Владимир Путины тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 баримт

f70c31fced07aa32a44795659b3edb4fОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж байна.

Сөрөг тагнуулчаас их гүрний удирдагчийн суудалд хүрч чадсан түүний талаар үлгэр домог мэт түүхүүдээс эхлээд магтаал, шүүмжлэл хосолсон олон янзын мэдээлэл цацагддаг.

Жирийн нэгэн ахмад дайчны гэр бүлд төрсөн тэрбээр багадаа бокс, самбо, жүдо бөхөөр хичээллэж, тэмцээн уралдаанд алгасалгүй амжилт гаргадаг нэгэн байв. Путин угийн сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан бөгөөд багаасаа тагнуулч болох мөрөөдөлтэй байсан аж. Тэрбээр 1975 онд Ленинградын их сургуулийг хуулийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд тухайн ондоо ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороонд (КГБ) хуваарилагдаж, 16 жилийн турш гадаад тагнуулын ажил хариуцсан хэлтэст ажиллажээ. Путин герман, англи хэлийг гарамгай эзэмшсэн ба өндөр түвшинд бэлтгэгдсэн тагнуулч хэмээн олон эх сурвалжид дурдсан байдаг. Тэрбээр 1990 онд Санкт Петрбург хотноо эргэн ирж Ленинградын их сургуульд ажиллахын зэрэгцээ хотын зөвлөлд орсон нь улс төрд орох алхам болжээ. Үүний дараа тэр хэрхэн албан тушаалын шатаар хурдтай өгсөж, Борис Ельциний итгэлт хүн болж улмаар ОХУ-ын төрийн тэргүүн болсныг дэлхий нийтээр мэдэх биз ээ.

Тэгвэл Владимир Путины талаар хүмүүсийн төдийлөн мэддэггүй баримтуудыг бид түүвэрлэн хүргэж байна. 

1. Путины өвөө Ленинийн зуслангийн харшийн ахлах тогооч байсан бөгөөд хожим Сталины хувийн тогоочоор хэдэн жил ажилласан гэдэг.

2. Түүнийг 11 насандаа жүдогоор хичээллэж эхлэхэд ээж нь дурамжхан байсан гэдэг. Гэлээ ч Путин спортын төрлүүдэд онцгой авьяастай байсан бөгөөд 2001 онд жүдогийн 5-р дан, 2013 онд таэквондогийн хамгийн дээд дан болох 10-р дан, 2014 онд каратэгийн 8-р дантай болжээ. Путин одоо ч бие хамгаалах урлагаар хичээллэдэг аж.

3. Тагнуулчтай зохиолуудыг шимтэн уншдаг тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бүхэл бүтэн армийн хийж чадаагүй зүйлийг ганцхан хүн гүйцэтгэж чаддаг нь намайг хамгийн их гайхшруулдаг” хэмээн ярьжээ.

4. Путин амьтанд туйлын хайртай бөгөөд түүнд нохой, морь, ямаа, Сибирийн бар хүртэл бий. Олонхийг нь түүнд их гүрний удирдагчид, нөлөө бүхий хүмүүс бэлэглэсэн аж. Тэрбээр улс төрийн яриа хэлэлцээр хийхдээ нохойгоо оруулж ирэх нь энүүхэнд. 2007 оны нэгдүгээр сард Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа Куни нэртэй нохойгоо авчирч, Германы удирдагчийг багахан сандаргаж байжээ.

5. Оросын удирдагч үе үе олныг гайхшруулдаг. Путин герман хэлийг эх хэл шигээ чадамгай эзэмшсэн ба англи хэлэндээ ч муугүй нэгэн. Гэхдээ тэр англи хэлээр барагтай бол ярьдаггүй. Харин 2010 онд Санкт-Петербургт болсон нэгэн хандивын тоглолтын үеэр тэрбээр  ”Blueberry Hill” хэмээх дууг дуулж сонирхуулж байжээ.

6. Путин эхнэр Людмила Шкребневатайгаа 1980 онд анх танилцаж байсан бөгөөд 1983 оны долоодугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. 1987, 1988 онд төрж, тэрсхэн өссөн Катерина, Мария хэмээх хоёр охиных нь тухай мэдээлэл тун хомс байдаг. Суралцсан сургууль, эзэмшсэн мэргэжил, одоо хаана амьдардаг нь цөм тодорхойгүй.

7. Caviar Perna Penna хэмээх үнэт эдлэлийн брэнд 2015 онд Путины нэртэй, алтаар бүрсэн ухаалаг цаг, Путины зурагтай 18 кратын алтан шигтгээтэй iPhone 5S утас худалдаанд гаргаж байв. Цаг нь 3000 доллараар худалдаалагдаж байсан бол утас нь 4350 долларын үнэтэй байжээ. Ердөө 44 ширхэг үйлдвэрлэгдсэн iPhone 5S утсыг хэрэглэгчид 24 цагийн дотор худалдаж авчээ. Түүнчлэн Путинка нэртэй архи, түүний зурагтай пудволк хүртэл худалдаанд гарч байжээ.

8. Путины “имиж”-ийн салшгүй хэсэг бол спорт. Тэрбээр бөхийн төрлүүд, бие хамгаалах урлагаар хичээллэхээс гадна загасчилж, усанд сэлж, морь унаж, цанаар гулгаж, хоккей тоглодог.

Путин баргийн зүйлд нүүрний хувиралаа үзүүлдэггүй, сэтгэл хөдлөлөө маш сайн захирдаг удирдагчдын нэг. Харин тэрбээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа ялалт байгуулсны дараа ард түмэндээ хандан үг хэлэхдээ сэтгэл хөдөлж, баярын нулимс унагаж байсан аж. Тухайн үед сонгуульд нийт сонгогчдын 62.3 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан Ерөнхийлөгчдөө баяр хүргэхээр 100 гаруй мянган хүн цугларсан байжээ. Путин Улаан талбайд хэлсэн үгэндээ “Бид нээлттэй, шударга тулаанд ялалт байгууллаа хэмээн хэлээд нулимс унагажээ. Харин ОХУ-ын сөрөг хүчний нэг болох “РПР-Парнас” намын тэргүүн Илья Яшин В.Путиныг сүүлийн 12 жилд анх удаа нулимс унагахын харлаа хэмээн ярьжээ.

2014 онд Путин Монгол Улсад айлчлахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Чингисийн талбайд албан ёсоор угтан авсан юм. Тухайн үед Оросын төрийн дуулал эгшиглэх үеэр их гүрний удирдагч нулимс унагасан хэмээн манай хэвлэлүүд шуугьж байв.

9. 2012 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Магнитскийн акт” нэртэй хоригт гарын үсэг зурав. Энэ нь хүний эрхийг зөрчсөн, авлигын хэрэгт холбогдсон Оросын төрийн албан хаагчдын АНУ дахь үл хөдлөх хөрөнгө, дансыг царцаах тухай хориг байсан юм. Энэ нь Путины хамгийн том “дайсан” гэгддэг Их Британийн хөрөнгө оруулагч Билл Браудерын үйл ажиллагааны үр дүн байв.

10. 2005 оныг хүртэл дэлхийд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч сангуудын нэг гэгдэж байсан “Hermitage Fund”-ийг үүсгэн байгуулагч Билл Браудер ерээд оны дунд үеэс Орост очиж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж байв. Ингэх явцдаа тэрбээр ОХУ-д үүрлээд байсан олигархуудын авлига, хүнд суртлыг биеэрээ мэдэрч, улмаар түүний компанийн ОХУ дахь төлөөлөгч Сергей Магнитский амиа алдахад хүрчээ. Үүний улмаас тэрбээр Оросын олигархууд болон авлигад идэгдсэн улс төрчдийн хэргийг удаа дараа дэлгэж (түүний дотор Путин ч багтсан) Red Notice хэмээх номондоо энэ тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Мөн Америкийн конгресст тууштай лобби хийсний үр дүнд “Магнитскийн акт”-ыг батлуулж чаджээ.

Тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг уншихыг хүсвэл ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин дэлхийн ХАМГИЙН БАЯН ХҮН мөн үү? нийтлэлийг уншаарай. Мөн Unlock подкастынхан “Red Notice” номыг хураангуйлан ярьсныг ЭНД дарж сонсож болно.

Ub.life.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.