“Их хар сүлд” хамгаалалтын албаны ажилтан буу гарган сүрдүүлжээ

6019

“Их хар сүлд” хамгаалалтын албаны ажилтан бусадтай маргалдаж буу гарган олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулжээ.

Тодруулбал өчигдөр /2019.09.11/ 17.00 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэсэн бичигтэй автомашинтай хүмүүс бусдад буу тулгаад байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад “Их хар сүлд” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай 25 настай эрэгтэй Э нь “Машинаа холдуулчих” гэх үл ялих шалтгаанаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 38 настай Ө-тэй маргалдаж хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна. Эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авчээ.


URL:

Сэтгэгдэл бичих