Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов

6071

Оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 426.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.44 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11.5%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний найман сарын байдлаар нийтдээ 981.9 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.328 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 2.3%-иар өссөн бол үнийн дүнгийн хувьд ижил хэмжээнд хадгалагдаж байна. Харин цэвэр зэсийн хувьд экспортын хэмжээ 6.28 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 36.9 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 30.8%-иар, үнийн дүнгээр 37.9%-иар тус тус буурсан дүн юм.

Төмрийн хүдрийн тухайд, эрдсийн экспортод гуравдугаар байр эзэлж байна. Оны эхний найман сард уг түүхий эдийн экспорт жингээр 5.55 сая тоннд хүрсэн нь 21%-ийн өсөлтийг, үнийн дүнгээр 378.6 сая ам.доллар нь 80%-ийн өсөлтийг харууллаа.

Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт мөн хугацаанд 7.5 тонн буюу 344 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгийн хувьд 2.4 дахин, жингийн хувьд 2.2 дахин өссөн дүнтэй гарчээ. Гэхдээ Монголбанкны мэдээллээр, оны эхний найман сарын хугацаанд Төв банкны алт худалдан авалт 9.6 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар буурсан байгаа юм.

Түүхий газрын тосны экспорт 4.29 сая баррельд хүрч, 240.9 сая ам.доллартай тэнцжээ. Ингэснээр жингийн хувьд 2.2%, үнийн дүнгийн хувьд 16%-иар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Жоншны хүдэр, баяжмалын тухайд оны эхний найман сард 420.9 мянган тонныг гадагш нийлүүлж, 132.38 сая ам.доллартай тэнцсэнээр жингийн хувьд 45.6%, орлогын тухайд 36.5%-иар тус тус нэмэгджээ.

Цайрын хүдэр, баяжмалын экспортыг авч үзвэл, мөн хугацаанд нийтдээ 90.7 мянган тоннд бүтээгдэхүүн нийлүүлж, 132.27 сая ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 11.6%-иар өссөн ч үнийн дүнгийн хувьд 4.5%-иар буурлаа.

Молибденийн баяжмалын экспорт оны эхний найман сард 3.7 мянган тоннд хүрч 32.7 сая ам.долларт хүрснээр жингээр 5.6%-иар буурсан ч орлогын хувьд 3.3%-иар нэмэгджээ.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспортын хувьд оны эхний найман сарын хугацаанд 15.8 орчим мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж, 34 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингийн хувьд 27.6%, орлогын дүнгээр 7.8%-иар тус тус өссөнийг илтгэнэ.

Гянтболдын экспортын тухайд 373.4 тоннд хүрч 4.13 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд ялимгүй буурсан бол, үнийн дүнгийн хувьд 3.1%-иар буурсан дүнтэй гарлаа.

Г.ТӨГС

ЭХ СУРВАЛЖ:


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.