Согтуу жолоочийн шийтгэл хөнгөдөж байна

6227

Дайн дажин үгүй энх амгалан энэ цагт согтуугаар жолоо барьсан нэг “тэнэг”-ийн хар гайгаар хоногт хоёр хүний алтан амь үрэгдчихлээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн нутаг дэвсгэрт буюу Сэлэнгэ аймгаас Ерөө сумын чиглэлийн замын зорчих хэсэгт зогсож байсан /сумын төвөөс хойд зүгт 4 км-т, Сүхбаатар сумын төвөөс зүүн урд зүгт 98 км-т/ “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн эзэмшлийн ЗИЛ-130 загварын ачааны автомашиныг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны харьяат иргэн М /32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ “Ниссан Кондор” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/ жолоодож явах үедээ мөргөж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдан нас баржээ.

Ослын тухай дуудлагыг 2019.09.20-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 98 км замыг туулан 23:33 цагт очиж, тус аймгийн Ерөө сумын харьяат иргэн Г /39 настай, эрэгтэй/, Б /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 50 минут ажиллан автомашинаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т, Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ “Орхон” гол руу Сайхан сумын харьяат иргэн 58 настай, эрэгтэй Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Грейс” загварын бага оврын автобус жолоодож яваад оржээ.

Ослын тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 14:35 цагт очиж, иргэн Ц-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Үнэндээ манайхан бөх зүрхтэй ард түмэн. Согтуугаар автомашинаа жолоодож яваад эрхээ хасуулчихна. Тэгсэн ч жолооны ард суух эрхгүй хэр нь автомашинаа дахиад л согтуугаар жолоодож яваад саатуулагдах явдал энүүхэнд.

Тухайлбал өнгөрөгч долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах хуулийн заалттай. Үнэндээ энэ хууль иргэдийн ухамсарт нөлөөлж чадахуйц чанга биш тул өнөөдөр согтуу жолоочдын тоо буурахгүй байгаа юм.

Хуулинд захирагдахгүй, хоригдохоос айхгүй байгаа согтуу жолоочдын автомашин жолоодох эрхтэй нь бус нийгэмд амьдрах эрх чөлөөтэй нь өшөө илүү чанга ярих хэрэгтэй. Үгүй бол эрдэнэт хүний алтан амь согтуу жолоочдын гарт үрэгдсээр л байх бололтой.

Г.Сүрэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.