Хэрхэн самруулж, хэрхэн сармагчин болж буйгаа зүгээр л хар!

5791

Зэвсэг агссан япончууд 1939 онд Халх гол орчимд Монголын хилээр цөмрөн орж ирсэн нь үнэн. Орос, Монголын дайчид исгэрэх сум, илд барьсан япончуудтай тулалдаж, халуун амиа алдан, бүлээн цусаа урсгасан нь ч үнэн. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах гэж мөр зэрэгцэн тулалдсан монгол, орос хөвгүүд энэ газрын шорооноо үүрд үлдсэн нь ч үнэн. Миний, чиний өвөө нар 1945 онд япончуудыг эх газраас хөөх гэж Манжуур хүртэл тулалдаж, элсэн толгодын дунд эцсийн амьсгалаа татаж байсан нь ч үнэн.

Олзны япон цэргүүдийг туугаад харьж явахдаа юу үзэж туулснаа, тамхиа хувааж татсан орос залуу ганцхан мөчийн дараа бөмбөгдөлтөнд өртөн амиа алдсаныг, шархадсан монгол цэргийг үүрэн хоёр км газар мөлхөж ирсэн орос хөвгүүний тухай…буурал аавынхаа хуучилсан олон дурсамжийг сонсож өссөн бага нас минь ч үнэн юм. Хэрэв япончууд Монголын нутагт гүн цөмөрсөн бол бидний ээж, эмээ нар их наран улсын цэргүүдэд хүчирхийлүүлж амиа алдсан хятад эмэгтэйчүүдийн тавиланг туулах байв. Японы арми Дорнодыг бүтнээр нь эзэлсний дараа оросууд хэдэн онгоц нисгэчихээд Монгол дахь улс төрийн барьцаа лавшруулж болох л байв. Энэ тулааныг юу ч гэж мушгин гуйвуулсан, ямраар ч тайлбарлаж харлуулсан нэг л үнэн бий. Тэр бол Монголыг эзлэх гэж санаархсан япончуудыг эсрэг Монгол, Орос хоёр орон хамтдаа боссон, ялсан, эх орны минь тусгаар тогтнолыг авч үлдсэн гэдэг ганц л үнэн. Оросууд Монголд тусалсныхаа төлөө “Орос хөвгүүдийн амиа зольсон энэ бүс нутаг одоо манайх шүү” гэж тулгаагүй. Монголын нутгийг хамгаалах гэж яваад эргэж ирээгүй хөвгүүдийнхээ амийг орос ээжүүд биднээс нэхээгүй. Нулимсаа элгэндээ шингээж, өнчрөлөө зүрхэндээ нуусан. Энэ хар даа. 80 жилийн дараа сайхан хөвгүүдийнх нь шарил алгын чинээ хайрцагт хоёр гурваараа багтаж, хүн ёсоор хөдөөлүүлэх боломж ирж байна, гашуун боловч энэ үнэн. Арчиж чадахгүй, алчихаж боломгүй үнэн. Ганц л үнэнийг гэрчилсэн гайхамшигт ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хамтдаа авчирсан ялалтыг хамтдаа тэмдэглэж байна. Үүнийг самраачид элдвээр гуйвуулж, “Оросын онгоц Монголыг хүчирхийллээ, өө зүгээр л бага ястнуудаа явуулчихаж, Орост манайх жилд 2,0 тэрбумын орлого оруулдаг, тийм сүрхий юм бол Путин манайд цахилгаан станц бариад өгчих л дөө, Хүрэлсүхийн хообийны өдрүүд эхэллээ, Баттулга Пу ахаас юм гуйж зөвшөөрүүлж чадахгүй л дээ” гэхчлэн жинхэнэ утгаар нь энэ ялалтын, энэ баярын агуулгыг юу ч биш болгох гэж оролдож байна. Настай намбатай, сэтгүүлч нэртэй сайн дурынхан ч хошуу нэмж, хор хутгаж явна.

Самарна гэж юу болохыг, аливаа юмны үнэ цэнэ агуулгыг алдагдуулна гэж юу болохыг, монголчуудыг түүхгүй, бахархалгүй болгох хор хэрхэн цацдагийг харж авцгаа. Тэдний үсэргэсэн шүлс Халх голд цусаа урсгаж, ясаа тавьсан цэрэг эрсийн амь нас, алдагдах дөхсөн тусгаар тогтнолыг маань будаж, бузарлаж байна. Зүгээр л хар. Монголчуудыг хэрхэн самарч, хэрхэн үнэт зүйлгүй болгож буй технологийг Халх голын ялалтыг тэмдэглэж буй энэ өдрүүдээс хар! Энэ технологи Монгол даяар, бүх салбарт, алхам тутамд хэрэгжээд удаж буйг бод. Монголын Бүх цэргийн дуу бүжгийн чуулга хятад дуу хоорлон дуулж байхад дуугараагүй нөхдүүд ялалтын баяраа монголчуудтай хамт тэмдэглэх гэж ирсэн нисгэгчдийг хэрхэн хэн ч биш болгож байгааг хар. Самраач гэдэг бүхэл бүтэн төлбөртэй давхаргынхан байдгийг мэдэж, тархи, зүрх, мэдлэг оюун, түүхээ хамгаалах дархлааг өөртөө суулга. Тэгээд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд Шерметовын нисэх буудлын хоцрогдсон хүнд суртал ямар хамаатайг надад хэлээд өг!

Нийтлэлч Р.Эмүжин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.