Боловсролтой монгол хүн “ногоон”-ы ноёрхлыг хазаарлана

1564372829_5099Монгол Улсын мэдлэг, чадвартай хүний нөөцийн дутагдал төгрөгийн эсрэг “ногоон”-ы ноёрхлыг дэмжиж эхэллээ. Монгол Улс гадаадын чадварлаг мэргэжилтнүүдийг өндөр үнээр хөлслөхийн хэрээр хүний нөөц дагасан их хэмжээний валют хилийн чанад руу урсаж, дотоодод доллар ховордож, ханш нь тэнгэрт хадах шалтгаан болов. Зөвхөн 2018 онд манай улс гадаадын бизнесийн зөвлөх үйлчилгээ, барилга, инженер зэрэг нарийн мэргэжилтнүүдийн хөлсөнд нэг тэрбум ам.доллар зарцуулжээ. Гадаадын зөвлөх, мэргэжилтнүүдэд төлж буй энэ мөнгө Монгол Улсын төсвийн орлогын 20 хувьтай тэнцэнэ. Мөн нүүрснээс олсон гурван ам.доллар тутмын нэгийг гадаадын мэдлэг, чадвартай хүмүүн капиталд төлдөг гэсэн үг. Монгол Улс түүхий эдээ экспортолж олсон орлогоо буцаагаад гадаадаас өндөр үнэтэй мэдлэг, ур чадвар, инновац, технологи худалдан авахад зарцуулсаар.

Төв банкны мэдээллээр Монгол Улс өнгөрсөн онд гадаадаас тээвэр, жуулчлал, боловсон хүчин гэх мэт үйлчилгээ худалдаж авахад хоёр тэрбум ам.доллар зарцуулжээ. Үүний тэн хагас нь бизнесийн болон нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд шингэсэн байна. “Тээвэр, аялал жуулчлал, нарийн мэргэжлийн үйлчилгээний салбарын гадаадад төлж буй төлбөр нэмэгдэж, алдагдал нь өссөөр байна” хэмээн Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа ярилцлагадаа дурджээ. Өнгөрсөн онд гэхэд үйлчилгээний дансны алдагдал 1.6 дахин нэмэгдэж, 382 сая ам.долларт хүрсэн байна.

Ийнхүү монголчуудын тээвэр, аялал, жуулчлал, хүний нөөц гээд гадаадад цацах валютын хэмжээ нэмэгдэхийн хэрээр дотоодод ам.доллар ховордож, төгрөгийн ханш суларсаар. Гадаадаас зөвлөх үйлчилгээ авахад тэрбум ам.доллар зарцуулсан өнгөрсөн онд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 8.9 хувиар чангарсан. Ингэснээр өнгөрсөн оны эхэнд 2,427.13 төгрөгтэй тэнцэж байсан нэг ам.доллар арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2648 төгрөг болтлоо өсөж, 220 төгрөгөөр чангарсан байна.

Үйлдвэрлэлээ өндийлгөж чадаагүй, өдий хүртэл хэрэглэгч үндэстэн хэвээр буй нь валютыг Монголд үлдээлгүй, гадагш урсгачихдаг тул ханшийн өсөлтийн гол буруутан нь импорт байв. Гэтэл худалдаанаас гадна үйлчилгээний салбар нь Монголын эдийн засгаас валют сордог шинэ хүчин зүйл болов. Үүний цаана боловсон хүчний нөөц, боловсрол, монголчуудын олон улсад өрсөлдөх чадвар гээд хүний хөгжил тойрсон олон олон асуулт нуугдаж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадвар сул хэвээр байгааг илтгэж буй.

2019 оны улсын төсвийг сөхвөл энэ онд Засгийн газрын гадаад зээл, тусламжийн 13 хувь буюу 177.6 тэрбум төгрөгийг төслийн нэгж болон зөвлөх үйлчилгээний зардалд зарцуулна. Төр гадаадаас боловсон хүчин худалдан авахад тэрбум тэрбумаар хэмжигдэх их мөнгийг хилийн чанадад цацдаг. Ялангуяа, төр, түүний харьяа, хяналт, хариуцлага, хүний нөөцийн чадавх муутай байгууллага, компаниуд гадаадаас өндөр үнээр зөвлөх үйлчилгээ авч, хамтын ажиллагаа, түншлэл зэрэг ажил хэрэгч нэрээр өнгөлөн далдалж, ажлаа хийж чадахгүйдээ аргаа барсан албан тушаалтнууд бидний татварын мөнгөөр худалдан авч, баруун, солгойгүй цацаж байна. Өнгөрсөн онд л гэхэд төрийн өмчит зарим компани цэвэр ашгийнхаа 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гадаадын санхүү, хуулийн зөвлөх болон бусад үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Төрийн өмчит тийм компани зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болов, тэр төсөлд хэдэн сая ам.долларын зөвлөх үйлчилгээ авна… энэ мэдээллийн цаана их хэмжээний валютын төлбөр, урсгал нуугдаж, ам.долларын ханшийг өсгөсөөр.

Төр гадаадаас боловсон хүчин худалдан авахад их хэмжээний мөнгө цацдаг

Гэтэл гадаадын өндөр үнэтэй зөвлөхүүдийн байгуулсан гавьяа, ажлын үр дүн нь үзэгдэж харагддаг бил үү. Гадаадын том компаниуд “зөвлөж, тусална” хэмээн хөгжих гэж ядарч цөхөрч яваа орнуудын чихэн дээр цэцэг ургуулаад, тусалж, дэмжсэн ч үгүй, зовлонгоор нь зоос олсоор өдий хүрснийг эдийн засагчид шүүмжлэх болсон. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс “Хэрэв энд зөвлөх үйлчилгээний McKinsey, Boston Consulting болон бусад компанийн төлөөлөл байгаа бол намайг анхааралтай сонсоно уу. Хөгжих гэж яваа орнууд стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа олон улсын зөвлөхүүдийг хэдэн сая ам.доллараар хөлсөлж, мөнгөө үр ашиггүй цацаж байна” хэмээн мэдэгдсэн удаатай.

Энэ бүхний цаана монгол хүнийг хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг нь ахиулах хэцүү боловч бодит шаардлага тулгарч байна. НҮБ-аас танилцуулдаг Хүний хөгжлийн индексээр бид дээгүүрт бичигддэггүй, 182 орноос 92 дугаарт жагсдаг. Манай улс хүний хөгжлөөр дэлхийд сүүл мушгиагүй ч монгол хүний өрсөлдөх чадварыг сайжруулж, мэдлэг боловсролыг дэлхийн түвшинд хүргэх зайлшгүй шаардлага байгаа нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлтээр хүртэл ил болж байна. Ингээд төлбөрийн тэнцэл, валютын урсгал тойрсон тоон үзүүлэлтүүд эргээд монгол хүний хөгжил, боловсролын чанарын хоцрогдол руу биднийг хөтөлж байна. Өөрөөр хэлбэл, “ногоон”-ы ноёрхол, валютын урсгал, нарийн мэргэжилтэн, гадаадын зөвлөх гээд олон олон асуултын тэмдгийн эцсийн хариулт нь боловсрол болж таарч байгаа юм.

Цаашлаад гадаадын зөвлөхүүдээр зөвлүүлээд хөгжиж дэвжсэн улс дэлхийд байхгүй. Бид ч гэсэн сүүлийн 30 орчим жил гадаадын мэргэжилтнүүдийн яв гэсэн замаар л явлаа. Тэд биднийг яаж гийгүүлэв. Гадаадын мэргэжилтнүүдийн гарыг харсаар хамаг мөнгөө тавьж туугаад, өөрсдөө “ногоон”-ы гачланд унасаар сууна. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Монгол Улсын хөгжлийн үндэс болсон монгол хүн, эх орны маргааш болсон хүүхэд залуусын боловсролд хөрөнгө оруулалт гар таталгүй хийх нь бодлого тодорхойлогчдын эн тэргүүний зорилт байх нь. Хүнээ хөгжүүлэхгүйгээр улсын ирээдүйгээс эхлээд төгрөгийн ханшийг хүртэл хамгаалах боломжгүйг ухаарах цаг болжээ.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.