Түрээсээр өгөх сурах бичгийн сураг ч алга

YUJЭнэ хичээлийн жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан, сурагчдад төлбөртэй түрээслүүлэхээр болсон. Гэтэл өдий болтол Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл өгөөгүй гэх шалтгаанаар сурах бичгээ хэвлэлтэд өгөөгүй байгаа аж. Өнгөрсөн сарын 20-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилиг “Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл олгоод сурах бичгийг хэвлэж эхэлсэн. Энэ жил сургуулиудад хүүхдийн тоогоор сурах бичиг өгнө. Тиймээс сурах бичгийг зах зээлд худалдаалахгүй. Сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдын гар дээр очно. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүд сурах бичгээ авсан байх болно” хэмээн ярьж байв. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд арав хоночихоод байхад нөхцөл байдал тэс өөр байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн номын санч Т.Отгоо “Зорилтот бүлгийн хүүхдүүдэд номыг нь тарааж өгчихөөд сууж байна. Түрээсийн сурах бичиг хэзээ ирэхийг мэдэхгүй. Сурах бичиггүй хүүхдүүд яаж хичээлээ хийх юм гээд эцэг, эхчүүд байнга хэрүүл, маргаан хийдэг. Мөн түрээсийн сурах бичиг хэзээ ирэх, хэдэн төгрөгөөр түрээслэхийг байнга асууна. БСШУСЯ-наас асуухаар “Номоо хэвлэж дуусаагүй байна. Дууссаны дараа үнээ тогтооно” гэх юм. Яах учраа олохгүй сууна” хэмээн ихэд бухимдаж байлаа.

Бусад сургуульд нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар ататуркийн нэрэмжит тавдугаар сургууль дээр очив. “Сургуулийн удирдлагууд байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн тус сургуулийн жижүүр багш хэлээд, оруулсангүй. Харин сурагчдаас сурах бичиг өгсөн эсэхийг тодруулахад “Долдугаар ангийн хүүхдүүд сурах бичгээ аваагүй. Хэзээ ном өгөхийг нь мэдэхгүй л байна. Манай эгч 10 дугаар ангид сурдаг. Бас л номоо аваагүй байсан. Бид хоёр цахим сурах бичиг ашиглан гэрийн даалгавраа хийж байгаа” хэмээн долдугаар ангийн сурагч О.Мишээл ярьж байлаа.

Эндээс харахад энэ жил хүүхэд бүр сурах бичигтэй болно гэдэг бас л худлаа болох нь. Төрөөс түрээсээр өгөх сурах бичгийн сураг ч байхгүй байгаа тул эцэг эхчүүд эхнээсээ хүүхдүүдийнхээ номыг худалдан авч байна. Хэдийгээр энэ жил гадуур сурах бичиг борлуулахгүй гэж салбарын сайд мэдэгдсэн ч номын дэлгүүр болон худалдаан дээр аль хэдийн гараад ирчихэж. Тухайлбал, арслантай гүүрний хойно байрлах номын худалдаагаар ороход дөрөв, долоо болон аравдугаар ангийн сурах бичиг асуусан эцэг, эхчүүд цөөнгүй байсан юм.

Зарим сургууль эмзэг бүлгийн хүүхдүүдэд эхний ээлжинд үнэгүй сурах бичгийг номын сангаар дамжуулан олгосон аж. 84 дүгээр сургуулийн долдугаар ангид хүүхэд нь сурдаг нэгэн  ээж “Манай хүүхдийн ангид сургуулиас нь цөөхөн ном өгсөн байсан. Ямар хүүхдэд ном өгснийг нь сайн ойлгоогүй. Гэхдээ гэр хороололд амьдардаг хүүхдүүд түлхүү ном авлаа гэж манай хүүхэд хэлсэн. Ном байхгүй хүүхэд хичээл хийхгүй шүү дээ. Тиймээс худалдан авч байна” гэв.

Энэ жил сурах бичиг худалдаалахгүй гэсэн сайдын үг номын худалдаа эрхлэгчдэд нөлөөлсөнгүй. “Сурагчдад түрээсээр ном олгоно гэдэг юу л бол. Санхүүжилт нь орж ирэхгүй байгаа сураг гарсан. Хүүхдүүдэд хангалттай хүрэлцэхээр сурах бичиг байхгүй. 3-4 хүүхдийн дунд ганцхан ном өгнө гэсэн. Тиймээс эртхэн шиг авахгүй бол удахгүй үнэд орох байх. Түрээсийн үйлчилгээ гэдэг чинь үнэндээ сурах бичгийг үнэд оруулах арга” хэмээн номын худалдаа эрхэлж буй хүмүүс ам уралдан ярьж байлаа. Номын лангууны эздийн үгэнд итгэсэн эцэг эхчүүд худалдаанд байгаа сураг бичгүүдийг худалдан авах талтай байгаа нь ч анзаарагдаж байв.

181 мянган хүүхдийг сурах бичгээр хангах шаардлага бий

Харин нийт хичээлийн номоо худалдаж авбал нэг сурагчаас хэдэн төгрөг шаардагдаж буйг тооцоход дунд болон ахлах ангийн хүүхэд ойролцоогоор 60-70 мянган төгрөг зарцуулах юм байна. Гэхдээ энэ нь гол хичээлийн номуудыг л оруулсан дүн.

Тэндээсээ БСШУСЯ-ыг зорьж, түрээсийн сурах бичгүүд хэзээ сурагчдын гар дээр очихыг тодруулахад “Азийн хөгжлийн банкнаас түрээсийн сурах бичгийн хэвлэлтийн санхүүжилтийн хөрөнгийг олгоно. Гэвч тэндэээс зөвшөөрөл ирээгүй байна. Зөвшөөрсөн тохиолдолд шууд хэвлэж эхэлнэ. Энэ сардаа багтах байх гэж бодож байна” хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням ярилаа. Мөн тэрбээр “Гадуур худалдаалж байгаа номнууд өмнөх жилийнх. Энэ жил түрээсийн үйлчилгээ хэрэгжүүлнэ хэмээн хэвлэх үйлдвэрүүдэд ном хэвлэх зөвшөөрөл өгөөгүй” гэв.

Түрээсийн багцын үнэ 20 мянган төгрөг байхаар төлөвлөж байгаа боловч сурах бичиг хэвлэгдсэний дараа тодорхой болох аж. Энэ жил 181 мянган хүүхдийг сурах бичгээр хангах зорилго тавьсан байна.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.