УИХ сайд нарыг “байцаадаггүй” болгох заалт МАН-ын бүлэгт дахин үл ойлголцол үүсгэв

FHGҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг талдаа орлоо. Өнгөрсөн баасан гарагт хуралдсан ээлжит бус чуулган парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураав. Мөн улсын төсвийг хэлэлцэн батлах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм. Хуралдааны үеэр гишүүд зарим заалт дээр удтал маргасан. Тухайлбал, УИХ улсын төсөв батлахдаа Засгийн газраас зөвшөөрөл авах нь парламентын эрхийг хязгаарлаж байна гэж зарим гишүүн үзсэн бол дийлэнх гишүүн “Өнгөрсөн 30 жил 76 тойрогт улсын төсвийг тараасан нь урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогыг цаас болгосон” гэж шүүмжилсэн. Удаан маргасны эцэст үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д “Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн энэ удаагийн өөрчлөлтийн хамгийн урт заалтыг нэмэхээр болов.

Мөн чуулганаар АН-аас гаргасан “Засгийн газрын өрийн дээд хэмжээ ДНБ-ний 60 хувиас илүүгүй байна” гэсэн саналыг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх эдийн засгийн хямралтай үед Засгийн газар өр нэмэхээс аргагүйд хүрвэл үндсэн хуулиа бас өөрчлөх хэрэг гарна гэсээр АН-ын саналыг МАН-ын гишүүд дэмжсэнгүй. Харин МАН-ын бүлэг үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.6 дахь заалтаар “завсарлага” авсан. Тус заалт нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнах тухай бөгөөд төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-д ажлаа тайлагнах болгон өөрчилсөн нь олон гишүүний дургүйцлийг хүргэсэн юм. Тиймээс энэ заалтыг бүлгээр дахин хэлэлцэх шаардлагатайг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн учирлаад хойшлуулж өгөх горимын санал гаргасан юм.

УИХ-ыг тараах, хууль батлах ирцийн доод хэмжээг тогтоох чухал заалтууд энэ удаа өөрчлөгдөж буй. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд парламентын нийт гишүүний гуравны хоёрын саналаар УИХ-ыг тараах заалт байсан ч гишүүдийн олонх дээрх агуулга дээр “Ерөнхийлөгч УИХын даргатай зөвшилцөн санал болгосноор” гэх үг нэмэх саналыг дэмжив. Мөн 27 дугаар зүйлийн 6.6 дахь заалтад “…үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын хурлын нийт гишүүний олонхын саналаар батална” гэсэн өөрчлөлт оруулах саналыг “…нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батална” гэж өөрчлөхийг дэмжив. Харин УИХ-ын сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа болон гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хойшлууллаа.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын эдийн засагт чухал түлхэц болох саналыг зарим гишүүнээс гаргасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа үндсэн хуульд санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, чөлөөт санхүүгийн орчин бий болгох заалт тусгах санал гаргав. Тэрбээр “улс орныхоо хөгжлийг 20, 30 жилээр харж үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж зорьж байгаа бол эдийн засгийг дэмжсэн санхүүгийн салбарын хөгжлийн цоо шинэ хэлбэр, хувилбарыг энэ хуульдаа тусгах зайлшгүй шаардлага байна. Том төслүүд, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ хэрэгжүүлэх гэхээр төсвийн боломжоос шалтгаалж гаднаас мөнгө гуйдаг. Түүний оронд зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө босгодог, чөлөөт санхүүгийн орчныг бий болгох хэрэгцээ, боломж ч байна. Хонконгт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн том санхүүгийн байгууллагын хөрөнгийн урсгал өөрчлөгдөж байна. Яг энэ нөхцөлд манай улс үндсэн хуульдаа санхүүгийн чөлөөт зах зээлийг хүлээн зөвшөөрчих нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой” гэсэн юм. Мөн түүний саналд дотоодын шүүх, хуулийн байгууллагын тогтолцооноос болж гадаадын хөрөнгө оруулалт зугтаж байгаа энэ үед санхүүгийн зах зээл дагнасан олон улсын шүүхийг Монголд байгуулах боломжийг бий болгох ёстой гэсэн санал давхар явж байгаа. Дээрх хоёр саналыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа хуулийн төсөлд тусгаж өгөхийг З.Нарантуяа гишүүн хүссэн юм.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.