Жим Керри: Надад сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчны дүрд тоглох маш хүндрэлтэй байсан

Хэдхэн хоногийн өмнө 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн инээдмийн алдарт жүжигчин Жим Керри Холливудын хамгийн амжилттай явж байгаа өндөр орлоготой жүжигчдийн нэгээр шалгарчээ. Тэрбээр саяхан залуу од, өөрөөсөө бараг 30 насаар дүү жүжигчин Эмма Стоунд интернэтээр хайр сэтгэлээ илчилж багагүй шуугиан тарьж амжсан юм.

Түүнд санал болгох олон арван кино дүрээс тэрбээр өөрийн дуртай хамгийн хачирхалтай, хамгийн галзуу дүрийг сонгож авдаг. Жим Керри хүнийг инээлгэж чаддаг ер бусын авьяастай нэгэн. Гэвч анх бүх юм тийм ч сайхан байгаагүй. Бага насандаа ядуу тарчиг амьдралтай байсан бөгөөд карьераа эхэлж байхдаа ч төдийлөн амжилт гаргаж байгаагүй ажээ.

-Хэрвээ өсвөр насны Жимд “чамайг хэзээ нэгэн цагт Холливудын хамгийн амжилттай яваа өндөр орлоготой жүжигчин болох болно” гэж хэлсэн бол тэр юу гэж хариулах байсан бол?
-Жижиг Жим тийм “даруухан” үгэнд ердөө ч гайхахгүй байсан! Үгүй ээ, би бага байхын л алдартай болохыг маш их хүсдэг байлаа. Бас үргэлж өөртөө итгэлтэй байхыг хичээдэг байсан. Одоо би хүмүүст аливаа зүйлийг эерэгээр сэтгэж, шалихгүй юманд санаагаа зовоохоо болихыг уриалах ном бичих тухай “эрчимтэй” бодож эхэлсэн шүү. Өөдрөг бодол, өөрийнхөө хүчин чадалд итгэх нь амьдралдаа сэтгэл хангалуун байхын эхлэл юм. Би үүнд чин сэтгэлээсээ итгэдэг!

-Өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн анзаарагддаг шиг туулж өнгөрүүлсэн амьдрал тань таныг уур бухимдалтай ширүүн болгосон уу?
-Миний эцэг эх нэгэн цагт мөнгө олж, байр авч чадахгүйгээс болоод гэр бүл маань автобусанд амьдардаг байсан нь намайг тийм ширүүн, муу хүн болгосон гэж бодохгүй байна. Эсрэгээрээ ядуу тарчиг байсан нь амьдралд минь өөрчлөлт гарч буйг анзаарч, түүндээ бага ч гэсэн баярлаж явах хэрэгтэй гэдэгт сургасан.  Би багахан зүйл өөрчлөгдсөн ч сайн талыг нь олж харж, үргэлж үнэлж чаддаг байлаа. Эцэст нь би амжилтанд хүрч, материаллаг зүйлсээр дутагдахаа болин ойр дотныхоо хүмүүст ч хангалттай сайхан амьдрахад нь туслах боломжтой болсон. Хүн өөр юу мөрөөдөх юм бэ?

-Таныг төрөлхийн инээдмийн жүжигчин гэж ярьдаг. Багадаа Жек Николсон, Брежнев зэрэг олон алдартнуудыг дуурайдаг байсан гэлцдэг. Таныг Брежнев юугаараа татсан бэ? Бас хожим Николсонтой танилцахад танд юу гэж хэлж байв?
-Намайг залуу байхад хүйтэн дайн ид үе дээрээ байлаа. Зөвлөлт Холбоот улс Америк руу халдах нь гэж үргэлж айлгаж байсан. Үүний зэрэгцээ ЗХУ-ын удирдагч Брежневийг байнга харуулдаг байв. Тэр өөрийн гэсэн ярианы хэв маягтай хүн байсан нь миний анхаарлыг татахгүй байхын аргагүй байсан юм. Харин Николсоны хувьд тэр надад хэзээ ч гомдож байгаагүй. Эсвэл гомдоогүй юм шиг царай гаргаж байсан байх (инээв).

-Та кинонд эрсдэлтэй алхам хийхээс айдаггүй. Таны гол дүрд нь тоглож найруулсан “Эйс Вентура: Тэжээвэр амьтдын эрэлд” кино байна. Мөн ижил хүйстний дүрд хувирсан “Би чамд хайртай, Филлип Моррис” гээд л. Харин энгийн амьдрал дээр та хэр эрсдэлтэй алхам хийдэг хүн бэ? Шүхрээр үсэрч, өндөр газар авирах ч юм уу?

-Хэрвээ та кино шүүмжлэгчидтэй уулзвал миний хувьд хамгийн том эрсдэлтэй алхмыг драмын кинонд тоглох гэж хэлэх болно! Магадгүй тэдний зөв байх. Гэхдээ би төрөл бүрийн кинонд тоглох төлөвлөгөөтэй байна. Харин экстрим спортын хувьд би хөнгөн атлетикийг илүүд үздэг. Гэхдээ зүгээр нэг байшингаа тойроод гүйх биш жинхэнэ марафон гүйлт! Бас надад хоккей таалагддаг, гэхдээ би үүнд тэгж их цаг зарцуулаад байдаггүй.

-Зураг авалтын талбай дээр ямар үзэгдэл танд хүнд хэцүү бас хамгийн өвдмөөр байдаг вэ?
-Хэрвээ та биеийн өвдөлтийг ярьж байгаа бол би гэмтэл бэртэлд анхаарлаа хандуулахаа больсон. Би “Маск”, “Эйс Вентура”, “Кабелийн ажилтан” гээд зөндөө л кинонуудад бэртэж байлаа. Харин үргэлж “за” гэж хэлдэг (Yes man) кинонд тоглож байхдаа би гурван  ч хавиргаа хугалсан. Гэхдээ сэтгэлийн шархыг даван туулах нь илүү хэцүү. Таны ажлыг хүмүүс үнэлэхээс татгалзана гэдэг ямар хүнд гээч. Ер нь Холливүдэд  инээдмийн жүжигчдэд тун хачин ханддаг. Та инээдмийн эрэгтэй жүжигчинд  “Оскар”-ын гол дүрийн шилдэг жүжигчний шагнал олгож байсан удааг санаж байна уу? Инээдмийн жүжигчин драмын кинонд тогловол үзэгчид ойлгохгүй өнгөрч болох учраас энэ нь тун  эрсдэлтэй юм. Үзэгчид инээдмийн киноны дуртай жүжигчнээ инээдмийн кинонд л харахыг хүсдэг. Драмын кинонд тоглох нь эрсдэлтэй алхам юм.

-Таны хувьд тоглосон дүрүүдээс тань аль нь хамгийн үнэ цэнэтэй вэ? Алиа хошин эр, хачирхалтай хүн, өндөр орлого олсон эсвэл эмгэнэлт баатар гээд…

-Нэгдүгээрт, инээдмийн кинонд тоглох нь драмын кинонд тоглохоос амархан гэж бүү эндүүрээрэй. Хоёрдугаарт, олон хүн үзэж чадаагүй кинонууд маань ч надад үнэ цэнэтэй. Тухайлбал, “Оскар”-ын шагналт Мартин Ландаутай тоглосон “Мажестик” кино. Кинотеатрт үзэж амжаагүй ч телевизээр болон видео прокатаар үзсэн тодорхой хэмжээний үзэгчид бидний ажлыг үнэлсэн шүү.

-Кино ертөнцөд таны хөл тавьж амжаагүй хэрнээ тоглохыг хүсдэг төрлүүд бий байх ?
-Жаахан бодъё… Би инээдмийн, драмын болон аймшгийн кинонд тоглож байсан. “Дугаар 23” киног санаж байна уу? Хэн надаас жинхэнэ триллер хүлээж байсан бол? Надад сэтгэл мэдрэлийн өвчтэй алуурчны дүрд тоглох маш хүндрэлтэй байсан. Харин одоо түүхэн эсвэл моодонд ороод байгаа зөгнөлт кинонд тоглох тухай бодох хэрэгтэй болсон байх. Үнэндээ би яг одоо “Барт Уандерстоун” хэмээх шинэ киноны мэргэжлийн илбэчин шидтэний дүрд тоглож байна. Надтай хамт Стив Карелл, Жэймс Гандольфини болон Стив Бушеми зэрэг гайхалтай жүжигчид тоглож байгаа. Харин энэ кино бол миний дуртай инээдмийн төрлийнх!

Ийнхүү Жим Керри өөрийн уран бүтээлийн талаар сонирхолтой ярилцлага өгчээ. Саяхан түүний охин Жэйн “Америкийн шүтээн” тэмцээнд оролцсон билээ. Охиныг аавынхаа нэрээр дараагийн шатанд шалгарсан гэх яриа гарсан ч үнэн хэрэгтээ Жэйн тун ч гайхалтай дуулснаар барахгүй Холливүдэд хүрэх тасалбараа авч чадсан юм. Тэрбээр хамгийн түрүүнд аавруугаа утасдаж баярт мөчөө хуваалцжээ. Тэд маш ойр дотно харилцаатай байдаг бөгөөд Жим Керри сайн жүжигчнээс гадна сайн аав, сайн өвөө гэдгээ ч олонд харуулж чадсан энгийн нэгэн билээ.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих