ХАРГИС ЭЭЖ

6048Эх хүн, ээж хүн гэж ямар хүнийг хэлэх бэ. Үр хүүхдээ муу бүхнээс холуур байлгахын төлөө өөрийн амиа өгөхөөс буцахгүй сэтгэл тээж явдаг нинжин сэтгэлтэн гэж энэ л бодлоор төсөөлж, монголчууд хүндэтгэсээр ирсэн. Гэвч… гэвч ийм хайр, хүндэтгэлийг хумсын чинээ ч хүртэхгүй эрхгүй ээж нэртэнгүүд энэ хорвоод цөөнгүй ажээ. Учир юу гэвээс, амар хялбар аргаар мөнгө олж, тансаг амьдрах гэсэн шуналаа захирч чадаагүй нэгэн эмэгтэй өдгөө хар тамхинд донтогч болоод зогсохгүй төрсөн хоёр охин, хүргэн хүргээ мөн адил хар тамхины хэрэглэгч, гэмт хэрэгтэн болгожээ. Авааль нөхөр нь уул уурхайн салбарт ажиллах бөгөөд олсон хэдэн төгрөгөө хуулийн байгууллагын хаалга татсан эхнэр, охидоо эргэж, суллахад зарцуулан дуусгадаг байна. Яах учраа олохоо байсан эцэг хүн архи уух уу, амиа хорлох уу гэж хэдэнтээ толгой сэгсэрсэн удаатай.

Ийм л нэгэн гэр бүл Монголын олон зуун залуусыг хар тамхи хэмээх цагаан тахлын сүүдэр дор шургалах замыг замчилж байна.

Арилсан дотортой ээж шиг ээ, охид нь ч гэсэн бусдыг энэрэхгүй сэтгэлгүй болжээ.

Учир нь сиймхий гарвал хар тамхи, мансууруулах төрлийн бэлдмэл зарж, борлуулна. Цагдаад баригдлаа гэхэд нялх хүүхэдтэй гэдгээрээ түрүү барьж, “Хуулийг дийлэхийг чинь харна” гэж орилно. Учир нь хуулиар нялх хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйг хорих нь хориотой. Тиймдээ ч нялх хүүхэдтэй хүүхнүүд хэдхэн хоноод л суллагдана. Суллагдангуутаа хар тамхиа хэрэглэнэ, зарж борлуулна. Эх нь ч ялгаагүй. Охидоо суллагдах үед нэг л зүйлд баярлана. Энэ нь хар тамхи зарж, мөнгө авчирах хүнтэй боллоо гэж.

Охидынхоо авчирсан мөнгөөр нь гэр орноо өөд татаж, үр хүүхдээ халамжлахад бус өнөөх л хар тамхиа татаж, гэмт хэрэгтэн залуустай цэнгэхэд зарцуулна.

Нас сүүдэр 40 гарч, ач, зээгээ тэвэрсэн ч амьдралыг нэгэнт эрүүл ухаанаар сэтгэж, харахаа байсан тэрбээр удаа дараа гэмт хэрэг үйлдсэн.

Бүр төрсөн охинтойгоо хамтарч хятадаас хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг үйлджээ. Хэрэг үйлдсэнийг нь цагдаагийнхан тогтоож, шалгаж байх хооронд дахиад л хэрэг үйлдэнэ. Ингээд л бүр зүйлийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно.

“Амьдрал” мэдэхгүй улстөрчдийн баталсан “гажиг” хуулиас болж хар тамхичид ийн даварч, хуулийнхан аргаа барж сууна.

Гэтэл энэ завсар хар тамхины хууль бус эргэлт ирээдүй болсон залуусыг эрхшээлдээ оруулж байна. Энэ мэт харгис ээж, харгис эгч, дүүс Монголд цөөнгүй бий.

Хэрэв зээ, та мартаагүй бол 10 гаруй жилийн тэртээгээс эгч, дүү хар тамхины наймаачин гэдгээрээ олны танил болж, тэр чинээгээрээ нийгэмд зүхүүлж чичлүүлсэн хүмүүс бол Баянжаргалын Халун, Баянжаргалын Халиун. Эцэг, эхээс хайрласан нэрийг өндөрт өргөж явах ёстой атал балчиг шавартай хутгаж, тэр ч бүү хэл, нутаг нэгт ахан дүүс, хамаатан саданаа торны цаана дөнгөлсөн арилсан дотортой хүмүүс, тэд. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор тэднийг 70 гаруй монголчуудыг хууран мэхлэх, урхидах, их хэмжээний мөнгө амлах байдлаар олон арван иргэнийг хар тамхины тээвэрлэгч болгосон гэх. Харамсалтай нь, гэнэн итгэмтгий байдлаасаа гэх үү, эсвэл амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэтгэлдээ автсандаа гэх ч юм уу.

Хар тамхи тээвэрлэсэн иргэн бүр торны цаана сууж, эдлэх ёстой ялаа эдэлсэн юм.

Олон арван ээж, аав, үр хүүхдийн нулимсыг урсгасан Б.Хулан, Б.Халиун хэмээх эгч, дүүс нь БНХАУ-ын Бээжин, Гуанжоу, Шэньжэнь, Хонконг болон Малайзад амьдарч байхдаа гэх тодотголтой хар тамхи мансууруулах бодисын гэмт бүлэглэлийн гишүүдтэй гэр бүл болсон гэдэг юм билээ. Улмаар хууль бус ажилд нь татагдаж, ийнхүү нутаг нэгтнийхээ элгийг эмтэлсэн нь энэ юм.

Тиймээс л хар тамхи хэмээх хөнөөлт эд хэнийг ч хайрлаж, өрөвдөх сэтгэлгүй болгодог араатан юм байна. Энэ араатнаас хань ижил, найз нөхөд, үр хүүхдээ болоод өөрийгөө хамгаалах нь иргэд бид бүхний өмнөх том сорилт болоод байна. Нөгөөтэйгүүр, нэгэнт энэ араатантай найзалж, нөхөрлөж, дотноссон хүн дүрстэнгүүдээс “зайгаа” барьсан нь зүйн хэрэг биз ээ.

Тоvch.mn 


URL:

Сэтгэгдэл бичих