“ХААН” банкныхны ээлжит луйвар

-“Мишээл” дэх салбараас нь теллер 100 саяыг иджээ-

“ХААН” банкны хохирогч дахин нэгээр нэмэгдлээ.  100 сая шахам төгрөгөө хайчсан нь үл мэдэгдэм байдлаар алга болсныг мэдсэн эзэмшигч нь ухаанаа алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Хувь хүнийхээ зүгээс ганцаарчилж хөөцөлдөөд эцэстээ доромжлол гүтгэлгийг банкны теллер, эдийн засагчдаас хангалттай сонсч, арга тасрахдаа хуулийн байгууллагад хандаад байгаа Т.Мөнхнаран “ХААН” банкны ээлжит хохирогч болчихоод байна. Түүнд олдсон баримт их. Хадгалуулсан хөрөнгийг нь хэн авсныг ч тогтоолгоод амжсан байтал тус банк буруугаа хүлээх нь бүү хэл ажилтан руугаа хамаг хэргээ чихчихээд байгаад хэргийн учир орших гэнэ. Алга болсон 98 сая төгрөгийн хэрэг ингэж эхэлжээ. Сонсголон дахь “Хаан банк”-ны салбарт ажиллах теллер Д.Дугаржав 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Мөнхнарангийн данснаас 10 сая төгрөгийг Б.Уранчимэг гэх танилынхаа гуйлтаар түүний данс руу шилжүүлчихэж. Хэл ам гарахгүй хэд хоносны дараа буюу есдүгээр сарын 15-нд 55 сая төгрөгийг нь дахин авсан байна. Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрийг ч харуулж маргааш нь үлдсэн 33 сая төгрөгийг хуу хамаад халаасалж. Гэхдээ эдгээрийг үйлдэхдээ өөр бусдын данснаас шилжүүлсэн мэт “хий” гүйлгээ гээчээр бүх ажлаа зохицуулсан байна. Ёстой л нөгөө дансны аргаар иднэ гэдэг л жинхэнэ утгаар хэрэгжжээ. Хамаг хөрөнгөө алдсандаа галзуурах шахсан Т.Мөнхнаран цагдаагийн байгууллагад хандсанаар “ХААН” банкны теллер Д.Дугаржавыг Улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтэст дуудаж эхлэв. Тэрбээр эхнийхээ мэдүүлэгтээ  Б.Уранчимэг гэх эмэгтэй мөнгө авдаг өдрөө  надтай ирж уулзаад “Эгчийнх нь дансанд удахгүй мөнгө орно” гэхээр нь урьдын харилцагч, зүс таних хүн болохоор нь  итгээд шилжүүлчихсэн. Ингэхдээ Т.Мөнхнарангаас зөвшөөрөл аваагүй нь үнэн. Холбоо ч бариагүй. Б.Уранчимэгт итгэсэндээ л энэ бүхнийг хийчихлээ. Одоо гэмшиж байна” гэсэн байлаа.

…Өнөөх бичиг баримт, хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргийг зөвхөн эзэмшигч л өөрийн биеэр ирсэн тохиолдолд өгч авалцдаг. Тиймээс бид “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” банк шүү хэмээн орилдог тэдний баталгаа хаачлаа. Эсвэл бид уриаг нь буруу ойлгож байсан хэрэг үү. Дээрх теллерийн үйлдэл ч уг нь бидэнд ойрхон, бидэнд амархан итгэдэгийг харуулах нь харуулжээ.  Бас болоогүй ээ, хувь хүний дансанд байсан хөрөнгийн хэмжээг хаа хамаагүй танилдаа хэлчихээд улмаар “хий гүйлгээ” гээчээр бусдын данснаас булаан мөнгө авсан гэдгээ анхны мэдүүлгээрээ хүлээгээд байх атал түүний гарын үсэг бүхий 88 сая төгрөгийн асуудал сураггүй үгүйсгэгдэж эхэлж. Өөрөөр хэлбэл, теллер нь мөнгө идчихсэн нь баримтаар нотлогдож байхад “ХААН” банк өнөөдрийг хүртэл Т.Мөнхнаран өөрөө мөнгөө авсан хэмээн гүрийсээр л байгаа гэнэ. Гэтэл Т.Мөнхнаран тус банкны Сонсголон дахь энэ салбараар хэзээ ч үйлчлүүлж байгаагүй гэж байгаа. Тэрбээр данснаасаа мөнгө ав гэж гарын үсэг зурах нь битгий хэл утсаар ч яриагүй байдаг. Үүнийг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтэс теллер Д.Дугаржав нь Т.Мөнхнарангийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг хангалттай баримтаар нотолсон байх юм. Гэсэн атал “ХААН” банк гүрийсээр л…

Хөндлөнгийн хүний данснаас мөнгө зувчуулсан Б.Уранчимэгт ч эрүүгийн хэрэг үүсгэж, залилан хийсэн хэргээр хорьсон боловч мань этгээд батлан даалтаар гарчээ.

Харин хадгаламж эзэмшигч Т.Мөнхнаран хохирлоо өөрөө үүрэх маягтай болж, банкнаас “Дансан дахь мөнгөө өөрөө л авсан. Манайх эрсдлийн сангаасаа мөнгийг чинь гаргаж өгч чадахгүй. Хэрэв авмаар байгаа бол энэ хэрэгт буруутай теллер Д.Дугаржаваас шүүхдээд ав” гэсэн хариу өгчээ. Хохирогч “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Симмон Моррис гэгч рүү болсон явдлын талаар гомдол илгээгээд ч асуудлаа шийдүүлж чадаагүй явна.

Тэгэхээр тус банкинд хадгаламжтай иргэн бүр өөрийн мөнгийг авахын тулд  шүүхдэх хэмжээнд хүрээд байвал энэ банкинд мөнгөө хадгалуулах хэрэг бий гэж үү. Бодох л хэрэгтэй.

Учир нь энэ мэт хэрэг “ХААН” банкинд хэд хэд бий. Тухайлбал, мөн л Мишээл дэх салбарт теллер хийх Б.Туул гэх эмэгтэй мөн л залилагч Б.Уранчимэгийн дэмжлэгтэйгээр 100 сая төгрөгийг хувь иргэнээс хулгайлсан нь илрээд байгаа. Энэ хэрэг мөн л шийдэгдээгүй, хууль хяналтын шатанд явж байдаг. Гэтэл банкныхан харилцлагчдаасаа хүлцэл өчиж, бэртэгчин теллерүүдээсээ салахын оронд өөрсдийгөө өмгөөлж, булхайг нь гаргаж тавих иргэн, хуулийн зөвлөхүүдийг “Банкны нэр хүндэд халдлаа” хэмээн шүүх, цагдаа гээд өгөөгүй газар үгүй. Тэр байтугай, харилцагчдаа гомдол, хохиролгүй болгох нь бүү хэл,  Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тохиолдуулан гаргах Ерөнхийлөгчийн өршөөлийн зарлигт багтчих санаатай нэрээ илгээсэн байна. Өршөөл хүснэ гэдэг нь өөрөө хэргээ хүлээснээс утга өөр гэж үү. Ичдэггүй тэднийг ашгүй төрөөс түлхэн өршөөлийн хуульд багтаахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдчихээд байгаа юм байна.

Жич: Хэргийн баримтаас үзэхэд “ХААН” банкны үйлчлүүлэгчдийн  гүйлгээг  тус банкны  Дотоод хяналтын газрын Ахлах хянан шалгагч шалгаж,  дүгнэлтээ Улсын  мөрдөн  байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст хүргүүлсэн байх аж. Эндээс хардлага төрөхгүй гэж үү. “ХААН” банк өөрийнхөө нэр төрд үл харшлах, байгууллагынхаа эрх, ашигт нийцүүлсэн дүгнэлт гаргах нь хэнд  ч ойлгомжтой. Тэгэхээр харилцагчид хэнд итгэж, хаана мөнгөө хадгалуулах нь “гамшгийн” асуудал болж байгаа хэрэг биш үү. Монголдоо л хамгийн олон харилцагч, хамгийн олон салбартай ( ойролцоогоор 524 салбартай) энэ том банкны захын нэг  теллер хүссэн үедээ дуртай дансандаа хий орлого бичиж, хэн нэгний  данснаас дур зоргоороо зарлага гарган данс эзэмшигчдийг хохироох эрхийг хэн өгсөн юм бэ. Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр, тэр дундаа гарын үсгийг нь дууриалган дансан дахь мөнгийг нь хаман авчихаад өөрсдийгөө  өөрсдөөрөө шалгуулан  дүгнэлт гаргах увайгүй үйлдэлд нь Улсын мөрдөн байцаах газар итгэж байна гэж үү? Инээдтэй хийгээд эмгэнэлтэй л хэрэг… Бүхэл бүтэн Улсын мөрдөн байцаах газар байтугай адгийн тэнэг ч ингэхгүй байсан биз.

nud.mn


URL:

Сэтгэгдэл бичих