Жүдо бөхийн холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

olloo_mn_1568251447_newТ.САЙХАН
Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч,  Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар үүрэгт ажлаа өглөө.  Тэд өчигдөр /09.11/ орой албан ёсоор зарлаж, ард түмнээсээ уучлалт гуйлаа. 

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлангийн хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.   Холбооны удирдлага болон Шигшээ багийн багш, дасгалжуулагчид ажлаа өгөх болсон шалтгаанаа “Токио-2019” ДАШТ-д тамирчид нь амжилт муутай оролцсон тул хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна” гэсэн юм.

МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат “Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хамруулж чадаагүй, уураг витаминжуулаагүй, бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан. Мөн клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадаагүй, бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадаагүй гэсэн үндэслэлүүдээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа. Энэ хугацаанд биднийг дэмжиж ажиллаж байгаа олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, “Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна” гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсч байна” гэжээ.
Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, О.Балжинням “Миний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахлаж ажилласан байна. Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав, хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл,  Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ. Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч нар дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпод орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.