Д.Эрдэнэбат: Би шуудхан хэлье. МАН-тай дахиж хэзээ ч эвсэхгүй

“МОНЦАМЭ мэдээ” сонины энэ удаагийн “Редакцийн зочин”-оороо Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг урилаа.

БИД ЗАСГИЙГ АЛТТАЙ, АВДАРТАЙ НЬ ҮЛДЭЭГЭЭД ГАРСАН

-Хамтарсан Засгийн газраас гарсан нь Ардчилсан намын нэр хүндэд хэрхэн нөлөөлөв.
Ханилж яваад замын дундаас нөхрөө хаядаг гэсэн мессеж олны дунд түгээмэл байгаа нь ажиглагдаж байна. Намынхаа ажлыг зангидаж байгаа хүний хувьд Та энэ талаар ямар бодолтой яваа вэ?
-Хамтарсан засгаас гарснаар Ардчилсан намын нэр хүнд өсөх үү, буух уу гэдгийг тооцох шаардлага байхгүй. Хамтарсан Засгийн газраас гарсан нь зөв уу, буруу юу гэдгийг 2012 оны сонгууль дүгнэнэ. Энэ нь ард түмэн дүнгээ тавина гэсэн үг. Бүх учиг энэ үед л тайлагдана.

-Хамтарсан Засгаас гарсны дараа рейтинг ямар байгаа талаар судалгаа хийсэн үү?
-Ямар ч судалгаа шаардлагагүй. Энгийн жишээ хэлье. Хоёр баг хөл бөмбөг тоглож байна гэж бодъё. Нэг сайн тоглогч нь талбайгаас гараад явчихвал үзэгчдэд яагаад гарчихав гэсэн харамсал төрнө. Үүнтэй адилтгахуйц харамсал байгаагаас бус хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарлаа гэсэн нийгмийн бухимдал байхгүй. 2012 оны сонгуулиар Ардчилсан намыг сайн тоглогчийнх нь хувьд буцаад талбайд ороосой гэсэн хүлээлт өндөр байхыг  үгүйсгэхгүй.
-Танай намыг цагаа олж хамтарсан Засгийн газраас гарсан гэсэн шүүмжлэл ч бий. Арай эрт гарах ёстой байсан юм биш үү. Өнгөрөгч намар “Хамтарсан Засгийн газрын хоногийн тоо дуусч байна” гэх зэргээр хэвлэлүүд бичиж байсан..?

-Цагаа олж гарсан гэж бодож байна. Хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орсон үндсэн үүргээ заавал биелүүлэх учиртай байсан. Хамгийн сүүлчийн үүрэг нь 2012 оны улс орны амьдралыг зохицуулах улсын төсвийн тухай хуулийг баталсан явдал. Улсын төсвөө батлах нь 2012 онд төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог олгохын эхлэл. Монголын төр сонгууль хүртэлх таван сарын хугацаанд ямар ч саадгүй ажиллах ёстой. Энэ бололцоог хангасан учраас цаг нь боллоо гэдэг дүгнэлт өгсөн. Үүнээс гадна УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх тухай асуудал. Сонгуулийн хуульд пропорциональ тогтолцооны хэлбэрийг бага ч гэсэн оруулж өгсөн нь ахиц. Сонгууль болох хугацаа ойртож байгаа учраас хоёр нам үзэл бодлоороо ялгарах шаардлага зайлшгүй байсан. Гурван жил хамтран ажиллахад бидний хооронд дотоод зөрчилдөөн, ажлын арга барилын зөрүү байж л байсан. Тиймээс хамтарсан Засгийн газраас урьд хойно гарсан гэдэг асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа. Энэ бол бидний улс төрийн шийдвэр.

-АН засагт түүхэн үүргээ гүйцэтгээд гарсан гэж танай намын удирдлагууд олонтаа хэлсэн. Түүхэн үүрэг гэдгээ тодруулахгүй юу. Танай намын сайд байсан зарим гишүүн, тухайлбал Баттулга сайд юу ч хийж чадалгүй хүлээсээр итгэл алдаад гарлаа гэж байсантай зөрөөд байгаа хэрэг биш үү?
-Үүрэг гэдгийг гэрээний гэхээсээ илүүтэй улс төрийн хариуцлага гэдэг талаас нь хармаар байна. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг Ардчилсан нам сөрөг хүчин гэдэг нэрийн дор өдөөсөн бол нийгэмд юу учрах байсан бэ. Долдугаар сарын 1–ний үйл явдал нь төр болоод улс төрийн намууд зохих хэмжээний үүргээ бүрэн гүйцэтгэж чадаагүйгээс үүссэн иргэдийн бухимдал мөн.  Үүнийг намжаахын тулд бид хамтарсан Засгийн газарт орох зайлшгүй хэрэгтэй байсан. Мөн арваад жил бугшсан байгалийн баялгийг ашиглах тухай асуудлыг олон жил улс төржүүлээд нэг ч алхам урагшлаагүйгээс улбаатайгаар улсын эдийн засагт үүссэн сөрөг үр дагавар гарч, эдийн засгийн чадамжийн хувьд дорд орж, хүмүүсийн амьдрал нэлээн доройтоод байсан үе. Түүнчлэн Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгалийн баялгийн эзэд нь ард түмэн байх ёстой, иргэдэд хувь хүртээх тухай асуудлыг хэрэгжүүлэхийн тулд Ардын намын  урилгыг хүлээж авах, хамтарсан нөхцөлд ажил хэрэг болгох боломж нь байсан. Тиймээс л хамтарсан. Энэ утгаар нь авч үзвэл Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллахдаа түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Үүнд УИХ-ын сонгуулийн хууль мөн л багтана. Нөгөө өнцгөөс нь хараад Ардчилсан нам үүргээ, хөтөлбөр гэрээгээ биелүүлээгүй гэж байгаа нь зүгээр л нэг шалтаг.

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЖИЖИГ НАМУУД ШҮҮМЖЛЭЭД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

-Сонгуулийн хуулийг эрх барьж байгаа хоёр нам 2012 оны сонгуульд ялахын тулд өөрсдөдөө зориулж хийлээ гэх шүүмжлэл иргэдийн дунд ч, ялангуяа парламентын гаднах намуудад байна. Үнэхээр хоёр нам их хурлын 76 гишүүнээ дахиж гаргахын тулд хийсэн гэж ойлгогдохоор зүйл заалтууд бий шүү дээ?

-Хууль ямар болсныг цаг хугацаа харуулна. Аливаа сонгуульд “шинэ”, “хуучин” янз бүрийн хүн нэр дэвшдэг. Санал өгөх, дугуйлах эрх нь ард түмэнд байдаг. Сонгуулийн хуулийн гол онцлог л энэ. Тиймээс дэвшиж байгаа хүмүүсээс хэнийг төлөөлөл болгон УИХ-ын гишүүнээр сонгох вэ гэдэг сонголтын эрх нь ард түмэнд өөрсдөд нь хадгалагдаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Энэ хуулийг улс төрийн талаас харвал өнөөдөр байгаа танигдсан улс төрчдөд ээлтэй хууль болсон гэхээр зүйл бий. Гэхдээ танигдсаныгаа юу, шинийг сонгох уу гэдэг эрх нь нээлттэй. Бусад намууд шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нийлэхгүй байна. Энэ хуульд пропорциональ хэлбэр орсноор парламентад суудалгүй намууд сонгогдох бололцоо нь нээгдсэн. Улсын хэмжээнд 50 мянган хүний санал авч чадахгүй байгаа намыг улс төрийн нам гэж нэрлэхэд хэцүү шүү дээ. Энэ босгыг давж чадвал та парламентад ороод суу гэдэг эрх урьд нь Монголд байгаагүй.
-Таван хувь гэдэг чинь 50 мянга гэсэн үг үү?
-Ойролцоогоор 50 мянга гаруй хүний саналыг авах. Ийм тооны хүний саналыг авч чадахгүй бол улс төр хийхээ болио гэж байгаа хэрэг. Үүнийг шударга бус гэж хэн ч хэлэхгүй болов уу. Тиймээс би жижиг намууд үүнийг шүүмжлээд байх хэрэггүй гэсэн бодолтой байна.
-Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн. Тиймээс эл асуудал Цэц дээр очиж, хууль хүчингүй болж, 2008 оныхоо мажоритар системээр явна гэсэн хардлага ч бас байна..?

-Манай намын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандаагүй. Миний авсан мэдээллээр хоёр гурван зүйлийг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхээр иргэд Цэцэд өргөдөл гаргасан юм билээ. Ер нь аливаа хууль хүн бүрийн санаанд нийцэх албагүй. Цэцэд өгөх нь өгнө биз. Цэцийн шийдвэр ингэж гарна гээд бид өнөөдөр таагаад сууж байдаг зүйл ч биш. Бодит байдал юу вэ гэхээр хууль батлагдсан, хэрэгжиж эхэлснээс хойш хэнбугай ч мөрдөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд явах учиртай.

СӨРӨХИЙН ТУЛД СӨРӨГ ХҮЧИН БОЛДОГ ЮМ БИШ

-Та Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэдэн жил, хэдэн сар, өдөр хашиж байна?
-2008 оны есдүгээр сарын 5-нд энэ албан тушаалыг авч байсан. Одоо яг өнөөдөр хэдэн өдөр, цаг болж байгааг тооцоогүй юм байна.
- Хоёр нам гурван жил хамтрах хугацаанд парламентад сөрөг хүчингүй мэт байсан. Тухайн үед бүх зүйл сайн сайхан явж байсан гэхэд хэцүү. Гэтэл Засгийн газраас гарангуутаа танай нам том сөрөг хүчин болж харагдлаа. Ийм ялгаа харагдаад байх шиг..?
-Хамтраад дуугүй байсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хамтарна гэдэг маш хэцүү. Ер нь улс төрч хүнд ялангуяа хамтарсан үед маш их тэвчээр шаардагддаг гэдгийг ойлгосон. Засгийн газарт хамтарсны уршгаар гарч байгаа сул талуудыг байнга хэлсээр ирсэн. Хэлж сануулах ч ёстой. Магадгүй нийгэмд том тод дуугаар яриагүй байж болно. Бид “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудаар явахдаа тухайн орон нутгийн хүмүүсийн амьдрал, нийгэм, эдийн засаг бидний хамтарснаар олигтой дээшлэхгүй юм гэдгийг ойлгосон. Эсрэг утгаараа л яваад байсан. Хамтарсан гэдэг нэрийн дор аливааг өөгшүүлээд байгаа юм бишүү ч гэсэн бодол төрсөн.
-Танай намын дарга Н.Алтанхуяг ҮЗХ-ны хурлын өмнө Засгаас гарах мэдэгдлийг гэнэтхэн хийсэн нь олон янзын таамаг төрүүлсэн л дээ. Тухайлбал, танай намын дотор намын даргаа өөрчлөх тухай яриа нь хамтарсан засгаас гарах гэсэн шаардлага дээр дөрөөлж байсан. Хэрвээ ҮЗХ-ны хурлаас өмнө ийм шийдвэр бие дааж гаргаагүй бол, уг хурал дээр Н.Алтанхуяг даргын суудал сүрхий ганхах байсан. Тэгээд яаран сандран гэнэтхэн Засгийн газраас гарах тухай ҮЗХ-ны хурлын өмнө зарласан юм биш үү?
-Тийм асуудал байхгүй, хамтарсан засгаас гарах асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх болсноо л зарласан шүү дээ. Ер нь Ардчилсан нам замын дундаас үндсэн зорилгоо биелүүлээгүй засгаас “зугтсан” бол үнэхээр нийгэмд яаж харагдах байсан нь ойлгомжгүй. Та санаж байна уу? 2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газраас одоогийн МАН-ын 11 сайд гарын үсэг зураад гарсан. Тухайн үед энэ увайгүй үйлдэл байсан. Ямар ч шалтаг шалтгаан байхгүй. Тэр үеийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй өдөр шөнө шиг ялгаатай. Гэтэл бид гарах үндэслэлээ тодорхой хэлж байгаа. Өнөөдөр АН гарч байхад улс төрийн, улс орны амьдралын хувьд хамгийн тогтвортой нөхцөл байдалд байгаа. Бужигнаан үймээн, өдөөн турхиралт, талцал байхгүй. Энэ Засгийг алттай, авдартай нь үлдээгээд гарч байна. Хоосон орхиогүй. Бидний хувьд сонгуульд бэлтгэх цаг мөн.
-Хамтарснаар бид тодорхой зорилтуудыг биелүүлсэн гэж та ярилаа.  Хамтрахгүйгээр зөв юман дээр нь дэмжээд, буруу дээр нь засаж залруулаад явсан бол илүү үр дүнтэй байх байсан юм биш үү?
-Би юмыг зөгнөж хардаг хүн биш. Хэрвээ Ардчилсан нам МАН-тай хамтараагүй байсан бол өнөөдөр нийгэм ийм байхгүй байсан. Манай нам том сөрөг хүчин, үндэсний хэмжээний том нам. Гэхдээ үндэсний хэмжээний нам улс эх орны тогтворгүй байдлын үед тогтворгүй байгаа талыг дэмжиж өдөөгөөд явсан бол хариуцлагагүй нам байх байсан.
-Хоёр нам хамтраад уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Гэтэл энэ ажил хэр зөв болсон бэ гэдэг талаар нийгэмд маш их эргэлзээ, талцал байгаа..?
-Ямарваа нэгэн үйл явцад зөв, буруу гэсэн шүүмжлэл дандаа байдаг. Үүнийг хүлээн авах, тэвчих чадвар бидэнд заавал байх ёстой.
-Оюутолгойн гэрээг үнэхээр үр дүнтэй гэрээ болсон гэж та бодож байна уу?

-Энэ гэрээг эхлүүлсэн нь туйлын зөв. Гэхдээ үүний зөв бурууг өнөөдөр хэн ч шүүхгүй. Түүх өөрөө шүүнэ. Түүхийн шүүх зүйлийг улс төр хийж гацааж болохгүй. Гацаах нь хамгийн хор уршигтай. Хараад байхад олон давтамжтай ярьсан нь зөв юм шиг харагддаг. Үүнд улс төрийн нам аль нэг талыг нь барьж баримталж зүтгэх нь алдаанд хүргэнэ гэж боддог. Бидний давуу тал бол ямар ч байсан хөдөлгөөд буруу, зөв ч гэсэн 21 мянган төгрөгийг хүмүүст өгч байгааг буруушааж болохгүй.
-Түүхэн цаг хугацаа шүүх үед та бид байхгүй, хариуцлага ч байхгүй байна. Хэрвээ энэ гэрээ алдаа ихтэй болсон бол үнс нурам, цөлжилт л үлдэнэ. Оюу толгой ч байхгүй болчихсон байвал яах вэ?

-Ирээдүйд чиглэсэн юм ярих бол өөр өнцөг рүү явна. Баялаг, баялгаас үүсч байгаа хөрөнгө оруулалт, мөнгийг цаашид ядуурлыг бууруулахад зарцуулах, эдийн засгийн зөв гольдрол руу чиглүүлэх, ардчилсан төртэй болгох зөв хэлбэр рүү явуулах гэдэгт ярих юм бол олон өнцөг гарч ирнэ. Харин өнөөдөр бид байгаа нөхцөлд юу хийсэн бэ гэдгээ ярьсан. Өнөөдөр бид ардчилсан засагтай болж чадаагүй байна. Ардчилсан засаг гэдэг нь ард түмнээ ялгаварладаггүй. Ардчилсан засаглал иргэнийхээ эрхийг хамгаалж бүрэн чаддаг, хүмүүстээ мэдлэг олгодог, чөлөөтэй арилжаа худалдаа хийх боломжийг тэгш олгодог засаглалыг ардчилсан засаглал гэж нэрлэдэг. Тэгэхийн тулд яах вэ гэвэл өөр яриа болно.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХГҮЙ БАЙХ НЬ ХЭН НЭГЭНД АШИГТАЙ БАЙСАН Ч БАЙЖ БОЛОХ…

-Ардчилсан засаглалтай болъё гэсэн энэ үг танай сонгуулийн уриа болох байх. Тэгэхээр өнгөрсөн 20 жилийн засаглал ардчилсан бус байжээ гэсэн үг үү? Одоо л нэг ардчилсан засаг байгуулах нь гэж ойлгож болох уу. Гурван жил ажиллахдаа нийлээд ч ардчилсан засгийг байгуулж чадаагүй гэсэн үг үү?

-Би шуудхан хэлье. Өнөөдрийн манай засаглал ардчилсан бус. Энэ миний үзэл бодол шүү. Би өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй байдаг. Гурван жил ажиллахдаа нийлээд ч ардчилсан засгийг байгуулж чадаагүй.  Энэ бол намуудын дарга нарт хандаж байгаа үг биш. Нийгмийн нөхцөл байдал үүнийг хэлж байгаа юм. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр засаг захиргаа, эдийн засгийн хувьд ч гэсэн бид социалист суурин дээр явж байгаа болохоор нийгмийн тэгш бус үзэгдэл, шударга бус явдал өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа нь ардчилсан төргүй байгаагийн нотолгоо мөн.
-Социалист суурь гэдгийг тодруулахгүй юу?

-Засаг захиргаа, эдийн засгийн бүтцийнхээ хувьд яг социалист суурин дээрээ явж байгаа. Монгол орон маань түүхийнхээ хувьд хэрхэн явж ирсэн, юун дээр тогтож байсан вэ. Би удахгүй энэ сэдвээр илтгэл тавина. Энэ тогтолцоо бүтцийг өөрчлөхгүй тохиолдолд эдийн засгийн механизм нь хэт төвлөрөл рүү “дуудсан” хэвээрээ л байна. Хэт төвлөрөл хүний өмчлөх, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх бололцоог тухайн орон нутагт байхгүй болгосон. Монгол Улсын бүтцийг аваад үзэхэд орон нутагт нэг ам.км талбайд нэг хүн ногдож чадахгүй байгаа. Уг нь зүй тогтлоороо бол нэг ам.км квадратад талбайд арван хүн байх ёстой атал Улаанбаатарт 240 гаруй хүн байна. Гэхэд хөдөөд нэг бүхэл хүрэхгүй байна гэхээр нутаг дэвсгэрийнхээ, хүн амынхаа зөв суурь иргэншил, хүн амынхаа нөхөн хөгжих,өөрсдийгөө авч явахад алдаад байна гэсэн үг. Энэ нь бидний хуучин тогтолцоогоо өөрчлөөгүйн том алдаа. Үүнийг харахгүйгээр өнөөдөр зөвхөн мөнгийг хааш нь хуваарилах вэ гэж бодож байгаа нь дэндүү болчимгүй хэрэг.
-Ардчилсан засгийг Ардын нам ч, танай нам ч барьсан удаатай. Яагаад таны ярьж байгаа шиг бүтцийг нь өөрчилж болоогүй юм бол. Оны өмнө нь засаг захиргааны нэгжийн захиран зарцуулах эрхийг орон нутагт өгөх тухай 20 жилийн дараа яригдаж эхэллээ шүү дээ..?
-Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Орон нутагт төсөв өгнө гэдэг нь даргад өгч байгаа хэлбэр. Орон нутаг чинь өөрөө даргаас өөр иргэнгүй болчихсон шүү дээ.
-Төсвийг иргэдэд, тухайлбал Иргэдийн хуралд нь өгч байгаа юм биш үү?
-Засаг даргад нь өгч байгаа эрх. Засаг даргад төсвийн эрх мэдлийг өгөх нэг өөр, орон нутгийн иргэдэд өгөх нэг өөр. Орон нутаг, суманд даргаас өөр хүн байхгүй болчихсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Яагаад ойлгохгүй, буруу зүйл рүү тэмүүлээд байгаа юм. Гэтэл Улаанбаатар руу бүгд яагаад шаваад байна вэ.
-20 жил болчихоод одоо яагаад гэнэт санаад эхлэв гэдэгт гол асуудал байна..?
-Үүнийг анзаардаг, мэддэг хүн байгаагүй юм уу, эсвэл үүнийг хийхгүй байх нь  нэг хэсэгт нь ашигтай байсан юм уу гэдэг асуудлуудын учрыг олох ёстой.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ЭНЭ ИХ ХУРАЛ ЗАСАЖ ЧАДАХГҮЙ

-Судалгаануудаас харахад сонгуулийн дараа аль ч нам үнэмлэхүй олонхи болох магадлал бага юм шиг харагддаг. Энэ тохиолдолд хоёр намын хооронд биш, олон намын хооронд ч хамтарсан Засгийн газар байгуулж магадгүй шинж харагдаж байна. Дахиад эвсэх шаардлага гарвал яах вэ? Танайх эвсэлд орох уу?
-АН МАН-тай эвсч үзлээ шүү дээ. Одоо болсон.
-Хэзээ ч эвсэхгүй гэсэн үг үү?
-Миний хувьд хэзээ ч эвсэхгүй. Үүнийг би намынхандаа ч хэлнэ. Одоо өөрсдийнхөө үнэт зүйлсийг хамгаалж, олонхи нь олонхиороо, цөөнх нь цөөнхөөрөө явдаг цаг нь болсон. Гэхдээ соёлгүй улс төр хийхийг хязгаарлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Сөрөхийн тулд сөрдөг, муулахын тулд муучилдаг, тэмцэхийн тулд тэмцдэг, туйлшрахын тулд туйлширдагийг өөрчилж, энэ цаг үеийн эрх зүйн орчныг бид л бүрдүүлэх үүрэгтэй.
-Яах аргагүй хамтарч байгуулахаас өөр аргагүй нөхцөл 2012 онд гарвал яах вэ?
-Үндсэн хуульд олонхи нь Засгийн газраа байгуулна гэснээс биш, олонх нь яаж байгуулах вэ гэдэг эрх зүйн үндэс нь байгаагүй. Одоо байхгүй учраас стандарт бус, хууль зөрчсөн гэсэн зүйл яригдаад байгаа. Гэхдээ амьдрал дээр та бүхний ярьж байгаа нөхцөл байдал үүсчихсэн. Хэн нь ч олонхи болж чадаагүй. Нэг хэсэг нь олон, олонхи болох гээд Засгийн газраа байгуулж чадахгүй төр нь гацах, төрийн механизм гацах нөхцөл нь хуулиар нээлттэй.
-Үндсэн хуулинд өөрчлөлт хийвэл наана нь хийхгүй бол сонгуулийн дараа засгаа байгуулж чадахгүй нөхцөл үүсчихвэл, юуун Үндсэн хуулиа засах манатай л болох байх..?
-Ний нуугүй хэлэхэд энэ УИХ засч чадах болов уу даа.
-Төсөл нь бэлэн байгаа шүү дээ..?
-Ийм нөхцөл байдал үүсэх юм бол дараагийн УИХ хамгийн түрүүнд энэ асуудлыг цэгцэлж болно. Төрийн механизмыг гацааж болохгүй. Парламенттай улс чинь улс төрийн тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ын гишүүн гэдэг бүрэн эрхтэй хүмүүсийн зөвшилцөлд тогтдог байх ёстой. Тэр нь дамжаад намуудын зөвшилцөл, намуудын зөвшилцөлд тогтсон зйүлийг Ерөнхий сайд гэдэг хүн гэрээгээр хүлээсэн үүргээрээ хамтран Засгийн газраа байгуулан, гэрээний үүргийг хэн нэгэн хүн зөрчвөл парламентыг Ерөнхий сайд нь тараадаг эрх зүйн орчныг бүрдүүлэх. Ингэж байж парламент Засгийн газар хоёрын хоорондын харилцан шүтэлцээнд дархлаа үүсдэг жамтай.
-Жирийн сонгогч танаас 2008 онд Монгол Улсын ядуурлын түвшин 35 хувьтай байсан бол өнөөдөр бараг 40 хувь хүрчихлээ. Яагаад нэмэгдээд байгаа юм бэ гэж асуувал… та бүхэн юу гэж хариулах вэ?
-Энэ нь бидний эдийн засгийн бодлого, орлого, борлуулалт иргэндээ шууд наалдаггүйн тод жишээ. Нэг баримт хэлье. Эдийн засгийн өсөлтийг иргэндээ шууд наадаг механизмыг буй болгохгүй бол болохгүй. Өнөөдөр үүсчихсэн биш, 20 жилийн хугацаанд үүнийг хийгээгүй нь төрийн буруу. Баян-Өлгийд нэг хүнд ногддог дотоодын нийт бүтээгдэхүүн 770 ам.доллар, улсын дундаж 2200 ам.доллар байна. Гэтэл Баян-Өлгийн нэг иргэнд ногдож байгаа хадгаламж хуримтлал нь 200 гаруй мянган төгрөг. Харин Сэлэнгэд дээрх хоёр үзүүлэлт эсрэгээрээ. Тус аймагт нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2300 ам.доллар байхад хадгаламж нь 160 мянган төгрөг байгаа нь судалгаагаар гарсан. Эндээс юу харагдаж байна вэ гэтэл хамгийн бага бүтээж байгаа нь хамгийн их хуримтлалтай. Хамгийн их бүтээсэн нь хамгийн бага хуримтлалтай байгаа нь бид ямар нийгмийн хуваарилалтад амьдарч байгааг нотолж буй хэрэг. Энэ ардчилсан төр, зах зээлийн эдийн засгийн шударга хуваарилалт мөн үү. Ийм байдалд хүргэж байгаа эрх зүйн орчныг дагаж хөөсрөх, давтах эрх Ардчилсан намд байхгүй ёсгүй.

ИРГЭН ХҮН УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БИД БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ

-Монголын төр олигархижсан гэдэгтэй Та санал нийлэх үү?
- Санал нийлж байгаа. Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлийг дотроо тээж яваа нам. Энэ нам мөнгөтэй, мөнгө дагаж эрх мэдэлтэй явдаг хүмүүсийн бодлогод хөтлөгдөж болохгүй. Би ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа тохиолдолд хэзээ ч ийм  байдал руу түлхэхгүй. Энэ намын удирдлагад, бүтцэд ардчиллын үнэт зүйлийн төлөө анхнаасаа явсан, яс махаараа мэдэрсэн, алдаа оноондоо хатуужсан, үзэл бодолдоо үнэнч байдаг хүмүүс байгаасай гэж хүсдэг.
- АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн намдаа 50 сая төгрөг өгч байгаа.  Эдгээр хүмүүсээр дамжуулж төрөө удирдана биз дээ..? Өөрөөр хэлбэл өнөөх л олигарх…
-Энэ өөр зүйл. Улс төрд орж байгаа хүн “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас”-ах учиртай. Өөрийгөө засаагүй байж төрийн тухай ойлголт байх ёсгүй.
-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас” гэдэгтэй санал нэг байна.Гэхдээ таны өмнө хэлсэнчлэн улс төр, эдийн засгийн тогтолцооны суурь бүтэц нь буруу учраас шударга хөдөлмөрлөдөг нь мөнгөгүй, өөрөөр хэлбэл гэрээ засаж чадаагүй, харин залхай нь шударга бусаар мөнгөтэй болдог үзэгдэл нийгэмд хавтгай байгаа. Тэгэхээр энэ улс төрд мөнгө ханвилан орж ирж байгаа хүмүүс дотор чинь шударгаар гэрээ зассан хүн хэр олон байгаа бол?

-Энэ харьцангуй ойлголт. Ер нь хүн бүр заавал улс төрд орох үүрэгтэй  юм уу. Улс төргүйгээр яагаад амьдарч болохгүй байгаа юм бэ. Иргэн хүн улс төрөөс хараат бус амьдрах нөхцөлийг бид бүрдүүлэхгүй бол хэн бүрдүүлэх вэ. Бие биеэ шүүмжлээд л суугаад байх уу.
-Ирэх сонгуульд танай нам эмэгтэйчүүдээ хэр дэмжих вэ?
-Улс төрд эмэгтэйчүүд байхыг зарчмын хувьд зөв гэж боддог. Гэхдээ сонголтыг ард түмэн хийнэ. Эмэгтэйчүүд улс төрд орно гэдэг нь өөрийнх хувьд нийгэмд танигдаж байгаа байдал, идэвх, боловсрол гээд олон зүйл хамаарна.
-УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломжтой юу?
-Хамгийн энгийнээр хэлэхэд зардал хэмнэх гээд улс оронд хэрэгтэй зүйл бий. Улс төрийн хариуцлага хүлээлгэх гэдэг утгаар нь авч үзвэл нэгмөсөн бүх шатанд нь хүлээлгэх нь зөв.  Энэ үүднээс зэрэг явуулах нь зарчмын хувьд зөв.

МАНАЙХ МОД ЯРИХГҮЙ, ХҮНЭЭ ЯРЬЖ СОНГУУЛЬД ОРНО

-Энэ удаагийн орон нутгийн болон УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялна гэсэн итгэл хэр байна?
-Ялах нь бидний үүрэг гэж би ойлгож байгаа. Ялна гэсэн итгэлтэйгээр сонгуульд орно. Ялахдаа бид нийгмийн болохгүй байгаа зүйлийг шүүмжлэх биш, ингэж засна гэдгээ иргэддээ хүргэж байж ялна. Надаас хүмүүс “Та аль тойрогт дэвших вэ” гэж асуудаг. УИХ-д дэвшигчдийн нэрс хоёр жагсаалтад бичигдэнэ. Сүүлийн үед надад “Яагаад 28-ын нэгд орж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Би амиа  бодож байгаа юм шиг яагаад заавал тойрогт дэвших ёстой юм. Энэ намд дөрвөн жил хариуцлага хүлээж явлаа. Эцсийн үр дүнг үзэх гэж байхад 28-ын нэгд зогсч байгаад намаа олонхи болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэх нь миний үүрэг биш үү. Сонгуульд ерөнхий менежерийнхээ үүргийг гүйцэтгээд намаа ялуулах нь миний зорилго. Генерал нь цэргүүддээ итгэл үнэмшил төрүүлэхийн төлөө хамгийн хүнд цэгт өөрөө тэргүүлэх ёстой.
-Парламентын гаднах зарим улс төрийн намууд, зарим төрийн бус байгууллагууд, иргэд ч мөн адилхан эрх баригч хоёр намыг юу ч хийсэнгүй, хувьсгал хийхээс өөр арга алга гэж хэмээн хүчтэй шүүмжилж байгаа. Хувьсгалд хүртэл уриалан дуудна гэдэг нь ерөөс их л бухимдалтай байгаа хэрэг шүү дээ?
-Ардчилсан нам өөрсдийнхөө хувьсгал гэдэг томъёоллыг хэлсэн. Эдийн засгийн хувьсгал хийнэ. Эдийн засгийн хувьсгал нь иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгох, жам ёсныхоо амьдралаар амьдрах бололцоог нь олгох энэ чиглэл рүү маш хурдан явах ёстой. Ер нь төр барина гэдэг нь хэн нэгэн аавын хүүгийн ярьсныхаа зоргоор хийдэг ажил биш. Үндсэн хуульт улс орны хувьд төрийн эрхийг намаар дамжуулж хийнэ гэдэг үндсэн логик бий.
- Улс төрийн намууд гишүүнчлэлтэй байх нь хэр зохистой вэ? Ер нь гишүүнчлэлгүй нь дээр юм биш үү?

- Гишүүнчлэл хэрэггүй гэж боддог. Гэхдээ энэ алхамыг иргэдээ мэдлэгжүүлэх асуудалд анхаарч байж,  аажмаар хийх ёстой. Өнөөдөр шууд гишүүнчлэлгүй болгох цаг нь биш. Ямар ч байсан 2012 онд шинэ парламент байгуулахад намуудын тухай хуулийг өөрчилнө. Гишүүнчлэл, намын, санхүүгийн  асуудлыг цэгцлэх ёстой. Германы намуудын тухай хуульд тодорхой заасан байдаг. Сонгуульд нэр дэвшигч хүнээс мөнгө авах юм бол хасагддаг. Нэр дэвших нь чөлөөтэй. Мөнгөний хязгаар тавьдаггүй, төр нь сонгуулийн санхүүжилт хийдэг гэх мэт. Ийм хууль эрх зүйн орчингүй байхад нам өөрийгөө  яаж санхүүжүүлж, нэр дэвшигчээ сурталчлах вэ? Хулгай хийж, хахууль авч болохгүй шүү дээ.
-ҮЗХ-д Н.Алтанхуяг даргыг огцруулах асуудал яригдсан. Сонгуулийн өмнө ахиж яригдах уу?
-ҮЗХ дахин хуралдана. Бид өнөөдөр нэгнийхээ сайн мууг шүүдэг цаг угаас биш, Ардчилсан нам нэг хүн дээр бус үнэт зүйл, олон ургальч үзэл бодол дээрээ тогтдог. Нам дотор хэн нэгэнд таалагдах, таалагдахгүй нөхцөл байж болно. Гэхдээ хувийнхаа харилцааг намынх болгож, намын эв нэгдэлтэй холбоотой асуудлаар энэ намыг сарниулах оролдлогыг хүлээн зөвшөөрч болохгүй. Намын дарга хариуцлагагүй зүйл хийсэн, намын нэр хүндийг унагасан үйлдэл нь нотлогдвол их хурал олонхийн шийдвэрийг гаргаж шийдэж болно. Энэ эрх нь нээлттэй. Өнөөдөр сонгуульд амжилттай оролцох нь бидний нэн тэргүүний үүрэг.
- АН-ыг хамтарсан засгийн газраас гарах мэдэгдэл хийнгүүт шатахууны үнэ өссөн. Ардчилсан намын дэд сайд Б.Ариунсан ажлаа өгөхийн өмнө шатахууны үнэ нэмэх зөвшөөрөл өгсөн тухай мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол бол танай нам сөрөхийн тулд л утга учиргүйгээр сөрж, бохир улс төр хийж байгаагийн илрэл биш үү?

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нэг хүндтэй холбож болохгүй. Нэг хүнд холбох оролдлого нь өөрөө улс төр. Нэг хүн шийдвэр гаргадаггүй, хуульд ч байдаггүй. Шийдвэрийг Засгийн газар, шаардлагатай тохиолдолд УИХ гаргана. Нэг хүний гаргасан шийдвэр мэт харагдуулж байгаа нь далимдуулсан улс төр хийж байгаа юм. Жишээ нь Ардын нам дангаараа Засгийн газраа аваад явж байтал талхны үнэ өслөө гэхэд С.Батболд буруутай байж таарах нь л дээ.
-МАН “Хөгжлийн мод” гэсэн юм яриад сонгуульд орох юм шиг байна лээ. Ардчилсан нам юу ярьж орох вэ?

- Манайх мод ярихгүй, хүнээ ярьж сонгуульд орно.  Монгол хүнээ, хүний жам ёсны эрхийг ярина. Үүнийг би зөвхөн миний итгэл үнэмшил гэж бодохгүй байгаа. Энэ нийгмийн олон хүмүүсийн хүсэн хүлээж байгаа зүйл гэж бодож байгаа. Үүнийг олон талаас нь нотлох үүрэгтэй. Хэрвээ энэ нийгэмд эрх чөлөөтэй хүмүүс нь төр засагтаа бухимдахгүй байсан бол бид ардчилсан төрөө байгуулсан юм байна гэж бодож болно. Гэхдээ нийгэм бухимдалтай, зүй тогтоц нь тэгш биш байгаа нөхцөлд бидэнд ардчилсан засагтай гэж бахархах эрх байгаа юм уу гэсэн асуудал үүснэ.

-Цөөнгүй хоног талцсаны эцэст МАН-ын дангаараа засгийн эрхийг барихаар боллоо. Шинээр томилогдсон сайд нарын тухайд та юу хэлэх вэ?

-Бид шинэ сайд нарын талаар байр сууриа хангалттай илэрхийлсэн. Ямар ч гэсэн МАН намын бүтцээрээ сонгуулийн өмнө Засгийн газарт орох гэсэн оролдлогыг таслан зогсоосон. Хэр зэрэг чансаатай сайдууд томилогдов гэдгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Тэмдэглэсэн Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих