Үндсэн хуулийг хэн хэдийд өөрчлөх боломжтой вэ?

7371Б.БАЯРЖАВХЛАН

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчдөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.

Ээлжит хэлэлцүүлэгт Ардын уран зохиолч Т.Галсан, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал, эрх зүйч Э.Магнайбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар оролцож, “Үндсэн хуулийг хэн хэдийд өөрчлөх боломжтой гэж” сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

Ардын уран зохиолч Т.Галсан: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ШИНЭЧИЛСЭН ГЭДГЭЭСЭЭ ЭХЛЭЭД БУРУУ

-Сэхээн амьдруулах тасагт ирж буй хүнд шууд мэс засал хийдэггүй.  Оношоо зөв тавих ёстой. Онош буруудвал осолтой. Тиймээс Үндсэн хуульд тэр болгон “хутга” хүргээд байж болохгүй.  Одоо явж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг харахад л сэтгэлд буухгүй байна.


– Харин Үндсэн хуулийн засал гэдэг өөр. Нэмэлт гэсэн бол ард түмний амьдралд тулгамдаж буй зүйлийг хийх гэж байна гэж бодно. Хасна гэвэл дордуулсан долоог хасаад л болох нь тэр гээд итгэнэ.  Шинэчилсэн гэхээр юу ч үлдээлгүй өөрчилсөн нь тун ноцтой гар хүрэх гэж байгаа юм байна гэсэн сэтгэл төрж байна.


– Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108 болгоё гэсэн. Гэвч хүн ам дөнгөж гурван сая. Сонгогчдын тоо сая гаруйхан. Гэтэл тоон харьцуулалт гаргахдаа дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл хамаатай гэсэн байсан. 10 сая хүнтэй байсан бол 108 болгож болно.


-Харин тоог 77 болговол болно.  Их, бага гэсэн  хоёр танхимтай. Бага хурал 44 хүнтэй. Их хурал 33 хүнтэй байвал болох байх. Нэг хүн нэмье гэсэн саналтай байна.


-Парламент  гэдэг чинь  их хуралдай  шүү дээ. Тэнд яадаг вэ гэхээр 10 өрхийгөө татсан аавын хүү аравтын дарга, 100 өрхийг өөд нь татсан хүн зуутын дарга, 1000 өрхийг өөд нь татсан хүн мянгатын дарга болоод төр түшээд явдаг.


-Энэ Үндсэн хууль ард түмэнд юуг шийдэж өгөх ёстой вэ гэхээр парламентын Засгийн газар уу эсвэл Ерөнхийлөгчийн Засгийн газар уу гэдгийг шийдэж өгөх ёстой.


-Хөгжин мандаж байгаа улс бол амьдралаас урган мандаж байгаа шинэ асуудлыг Үндсэн хуульдаа тусгадаг. Эрүүл мэндийн заалт, гэгээрлийн заалт оруулах ёстой.


-Үндсэн хуулийн далимд мөчир хууль руу санаа тавих хүмүүсийг төрд гаргах ёстой. Намаас нэр дэвшиж байгаа хүнийг ард түмэн таньдаггүй. Харин нутгаасаа бол тэдний удам тууштай шүү. Эх орноо зарахгүй шүү. Ийм сонголт хиймээр байна.


-Үнэхээр эх орныхоо хувь заяаны төлөө төр түших гэж байгаа бол эх оронч ээжийн хүү, аавын охин байх ёстой шүү.Монголыг авч явах сайн хүүхдүүд олон байгаа.


-Эрхэм гишүүдээ, эртний их төрт ёст, Монголын төрийн хойморт сууж байгаа эрхмүүдээ та бүхэн ирээдүй хойчийн өмнө ичгүүргүй болох уу. Их түүхийн өмнө гавьяатан болох уу. Ийм их сорилго, ил тэмцээний тайзан дээр гарч ирэх нь байна шүү.


-Одоо амиа бодох цаг тань өнгөрлөө. Ард түмнээ бодох цаг чинь ирлээ. Түрийвчээ бодох цаг чинь больж төрөө бодох цаг болжээ. Үндсэн хуулийнхаа хөрсөнд, Монголынхоо амьдралын хөрсөнд бат шингэсэн, дэлхийн түүхэнд нэр бүтэн, урвагч хоч зүүхийг хүсээгүйгээ батлан харуулах боломж олдож байна.

Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал: ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОГТООДОГ ГАНЦ БАЙГУУЛЛАГА НЬ ЦЭЦ

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ ард түмэнд хэрэггүй, үндэслэлгүй өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөрчлөх хэрэггүй.


– Үндсэн хууль бол эрх мэдлийг хязгаарлаж байгаа баримт бичиг. Гэрээ бол биш. Гэрээ бол хоёр талын эрх тэгш харилцаа байдаг. Үндсэн хуулийн гол зорилго бол ард түмэнд үйлчлэх, төрийн эрхийг зохицуулах гол үүрэгтэй. Бодитой шаардлагатай өөрчлөлтийг хийх хэрэгтэй


-Судлаач хүний хувьд харахад тооны асуудал тийм ч чухал биш. Харин онолын хувьд бол параламент өөрөө хүн амын тоотой харьцуулагдах ёстой. 1992 оны Үндсэн хуулийн үед бол хоёр сая гаруй хүн амтай байсан одоо гурван сая гаруй болсон байна.


-Парламентын гол үүрэг бол төлөөллийн чиг үүрэг байдаг. Харин манайхан хэрэлддэг гэж ойлгоод байна.


-Парламент хууль тогтоодог байгууллага биш. Манайхан өөрсдийгөө хууль тогтоогч гэж андуурч байна. Хуулийг ард түмэн тогтоодог. Парламентын гишүүн бол ард түмний төлөөлөл.


-Парламентын байгууллага гэж ямар байгууллага юм бэ гэдгийг ойлгуулах чухал байна. Бид нэг л ойлгож өгөхгүй байна. Ойлгочихоод дэлхийн жишгээр нь дээд, доод танхим байгуулах нь зүйтэй юм.


-Засаглалын хэлбэрийг хэн нэгэн хэлээд шийддэг зүйл биш. Олон шалгуураар үүнийг шийднэ. Ард түмэн юу хүсч байна. Түүгээр шийднэ.


-Засаглал болгон өөрийн давуу болон сул талтай. Жишээлбэл зарим улсад ерөнхийлөгчийн засаглал тохирдоггүй. Африкийн ихэнх орнууд Америкийн Ерөнхийлөгчийн засаглалыг хуулж дарангуйлал руу шилжсэн. Харин Америкт нь бол болоод байдаг. Мөн парламентын засаглалыг аваад дарангуйлалд орсон олон орон байдаг.


– Парламент чинь илүү эрх мэдэл авах гээд байна. Таван жил болно гээд. Тэгвэл тараадаг механизмыг нь бас оруулах хэрэгтэй. Одоо улс төрд орвол диваажин болчихоод байна.


-Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуульд байгалийн баялаг нийтийн өмч гэсэн нэр томьёо байхгүй. Гол зохицуулж байгаа хууль нь иргэний хууль. Өмчийн харилцааг зохицуулж байгаа.  Бас нэгэн нэр томьёо байгаа тэр нь ард түмний өмчийн тухай хууль. Түүн дээр хуулийн маргаангүй гаргаж ирэх нь чухал байна.


-Монгол Улсын одоогийн нэмэлт өөрчлөлтийн хууль бол Үндсэн хууль зөрчиж байгаа тохиолдлыг нотолдог ганц байгууллага бий. Тэр бол Үндсэн хуулийн цэц.

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:  ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ЗӨРЧИЖ БАЙНА

-Өнгөрсөн хаврын жагсаал цуглаанаас харахад Монгол Улс засаглалын гүн хямралд орсон байсан. Ард түмэн Үндсэн хууль өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээсэн.


-Хууль засаглалын хувьд барууны улсын дагуул болчихсон байна. Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.


-1992 оны Үндсэн хууль бол либерал хууль. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин барууны либерал хууль ингээд дууслаа гэсэн. Барууныхан бол үнэн үг гэж байсан.


-Гишүүдийн тоо л яриад байвал  МАНАН дэглэм арилаагүй байгаа юм. Сонгуулийн хуулийг ашиглан өөрсдийн суух хугацаагаа өөрчилдөг байсан бол одоо Үндсэн хуулийг өөрчилж тоглодог боллоо.


-УИХ гишүүнийг 108 болгоно гэх юм. Тэгвэл Хятад, Америк хэдэн төлөөлөлтэй байх ёстой юм. Төлөөлж чадаж байгаа эсэхээр нь л шийдэх хэрэгтэй. 108 болгоно гэдэг дахин сонгогдох боломжгүй болсон нөхөд орж ирэх гээд байна.


-Энэ өөрчлөлт парламентын засаглалыг бэхжүүлэх нэрээр парламентын засаглалыг устгаж байна. Парламентын засаглалын үндэс бол олон ургалч үзэл дээр тогтсон, олон намын тогтолцоо байдаг. Олон ургалч үзлийг устгах зорилгоор намын хатуу гишүүнчлэлийг оруулж ирж байгаа юм.


-Сонгуулийн холимог тогтолцоог унагаасан.  Холимог тогтолцоогүй парламент гэж ямар юм байдаг юм.


-Хэрэв парламентын сонгодог тогтолцоотой бол хэзээ ч ерөнхийлөгчийг ард түмэн сонгодоггүй юм. Парламентаасаа сонгодог юм.  Парламентын тогтолцоог бэхжүүлэх бол доорх дөрвөн өөрчлөлтүүдийг яагаад хийдэггүй юм.


-Либерал үзэл санаанд байгалийн баялгийг ард түмний өмч гэж хүлээн зөвшөөрдөггүй. 1992 оны Үндсэн хуулийг сайн, муу хууль гэхгүй. Гэхдээ үүргээ биелүүлжээ.


-Хамгийн эхэнд өөрчлөх ёстой асуудал бол байгалийн баялаг, газар түүний хэвлийн баялагтай холбоотой заалт юм.  Үеийн үед ард түмний дундын өмч байхаар тусгах ёстой. Ямар ч байсан төрд байгалийн баялгийг  найдаж өгч үлдээж болохгүй.


-1992 оны Үндсэн хуулийг Чимэд багш Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалын хувьд л засах зүйл байгаа гэдэг байсан. Хэрэв одоо ийм байгааг харвал яах байсан бол.


-Нэг нам дангаараа үндсэн хуулийг өөрчлөх гээд зүтгээд байна.Хууль дээдлэх зарчим алга.


-Үндсэн хуулийг энэ чигээр нь өөрчилбөл 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт шиг л юм болно. Үүнийг л давтана.


-Монголын эрүүл мэнд, боловсролын асуудал маш хэцүү байгаа. Үүнийг яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байна.

Эрх зүйч Э.Магнайбаяр: МАНАН-Д ЗОРИУЛСАН ӨӨРЧЛӨЛТ ЯВАГДААД БАЙНА

-18-65 насныхны дунд та гадагшаа явахыг хүсч байна уу гэсэн судалгаа  явуулсан. Гэтэл 80 хувь нь гадагшаа явахыг хүсч байна гэсэн.  Бид хэнээс, юунаас зугтаад байгаа юм бол гэдгийг харахад Үндсэн хууль болохгүй байна гэж харж байна.  Өөрчлөх шаардлагатай.


-Одоо санаачилсан Үндсэн хуулийг залуучууд бид дэмжихгүй. Харин шинэ Үндсэн хуультай, шинэ нийгмийг байгуулмаар байна.


-Үндсэн хуулийн өөрчлөлтдөө ард түмэндээ тулгамдаж буй асуудлуудаа тусгах ёстой байтал тоо яриад байдаг нь таалагдахгүй байна.


-76 байж байгаад 99 болбол МАНАН бүлэглэлийнхний ах, дүү, амраг, садан л орж ирнэ. Ард түмнээс хүн орж ирэх боломж нөхцөл байхгүй.


-МАНАН өөрсдөдөө зориулсан нэмэлт өөрчлөлтийн хийх гэж байна.


-Өнөөдөр гурван мянган лиценз байгаа. Нэг суманд 10 лиценз байна гэсэн үг. Өдөр шөнөгүй бид байгалийн баялгаа гаргаж байна.  Нүдээ нээгээд харвал Арабын шех шиг амьдарч баймаар.


-Гэтэл бид улам дордоод, Солонгос явахыг мөрөөдөөд, өрөндөө дарлагдаад, өвчиндөө зовоод байна.


-Сүүлийн 20 жилд 30 гэр бүл байгалийн баялгийг эзэмшсэн.  Нэг эрх мэдэлтэй хүнд 100 гаруй лиценз  байдаг.


-Байгалийн баялгийг бүх нийтийн мэдэлд байлгая. Төрийн мэдэлд байгаагаас болоод маш их завхрал явагдаж байна. Монголд байгаа том компаниуд бүгд төр дээр дэнчин тавиад явж байна.


-Энэ нь төрд орж байгалийн баялгийг би авна гэсэн бодол байгаа юм. Монгол Улсын нийт баялгийн 98 хувь нь байгалийн баялаг гэж байгаа юм.  Энэ бүх муу муухай зүйлийн үндэс нь төрийн мэдэлд байгалийн баялаг байгаа юм.


-20 хэдэн жил уул уурхайгаа ухаад хөгжсөнгүй. Иймээс бид ард түмний дундын өмч болгоод ашиглах үгүйгээ шийддэг байя.

2019.9.6  БААСАН  №177  (6144)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.