Мал сүрэг өссөн ч маханд дугаарласан нийслэлчүүдийн амьдрал өөрчлөгдсөнгүй

Нөөцийн мах худалдаанд гараад 20 орчим хонож байна. Энэ жилийн нөөцийн маханд иргэд нэлээд ам сайтай байсан. Өөх мах нь алагласан, дагтаршиж өнгө зүс алдаагүй гээд л.  Ер нь энэ жилийн нөөцийн махны чанарт эргэлзээд байх зүйл тун бага харагдсан. Харин өнгөрсөн баасан, бямба гаригт болсон нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зарим иргэдийн сэтгэлийг гонсойлгож, эх оронч нөхдийн дургүйг бүрмөсөн хүргэж орхилоо. Уг нь махны үнийн тогтвортой байдлыг хадгалах, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулсан ажил. Бууз, баншныхаа махыг базааг гэж иргэддээ зориулсан арга хэмжээ гэх үү дээ.

“Оглөөний есөн цагт ирсээн хуу минь, гэж” 60 гарсан эмээ даарсан гараа хооронд нь үрж зогссон. Энэ бол оройны зургаан цагийн үед өрнөсөн яриа. Бүтэн 10 цаг очерлосон эмээ хэдэн килограмм мах авах нь надад сонин байсан. Гэтэл эмээ 10-хан килограмм мах авахын төлөө бүтэн өдөржин хөлдүү плитан дээр зогсож, очерлосон байх юм.

Арай гэж ээлж нь ирж, 10 килограмм махаа дааж ядан, унагааж яваа эмээг харахад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Бас таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн эх орныг удирдаж байгаа төр, засгийн удирдлагууддаа ч гомдох шиг. Жил бүр л малаа таван төрлөөр нь өсгөлөө гэж цээжээ дэлдэх хэрнээ монголчууд яагаад махны төлөө ингэж үхэн хатан дугаарлана вэ? Монгол Улс 43 сая толгой малтай. Дөрөв, таван сая биш бүр 43 сая. Хүн амаас нь хэд дахин олон мал сүрэг байсаар байхад монголчууд яагаад өлөн цөлмөн хоног өдрийг өнгөрөөж, махны төлөө нүдээ ухаж өгөхөөс бусдыг хийж байгаа юм бэ?

Монгол малынхаа үр шимийг хүртэх монголчууд гэдэг зөвхөн хөдөөгийхнөөр хязгаарлагдаж, малгүй газрын Улаанбаатарчууд монголчуудын нэг хэсэг биш юм гэж үү? Жил ирэх тусам өсөн нэмэгдэж, бэлчээр нь даахаа болиод байгаа монгол мал сүргийн үр шимийг үе үеийн Улаанбаатарчууд хүртэх хувь тавилангүй байсаар ч ирсэн, өнөөдөр ч хүртэж чадахгүй л байна. Ямар сайндаа л өвлийн хүйтнийг ч үл ажран махны төлөө үхэн хатан дугаарлаж байхав. 43 сая толгой малтай монголчуудад энэ үндэсний эмгэнэл биш гэж үү? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны үеэр ганцхан ийм гажиг ажиглагдсан юм биш. Анхнаасаа нэг дүүрэгт 2-3 газрыг урьдчилан товлож, тэнд нөөцийн мах худалдана гэсэн зарыг иргэдэд хүргэсэн.

Тухайлбал Хан-Уул дүүргийнхэн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв, Яармагийн хуучин эцэс, Баянгол дүүргийнхэн Хишиг төв, Орхон худалдааны төвөөс нөөцийн махыг худалдан авах боломжтой байсан. Гэтэл Хайлааст, Чингэлтэй зэрэг гэр хорооллын гудамжинд ачааны машинаар явж зарсан гэнэ шүү, нөгөө нөөцийн махыг чинь. Өдөржин дугаарласан ч мах дууссан шалтгаанаар иргэд хоосон буцаад байсны зангилаа ингэж тайлагдсан хэрэг. Товчхондоо бол өргөтгөсөн худалдааны үеэр нөөцийн махыг гулуузаар зарсан нь ченжүүдэд жинхэнэ бэлэн
хоол болсон хэрэг байв.

Дэлгүүр, худалдааны төвүүдээс хямд авсан махны үнэ дээрээ хэдэн төгрөг нэмээд дундаас нь хөөрхөн ашиг олдог мэргэшсэн гарууд бас байна. Нэг үгээр хэлбэл нөөцийн мах ченжүүдийн гарт орсон гэсэн үг. Нөөцийн мах байнга худалдагдаж байгаа энгийн өдрүүдэд ч энэ байдал ажиглагдаж байгаа юм. Иргэд гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс нөөцийн мах авах гэхээр л байхгүй гэх юм гэж гомдоллодог. Өглөөхөн мах ирж байсан биз дээ гэхээр дуусчихсан гээд худалдагч нь элгээ тэврээд зогсож байх.

Энэ нь ченжүүд нөөцийн махыг бөөндөж аваад байна уу гэх хардлагыг ч төрүүлж байгааюм. Малчид малынхаа үнийг тэнгэрт хадааж байхад ченжүүд махаар дутагдах нь ойлгомжтой хэрэг шүү.

Тиймээс л хямд үнэтэй нөөцийн махыг худалдаж аваад эргээд хэдэн төгрөг нэмж, дундаас нь ашиг цохидог байхыг ч үгүйсгэх аргагүй. Энд зөвхөн монголчууд бие биенээ шулаад байгаа юм биш. Хятадууд монгол малын махаар бизнес хийж, хэрхэн баяждаг нь нэгэнт ил болсон асуудал.

Энэ жил гэхэд хятадууд 48 мянган тонн мах нөөцөлсөн сурагтай. Тэгээд хавар монголчуудад нэг килограммыг нь 7000 төгрөгөөр зарна гээд сууж байгаа гэнэ шүү. Эвий дээ, улаанбаатарчууд ингэж хүний гарт орох гэж дээ гэж дуу алдахад ч багадмаар мэдээ биш гэж үү? Мал дагавал ам тосдоно гэдэг үгээр бол мал дагаагүй болохоороо л нийслэлчүүд ингэж махны гачигдалд орж, зовлонг нь амсдаг юм байна. Түүнээс талаар нэг бэлчсэн малтай ард түмэн хэрнээ маханд дугаарлаж, бусдын элэг доог болно гэж үү?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих