богино ухаан үндэсний бөхийн түүхэнд дахин бүү үзэгдэг.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж итгэмжлэгдсэн 32 лабораторийн нэг БНСУ-д байрлах төвөөс ирүүлсэн шинжилгээнд Э.Оюунболд допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь нотлогдчихоод байхад эвлүүлсэн мэдэгдэл хийж, бөхчүүдээ эвдрүүлсэн хүсэлт гаргаж суухын оронд гэмээ ухаарч, ард түмнээсээ уучлалт гуйх зориг энэ залууд төрөөсэй. Хэрэв Э.Оюунболд зүлэг ногоон дэвжээнээ хүч бяраа үзэлцсэн бөхчүүдээ хүндэтгэж, үндэсний их баяр наадмаараа цэнгэн баярласан үзэгч түмнээсээ өршөөл эрэх ухамсартай бол ядаж нэг удаа уучлалт гуйж, ямар ч шийтгэл оноосон хүлээн зөвшөөрөх болно гээд мэдэгдчихвэл олон нийт арай өөр өнцгөөр харах байх. Улмаар илүү эрч хүчтэйгээр эргэн ирж, жинхэнэ бяр чадлаараа улсын наадмын түрүү авбал түүний гэмийг ойлгож, уучлах ууч сэтгэл монголчуудад бий. Харин хөдөлшгүй баримтын өмнө улайм цайм мэлзэж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэж сүржигнээд байвал олны дургүйцлийг улам өдөөхөөс цаашгүй гэдгийг санаарай даа, Э.Оюунболд минь.

Э.ОЮУНБОЛДООС ИЛЭРСЭН БОДИСУУДЫН ҮЙЛЧЛЭХ НӨЛӨӨ
S1.1A БҮЛГИЙН СТАНАЗОЛ:

Булчингийн массыг томруулах үйлчилгээтэй. Дасгалын үр дүнд булчин ширхэгээрээ томордог бол станазол хэрэглэснээр шууд хийлсэн мэт томорч, хэрэглэхээ болихоор эргээд шалчийж жижгэрдэг.

S4 БҮЛГИЙН МЕЛДОНИУМ:

Зүрхний шигдээс, цусан хангамжийн өөрчлөлтийн үед анагаах ухаанд хэрэглэдэг энэхүү бодисыг тамирчид ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, ядрахгүй байх зорилгоор хэрэглэдэг байсныг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориотой жагсаалтад оруулжээ.

S5 БҮЛГИЙН ГИДРОХЛОРТИАЗИД, ХЛОРИАЗИД:

Шээс хөөх буюу далдлагч бодисын бүлэгт багтдаг. Олон улсад хэрэглэсэн эм тариагаа далдлах зорилгоор ашигласан гэж үздэг.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Deandra Cerecer Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.