Трампын худалдааны дайны шинэ, хуучин зэвсэг

Трампын_худалдааны_дайны_шинэ_хуучин_зэвсэг_1Худалдааны дайнд АНУ-ын ашиглах дараагийн зэвсэг нь түүхийн ном болж магадгүй байна. Трампын засаг захиргаа БНХАУ байгуулагдахаас өмнө зарагдсан Хятадын төлөгдөөгүй бондын зуун жилийн түүхтэй маргааныг сэргээх боломжийг судалж байгаа аж. Дефолт болсон Хятадын хуучин бондууд айлуудын авдарт хадгалагдахаас гадна Ebay дээр цуглуулгын зорилгоор хэдхэн зуун ам.доллароор зарагддаг. Хаант засгийг халсан Бүгд Найрамдах Хятад улсын дараа залгамжлан байгуулагдсан коммунист БНХАУ уг өрийн бичгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй.

Гэвч хуучин бонд эзэмшигчид төлбөр авах оролдлогоо өнөөг хүртэл орхиогүй явж иржээ. Харин одоо Хятадтай худалдааны дайн өдүүлээд буй Трампын захиргаа иргэдэд эртний өрийн бичгээр мөнгөө эргүүлэн авах найдвар төрүүлэв. Энэ удаад уг оролдлогод оролцогчдын шинж чанар нэлээд өөрчлөгджээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Трампаас гадна Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны сайд Вилбур Росс нар бонд эзэмшигчид ба тэдний төлөөлөлтэй уулзсан байна.

Хувьсгалын өмнөх Хятадын бонд эзэмшигчдийн бүлгийг тэргүүлэгч, теннесийн фермер жонна бианко “Ерөнхийлөгч Трамп оролцоод эхлэхээр тоглоом шал өөр болж байна. Тэр Америкийн нэгдүгээр хүн. Бурхан түүнийг ивээг” гэв.

1911 онд гаргасан хукуаны төмөр замыг санхүүжүүлэх бонд гэж хээ хуараар эмжсэн гоёмсог хийцтэй үнэт цаас бий. ХХ зууны эхээр АНУ “Долларын дипломат бодлого” гэгчийг явуулснаар Хятадыг үйлдвэржүүлэхэд тусалж, харилцаагаа сайжруулахын сацуу шинэ зах зээлд орох чиг барьж байв. Харин Хятадын талаас үүнийг гадаадынхны шударга бус хяналтын дор байсан “Зуун жилийн доромжлол”-ын үе гэж үздэг. 1911 онд дундад гүрний эзэн хааныг түлхэн унагаж, БНУ байгуулагдсаны дараа санхүүжилт татахаар бас л олон улсын зах зээлд хандсан аж. Энэ хүрээнд шинэ тутам улсыг санхүүжүүлэх алтаар баталгаажсан бондууд худалдсан байна. Ийм бондууд хатагтай Бианко тэргүүтэй хүмүүсийн гарт байгаа бөгөөд түүнийг нь Цагаан ордон хятадтай тэмцэхэд улс төрийн хөшүүрэг болгох санаатай байгаа юм.

Тэрбээр “БНХАУ 1949 оноос өмнөх улсын өрийн бичгийг БНХУ-ынх хэмээн дефолт болгосон. Гэвч БНХАУ өөрийгөө БНХУ-ын цорын ганц залгамжлагч хэмээн зарласан нь дээрхтэй зөрчилдөж байна” гэж бидэнд ирүүлсэн мэйлдээ онцлов. Бианко нарын 2001 онд байгуулсан Америкийн бонд эзэмшигчдийн сан дээгүүр тушаалд ажиллаж асан олон хүнийг үйл ажиллагаандаа татан оруулжээ. Тэрбээр “Хятадын тал сонголттой дефолт хийсэн. Тэд 1987 онд Хонконгийг шилжүүлэн авах гэрээний хүрээнд Британийн бонд эзэмшигчдэд нөхөн төлбөр өгсөн” хэмээн тэмдэглэв.

Хатагтай Бианкогийн үнэлснээр Хятад улс одоо дефолт бондын төлбөрт (хүү, бусад хохирол ба инфляцыг тооцвол) нэг их наяд ам.долларын өртэй гээд “Хятад өөрийнхөө үнэт цаасыг буцаан төлөхөд юу нь буруу байна?” хэмээн асуусан юм. Асуудлыг мэдэх Сангийн яамны түшмэл ярихдаа Хятадын бондыг судалж байгаа ч түүнийг АНУ-ын Засгийн газарт худалдаж, улмаар хятадтай солио хийнэ гэдэг санаа хууль эрхийн хувьд бүтэшгүй зүйл гэв. АНУ-ын Сангийн яам тайлбар өгөхөөс татгалзсан агаад Хятадын албаныхан хуучин бондын нэхэмжлэлийг сэргээнэ гэж бодохгүй байгаагаа мэдэгдсэн.

Иргэний бослогын дараа байгуулагдсан Засгийн газрууд өмнөх засгийн хуулийн үндэслэл муутай өрийн үүргээс татгалздаг ба хугацаа дууссанд тооцож хаадаг олон улсын практик бий. Үүний томоохон жишээ нь Зөвлөлт засаг үүссэний дараа Оросын хаант засгийн өрнөөс татгалзаж, олон мянган хөрөнгө оруулагч юу ч үгүй хоцорсон түүх бий. Гэхдээ улс төрийн дэглэмүүд өмнөх засгийн өрийг залгамжилдаг хуулийн зарчмыг олонх улс хүлээн зөвшөөрдөг. Нөгөө талаас хуучин өрнөөс татгалзах нь шинээр хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй юм. Дюкийн их сургуулийн профессор Миту Гулати “Хуулийн үүднээс эдгээр нь хүчинтэй өр. Гэхдээ түүнийг авахын тулд маш чадварлаг өмгөөлөгч хэрэгтэй” гэжээ.

ЗГМ сонин


URL:

Нэр: read this post here Огноо: 17 September 2019

I just want to tell you that I’m new to blogging and definitely liked this website. Probably I’m likely to bookmark your blog . You surely have remarkable posts. Thanks a lot for sharing with us your website.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.