Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

6172

 

Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл 29.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүний 7.2 тэрбум ам.долларыг Засгийн газрын урт хугацаат өр төлбөр эзлэх аж. Дотор нь задалж үзвэл, 3.9 тэрбум нь зээл, үлдсэн нь бонд, өрийн бичиг байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар өр дээрх хэмжээнд хүрснээр өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ. 2016 оноос хойш өр ДНБ-ий 70  орчим хувьтай дүйхэд ам.долларын ханшийн шууд нөлөөлөл их байсныг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлсэн юм.

Тодруулбал, нийт гадаад өрийн төгрөгөөр илэрхийлсэн хэмжээ 2016 оны сонгуулийн үетэй харьцуулахад гол өсөлтийнх нь  шалтгааны 75 хувь валютын ханшийн өсөлт байжээ. Өөрөөр хэлбэл, төсөвт ирэх дарамт ханшийн зөрүүнээс болоод нэмэгдсэн байна. Хөгжлийн банк болон Засгийн газрын хүлээгдэж байсан зарим томоохон өр, төлбөр 2016, 2017 онд хийгдсэн ч ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ өнгөрсөн хугацаанд дорвитой буурсангүй. Үүний шалтгаан нь валютын ханш болж байна.

Гадаад валютын нөөц нэмэгдсэн, олон улсад манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэдэг утгаар Засгийн газар ирэх онд шинэ бонд гаргах замаар хуучин бондын өр төлбөрөө хаах “сонголт” байгаа. Өрийг өрөөр дарах замаар хугацаа тулсан өрийн дарамтаас гарах гарцыг Блумбергийн эдийн засагчдын уулзалтын үеэр зарим эдийн засагч үүнийг хөндсөн юм. Сангийн яамны хувьд шинэ бондын талаар судалж үзсэн бөгөөд илүү өндөр хүүтэй бонд гаргах улс төрийн болон эдийн засгийн эрсдэл байгааг нуусангүй.

Төгрөгтэй харьцах ам.долларын нэрлэсэн ханш чангарах тусам ам.доллараар илэрхийлэх гаднаас авсан зээлийн хэмжээ нэмэгдсэн мэт харагдаж байгаа юм. Өндөр дүнтэй өр, зээл шинээр нэмэгдээгүй ч ханшийн дарамт өрийн эргэн төлөлтийг улам ээдрээтэй болгож эхэллээ. Улсын гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.долларт хүр­сэн ч ам.долларын ханшийн савла­гаа­наас болоод манай улсын төлөх өрийн хэмжээ үлэмж тэлж байна.

Монголбанкны зарласан ал­бан ханшаар ам.доллар 2669 төгрөгт хүрээд буй. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд ам.долларын ханш ихээхэн хэлбэлзсэн бөгөөд энэ хэрээр гадаад өр, төлбөрийн хэмжээ өссөн байна. Засгийн газар энэ онд зээлийн хүүгийн төлбөрт 860 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байгаа. Хэрэв ханш өссөөр байвал 2020 онд төлөх хүүгийн төлбөр нэг их наяд руу ойртох ч эрсдэл байгаа юм. 2019 онд хүлээгдэж байгаа гадаад, дотоодын томоохон өр төлбөр байхгүй ч ам.долларын ханшийн тогтворгүй байдал өрийн дарамтыг нэмэгдүүлсээр байх нь. Хэдий Засгийн газар ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 20 орчим хувиар буулгана гэх боловч валютын ханшийн өсөлт 2020 оноос төлөх өрийн хэмжээг өсгөж мэдэхээр байна.

Ам.долларын ханшийн хэл­бэлзэл Засгийн газрын өр, төлбөрт дарамт болоод зогсохгүй улсын гадаад өрийн 40 орчим хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшилд томоохон сорилт дагуулж байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч ялгаагүй ам.долларын ханшийн өсөлтөөс болоод алдаг­дал хүлээж байгаа билээ. 2020 оны хоёрдугаар улирлаас эхлээд олон улсын зах зээлээс босгосон бондуудын өр төлбөр нэхэгдэж эхэлнэ. Хөрөнгө оруулагчдад амласан ёсоор хуваарийн дагуу өрөө барагдуулах амаргүй даалгавартай манай улс золгоно. Энэ үед валютын нөөцөөрөө хамаг өр төлбөрөө хаагаад өнгөрөх бус эртнээс төсвийн давсан орлогыг хуримтлуулах замаар өрийн ачааллаа нимгэлэх шаардлагатай тулж байна.

Нүүрсний экспорт хумигдаж, уул уурхайгаас олж байгаа нийт мөнгөний 40 орчим хувийг бүрдүүлдэг эрдэс түүхий эдийн биет хэмжээ буурснаар эдийн засаг улам эмзэг болж буй. Үүний нөлөө ч валютын ханшид тусгалаа олж, сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш огцом өсжээ. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн, өмнөд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт манай улсын төдийгүй бусад хөгжиж буй орнуудын валютын ханшид сөргөөр нөлөөлж, өр нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна. Дотоодын зах зээлд ам.дол­ларын эрэлт өндөр хэвээр. Өрөө хазаарлах нэг боломж валютын ханшаа тогтворжуулах гэдгийг гурван эдийн засагч тутмын хоёр нь хэлж байна. Валютын ханшийг зөвхөн валютын нөөцөө нэмэх төдий хэмжээнд авч үзэх бус гадаадын шууд хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгийн тогтвортой байдлаа бататгаж, дархлаагаа сайжруулах боломж гэж харах хэрэгтэй болох нь байна.

 Тодруулбал, БНХАУ-тай нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр илүү ажил хэрэгч яриа хэлэлцээрт шилжих, мөн хөрөнгө оруулагчдын ан­хаар­лын төвд байгаа мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь илүү үр дүнтэй гэж дийлэнх эдийн засагч үзэж байгаа юм. Тухайлбал, Тавантолгойн ца­хилгаан станцын барилгын ажлыг яаралтай эхлүүлж, “Оюу­толгой”-н Хятадаас худалдан авч буй эрчим хүчний төлбөрийг дотооддоо үлдээх, “Тавантолгой”-н ордын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх замаар олон улсын зах зээлд IPO хийвэл илүү үр дүнтэй аж. Хамгийн бодитой, эдийн засагт валют дагуулах, улмаар дараа дараагийн төслүүдэд зам нээх “Тавантолгой”-н цахилгаан станц бол зөвхөн нэг жишээ төдий. Өр шинээр нэмж тавиагүй ч валютын ханшийг зөвхөн төв банкинд даатгаад орхивол Засгийн газрын үүрэх төсвийн дарамт улам нэмэгдэх эрсдэл байна.

Info5.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.