“Коко десерт” компани өмнө нь бас зөрчил гаргаж байжээ

jk“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлэснээс хойш 10 гаруй жилийн хугацаанд хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэж, эдийн засагт дэмжлэг үзүүлсэн сайн талтай ч эрүүл ахуйн чанарын шаардлага зөрчсөн тохиолдлууд тасраагүй. Өнгөрсөн пүрэв гарагт Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл school police хийх үедээ сурагчдын үдийн цайнд өгдөг тарагийг Германы Henkel брэндийн барилгын дотоод заслын шингэн агуулдаг саваар зөөж буйг харжээ. Ингээд зургийг нь авч баримтжуулж, хаана, хэнд хандахаа мэдэхгүй цахим сүлжээнд тусламж эрэн байршуулсан юм. Бид уг асуудлын мөрөөр холбогдох газруудаас хариулт нэхэн сурвалжиллаа.

НМХГ: “КОКО ДИСЕРТ” КОМПАНИД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ

“Коко десерт” компани нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарласан “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тендерт оролцож, шалгарснаар тус сургуультай арав гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа аж. Бага ангийнханд “Үдийн цай”-г өгөхөөс гадна багш, ахлах ангийн сурагчдад үйлчлэх цайны газрыг нь ажиллуулах эрх авсан тухайн компани сургуулийн захиргаа болон нийслэлийн Өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулж, тэдгээр байгууллагын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Иргэний мэдээллийн мөрөөр өнгөрсөн баасан гарагт НМХГаас 84 дүгээр сургуульд хяналт шалгалт хийхэд, үдийн цайнд өгдөг тарагийг барилгын материалын саванд хадгалж, тээвэрлэсэн нь нотлогдсон байна. Гэхдээ энэ удаагийнх анхны зөрчил биш болохыг албаны хүмүүс хэлж байлаа. НМХГаас “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” хэмээн мэдэгдэл гаргаад буй.

84 ДҮГЭЭР СУРГУУЛЬ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ӨГӨХӨӨ ТҮР ЗОГСООЖЭЭ

Бямба гарагийн 12.00 цагийн үед тус сургууль дээр очиход сүүлийн хоёр өдөр хүүхдүүдэд үдийн цай өгөөгүй болохыг эцэг, эхчүүд хэлж байлаа. Хүүхэд нь нэгдүгээр ангид сурдаг Д.Болорцэцэг “Хичээл орсон эхний өдөр тараг өгсөн байсан. Харин сүүлийн хоёр хоног хоол идээгүй ирсэн. Ер нь эцэг, эхчүүдэд хоолны цэс болон хаана, яаж бэлтгэсэн бүтээгдэхүүн өгдөг талаар огт мэдээлэл өгдөггүй. Нэг ангид 60 орчим хүүхэд сурдаг болохоор багшийн ачаалал их тул ийм зүйл асуугаад байх завдал ч олдоггүй юм билээ. Хүүхдэд үдийн цай өгөх нь зөв ч чанарын шаардлага хангахгүй, стандартад нийцэхгүй хоол хүнсээр үйлчилдэг бол хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй” хэмээн уцаарлангуй ярилаа. Сурагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар хамгийн түрүүнд ханддаг хүн бол нийгмийн ажилтан. Тиймээс 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Өлзийбаяраас зарим зүйлийг тодруулсан боловч шинжилгээний эцсийн хариу гарч, төрийн байгууллагуудын шийдвэр гараагүй шалтгаанаар тодорхой зүйл ярихаас татгалзлаа. Тэрбээр, “Үдийн цай хөтөлбөр хэвийн үргэлжилж байна. Халуун хоол, ундаар бага ангийн 3000 орчим хүүхдэд “Коко десерт” ХХК-ийн цайны газар үйлчилсээр байгаа. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхөө больсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас биднийг ямар нэгэн байр суурь илэрхийлж болохгүй гэсэн учир үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Үдийн цайны хяналт шалгалтын талаар тус сургуулийн Дотоод хяналтын албаны ажилтан Ц.Байгалмаагаас асуухад, “Бид сургуулийн цайны газарт өдөр бүр хяналт тавьж, бүртгэл хөтөлж ажилладаг. Тухайлбал, хоолны амт чанар, халуун хүйтэн, порц норм, ариун цэвэр гэх мэт маш олон зүйлийг хянадаг. Зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хүмүүст арга хэмжээ авдаг” хэмээн ярьсан юм.

ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

Өнөөдөр хариуцлага хүлээгээд өнгөрөх ч ирээдүйд хүүхдийн эрүүл мэндэд үүсэж болзошгүй эрсдлээс хэрхэн хамгаалах вэ. Зориулалтын бус хуванцар саванд хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх үед хүний эрүүл мэндэд хортой хлорид, флатат, ВРА зэрэг химийн бодисууд шингэдэг аж. Тиймээс хорт хавдар, ургийн болон зүрхний гажиг зэрэг өвчнийг үүсгэдэг хэмээн мэргэжлийнхэн анхааруулдаг. Түүнчлэн өдөр тутамдаа хэрэглэж байгаа хуванцар шанага, усны зориулалтын бус сав, айраг исгэдэг цэнхэр сав, хуванцар түмпэн зэрэг нь 5-10 жилийн дараа хорт хавдар үүсгэдгийг судалгаагаар тогтоосон.

Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй хуванцар савыг хэрэглээнээсээ хасахыг сурталчилж буй өнөө үед сонгон шалгаруулалтад ялсан, 10 жилийн турш сурагчдын хоолны чиглэлээр үйлчилгээ үзүүлсэн туршлагатай компани нь барилгын шингэн хийдэг хувинд тараг зөөхөөр ахуйн энэ буруу хэвшил хэзээ өөрчлөгдөнө гэж найдах билээ. Германы Henkel брэндийн дотоод заслын эмульс, цавуу зэрэг шингэн бодисыг нь хэрэглэсний дараа савыг нь “угаадасны хувин” болгон олон жил ашигласан гэр хорооллынхон чанартай сайн сав хэмээн анддаггүй аж. Тиймээс “Коко десерт” компани сурагчдад өгөх тарагаа уг саванд зөөж байгааг хараад эрүүл ахуйн байцаагч бүү хэл энгийн иргэн хүртэл цочирдох нь ойлгомжтой.

Харин уг асуудалд эцсийн шийдвэр гаргаж, салбарынхаа “хог шороог” цэвэрлэх үүрэгтэй төрийн байгууллагууд одоогоор нүдэн балай, чихэн дүлий байна. Нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Фэйсбүүкт иймэрхүү юм бичсэн байсан. Үнэн гэж хэн хэлсэн юм. Нотлогдсон юм уу. Манай байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй” хэмээн уурлаж, утсаа салгав.

2017 онд хийсэн хяналт шалгалтаар мөн зөрчил илэрч байжээ

Харин нийслэлийн Өмчийн харилцааны газар “Манай байгууллагад ямар ч бичиг ирээгүй” хэмээн гайхсан байдалтай хариулах жишээтэй. Ийнхүү албан байгууллагууд нэгнийхээ мэдээллийг үгүйсгэж, бичиг ирээгүй гэх шалтгаанаар ам таглаж суух хооронд буруутай этгээд нь ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэх вий гэсэн болгоомжлол төрж байв.

Ямартай ч шинжилгээний хариу яаж гарахаас бүх зүйл шалтгаалах нь. Хэрэв шинжилгээний хариугаар барилгын саванд зөөсөн тараг “ямар ч асуудалгүй” гэж гарвал хэн ч хариуцлага хүлээхгүй, тэгсгээд өнгөрөх бололтой. “Коко десерт” ХХК нь үдийн цайнд долоо хоногт хоёр удаа тараг өгдөг юм байна. Харин зориулалтын бус саванд хэр удаан тараг зөөж буйг хэн ч үл мэднэ. Азаар энэ удаад хүүхэд хордсонгүй. Гэхдээ урт хугацаандаа ямар нэг сөрөг нөлөө илэрвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Тухайн үед бас л “манайд албан бичиг ирээгүй” гэж бие бие рүүгээ чихээд өнгөрөөх үү.

Хэрэв 84 дүгээр сургууль дээр илэрсэн зөрчлийг адтай school police хараагүй бол барилгын материалын саванд хийсэн тарагийг таны, бидний хүүхдүүд идсээр байх байлаа. Хотын төвийн, улсдаа шилдэгт тооцогдох сургуулиас ийм ноцтой зөрчил илэрч байхад захын хороололд нөхцөл байдал ямар байгааг төсөөлөхөд ч бэрх санагдлаа.

БАРИЛГЫН БОДИС ХАДГАЛДАГ НЭГ УДААГИЙН САВ УЧИР ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ

НМХГ-ын хэлтсийн даргаД.Цэнд-Аюуш:

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦэндАюуш үүсээд буй асуудлын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

-Манай байгууллага 2017 онд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд “Коко десерт” ХХК эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцэхгүй, жижиг зөрчилтэй гарч байсан юм. Акт тавьж, тодорхой хугацаа өгөөд зөрчлийг арилгуулж байлаа. Харин энэ удаад ийм ноцтой зөрчил давтан гаргасан тул тухайн компанийн эрхийг цуцлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, мөн сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлж байна. Тус компани тэмдэг тэмдэглэгээний асуудал ярьж, тараг зөөсөн саваа зориулалтынх мэтээр тайлбарласан байна лээ. Тийм зүйл байхгүй. Барилгын бодис хадгалдаг нэг удаагийн сав учир шинжилгээ хийх шаардлагагүй. Хүнсний зориулалтын сав гэдэг чинь тусдаа байх ёстой. Олон нийт эргэлзээд байх шаардлагагүй. Барилгад ашигладаг савыг хү нсний зори ула лта ар ашиглаж болохгүй гэдгийг дахин хэлмээр байна. Харин хүүхдүүдэд өгч байсан тарагийг лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна.

ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙСЭН САВАНД ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ГЭХ PP-5 ТЭМДЭГЛЭГЭЭ БИЙ

“Коко десерт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтанзагас:

Харин барилгын бодис хийдэг саванд тараг зөөж байсан “Коко десерт” компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанзагас өөр байр суурьтай байна.

-Тухайн тээвэрлэлт хийсэн савыг нягталж үзэхэд ёроолдоо болон таган дээрээ “PP-5” гэсэн тэмдэглэгээтэй байсан. Энэ бол тараг, жүүс зэрэг шингэн зүйлсийг савладаг төдийгүй эм бэлдмэл, витамин зэргийг хийх хуванцар дээр тавигддаг тэмдэглэгээ байсан. Тиймээс тухайн саваар зөвөөрлөлт хийсэн. Одоогоор бид бүтээгдэхүүний дээж болон тараг тээвэрлэсэн савыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар хүргүүлсэн. Хариу нь долоо хоногийн дараа гарна гэсэн. Энэ жилээс манайх фермертэй гэрээлж сүү, сүүн бүтээгдэхүүнээ авдаг болсон. Фермийнхэн ч надтай адил савны “PP-5” гэсэн тэмдэглэгээнд итгэсэн хэрэг. Бид гэрээнд заасны дагуу чанар, ариун цэврийн стандартыг хангаж ажилладаг. Надаар шалгуулахад нь би тухайн тэмдэгт итгээд зөвшөөрөл өгчихсөн юм. Бидэнд албан ёсны мэдэгдэл ирээгүй учир үдийн цайг үргэлжлүүлэн өгсөөр байгаа. Маш олон хүүхдийн эрх ашиг учир хоолыг нь өгөхгүй байж болохгүй. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхөө больсон. Үүнээс гадна манай компани 84 дүгээр сургуулийн ахлах ангийн болоод багш ажилчдын хоолыг бэлтгэдэг байсан юм. Шуугиан гарснаас хойш нийтийн хоолны үйлчилгээгээ түр зогсоогоод байна.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.