АНУ, Хятадын хэлэлцээ итгэлцэл суларсан үед болох уу

cv

Энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн тарифыг хойшлуулах Бээжингийн хүсэлтийг зөвшөөрөөгүй учир хоёр тал сардаа багтаан худалдааны хэлэлцээг сэргээх хугацааг товлоход бэрхшээл гарсныг эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгч Трамп зах зээлийг тайвшруулж, хэлэлцээнд ахиц гарч байгаа мэтээр ярьж байгаа боловч үнэндээ дэлхийд тэргүүлэх хоёр эдийн засгийн үл итгэлцэл гүнзгийрч, хэлэлцээг дахин эхлэх нөхцөлөө тохиролцож чадахгүйд хүрээд байгаа юм. Хятадын худалдааны төлөөлөгчид Вашингтонд ирэх огноог зөвшилцөж чадаагүй байгаа нь хэлэлцээ болохгүй гэсэн үг биш гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж ярилаа.

Энэ мэдээний дараа АНУ-ын хувьцааны фьючерсын үнэ унав. Өнгөрсөн долоо хоногт хоёр тал бие биеийнхээ хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Трамп ням гарагт тарифаа эхлүүлсэн нь хүлээлтээс эсрэг үр дүнд хүрч болзошгүйг шинжээчид сануулав. Хятадын албан ёсны хэвлэлд Засгийн газар эдийн засгийн байдал муудахад бэлтгэж эхэлснийг мэдээлсэн байна. Бээжин даваа гарагт АНУ-ын ногдуулсан тарифын асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагад тавьж хэлэлцүүлнэ хэмээн мэдэгдэв.

Хятадын өдрийн сонинд “АНУ-ын засаг захиргаа Хятадыг дарамтлах бодлогогүй алхам хийж байна. Худалдааны тохиролцоонд хүрэх нь илүү үр ашигтай хандлага болно” хэмээн бичжээ. 2020 онд Трампыг дахин сонгогдохоор өрсөлдөх хүртэл худалдааны дайны алхам бүр санхүүгийн зах зээлд эерэг болон сөрөг хөдөлгөөн үүсгэж байгаа учир Цагаан ордны зарим албаны хүн хэлэлцээг бүрэн тасрахаас сэргийлэхийг оролдож буй. Өнгөрсөн сард тодорхойгүй байдлын улмаас S&P 500 индекс 1.8 хувиар унасан бол Америкийн бондын өгөөж доошилсон нь компаниудад хохирол учруулж, хэрэглэгчдийн итгэлийг бууруулсан.

Трамп “Бидний хувьд байдал сайн, Хятадын талтай ярилцаж байгаа. Уулзалт есдүгээр сард болохыг та бүхэн мэднэ. Үүнийг өөрчлөөгүй. Тэд ч өөрчлөөгүй, бид ч өөрчлөөгүй. Юу болохыг харъя. Гэхдээ улс орны хувьд хятадууд биднийг нүцгэлэхийг зөвшөөрч чадахгүй” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. АНУын худалдааны төлөөлөгчийн оффис бидний асуулгад хариу өгсөнгүй. Гэвч Ерөнхийлөгч хэлэлцээ бидний байр суурийг ойртуулсангүй гээд “Хэрэв Хятадтай сайн тохиролцоонд хүрч чадахгүй бол хамтарч бизнес хийхээ больё. Би бизнес хийхийг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ Трамп хэлсэн үгэндээ Хятадаас давсан санаа илэрхийлсэн байна. Тэрбээр Хятадын 360 тэрбум ам.долларын бараанд тогтоосон тарифын талаар Америкийн компаниуд  гомдол мэдүүлж байгааг шүүмжилсний дээр компанийн муу менежмент явуулж байна хэмээн буруутгасан. Хятадын 112 тэрбум ам.долларын бараанд тогтоосон 15 хувийн шинэ тариф гутал, хувцас, Apple-ын цаг гэх мэт өргөн хэрэглээний барааг хамарч байгаа учир үр нөлөө нь энгийн иргэдэд шууд тусах магадлалтай.

Мөн 12 дугаар сарын 15- наас хэрэгжих ухаалаг утас, нөүтбүүк зэрэг 160 тэрбумын бараанд ногдуулах 15 хувийн татвар бүр ч эмзгээр тусаж болзошгүй. Харин Хятадын тал тарифын хатуу тактикт бууж өгөөгүйгээ харуулахыг эрмэлзэхийн сацуу твиттерээр гэнэт мэдэгдэл хийдэг Трампын арга барилд дургүйцэж буй. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан Бээжинд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Өнөөгийн байдлаар хамгийн чухал зүйл бол Хятад ба АНУ-ын хооронд худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бий болгох явдал” гэжээ.

Экспортод түшиглэдэг Хятадын эдийн засаг худалдааны дайнд АНУ-ынхаас эмзэг бөгөөд тарифын нөлөө улам бүр илэрч буй. Тус улсын худалдан авагч менежерүүдийн индекс 49.5 нэгж болж доошилсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Уг үзүүлэлт дундаж түвшнээс доогуур гарсан нь дотоод болон гадаад захиалга буурсныг харууллаа. Гэхдээ Хятадын Засгийн газар түгшүүрийн дохио өгсөнгүй. Төрийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “Байдал хяналтад, тогтвортой байна” гэв. Гэхдээ мөчлөгийн эсрэг зохицуулалт нэмэгдэх болно гэж энд дурдсан байна.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.