Эрх баригчдын эдийн засгийн амлалт эсрэгээрээ хэрэгжжээ

GHN

Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо хямралаас гаргахаа амласнаар одоогийн эрх баригч нам 2016 оны сонгуульд онцгой ялалт байгуулж байлаа. Үүнийг иргэдийн их итгэл найдвар гэж болно. Тэгвэл граммын эдийн засгийг халж, өрхийн амьжиргааг сайжруулахаа мэдэгдсэн улс төрийн ууган хүчин төдийгөөс өдий хүртэл юу хийв ээ. Өмсөх, зүүхээ худалдан авч хүчрэхгүй ард иргэд өнөөдөр ургамлын тос, талхны булан, цайны сүү, хэрчим мах, хүнсний ногоогоо граммаар авч байна. Төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25, мах, махан бүтээгдэхүүний үнэ 32 хувиар тус тус нэмэгджээ. Өнгөрсөн жилүүдэд ямар өөрчлөлт энэ улс орны эдийн засагт гарч, тэр нь иргэдийн амьдралд үнэхээр тус нэмэр болж чадав уу. Эдгээрийг дүгнэх, цэгнэх цаг одоо нэгэнт болжээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй гэж МАН том амласан. Өр зээл нэмэхгүй гэж хүртэл андгай тангараг өргөх нь холгүй байлаа.

Харин бодит байдал дээр 2016 оноос татварын орчин хамгийн их хувьсан өөрчлөгджээ. Тодруулбал, суудлын автомашины татвар болон хадгаламжийн хүүгийн татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тус тус нэмжээ. Өрхийн амьдралд хамгийн их нөлөөлдөг татварын хувь хэмжээг хөндсөнөөр ийнхүү нийгэм, эдийн засагт өдгөө хүндхэн сорилт дагуулж байна. Өр зээлийн хэмжээ ч өнгөрсөн хугацаанд агшиж сүйд болсонгүй. ОУВС-гийн мэдээлснээр, манай улсын өр олон улсын дунджаас тав дахин өндөр байна.

Төв банкны тооцооллоор, гадаад өр 2019 оны эхний хагасын байдлаар 29.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээсэн, айлгасан шийдвэр төр засаг маань эгэлгүй эх орончийн дүрээр давшингуй гаргах болсноор валют манай улсыг чиглэхээ азналаа. Үүний нөлөөгөөр хөдлөх учиртай байсан мега төслүүд нь гацаж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсаар. Хөрөнгө оруулалт гэгч улам ховордлоо. Байхгүй нь бус байгаа нь тэвчиж үлдэхэд хэцүү болов. Валютын ханш өсөх хэрээр манай ам.доллараар илэрхийлэх гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Томоохон өрийн бонд гаргаагүй ч гаднын орнуудад хийж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлал өр дагуулсан хөнгөлөлттэй нөхцөлтэй гэх зээл, тусламжаар нөхцөл байдлыг улам дордуулах аж. Сангийн яамны мэдээлснээр, өнөөдөр гадаад өр дотор төсөл, хөтөлбөрийн зээл томоохон жин эзэлж байна.

Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн ч эрийн сайндаа үүнийг төр засаг бий болгочихсонгүй. Зэсийн баяжмал болон нүүрсний экспортын зах зээл аз болж биднийг ивээлээ. ОУВС-гийн гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дээрх өсөлтийн суурь тулгуур боллоо. Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагууд ч манай удирдагчдад итгэхээс илүү дээрх хөтөлбөрт чухамдаа найдаж, санхүүжилт олгож, төсөл хөтөлбөрөө зогсоосонгүй. Дэлхийн банкны судалгаагаар, манай улсын бизнес эрхлэлтийн орчин улам муудсаар.

• Граммын эдийн засгийг халж, өрхийн амьжиргааг сайжруулахаа мэдэгдсэн улс төрийн ууган хүчин төдийгөөс өдий хүртэл юу хийв ээ.

• Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээсэн, айлгасан шийдвэр төр засаг маань эгэлгүй эх орончийн дүрээр давшингуй гаргах болсноор валют манай улсыг чиглэхээ азналаа.

• Сонсоход таатай эдгээр амлалт цөм сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг.

Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгахаа мөн л МАН хэлж, улмаар ажилтай, орлоготой байх боломжийг иргэддээ бүрдүүлэхээ зарласан. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчийн үлгэр болов. Тусгай зөвшөөрлийн тоог гэхэд л гурав дахин цөөрүүлж, төрийн оролцоог хумихаа МАН илэрхийлсэн. Харамсалтай нь хэлсэн, ярьсан болгоныхоо эсрэг эрх баригч нам ажиллажээ. Ганцхан жишээ дурдахад, уул уурхайн салбар дахь хоморголон цуцлах ажиллагаанаас үүнийг дөмөгхөн харж болох юм. Төр засаг кино шиг онц сонирхолтой дүр бүтээж, шийдэх бус асуудал тарьдаг болсон нь хачирхалтай.

Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж байлаа. Сонсоход таатай эдгээр амлалт цөм сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг. Харин үүнээс өнөөдөр хэд нь биеллээ олсныг хэлэх хүн алга. Эерэг гэхээс илүү сөрөг нь дийлж байгаа биз. Өрхийн сарын дундаж орлого хоёр дахин нэмэгдэх бус гарах зарлага харин эсрэгээрээ хоёр дахин нэмэгджээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт чухамдаа иргэдийг туйлдуулж гүйцлээ. Ийм байхад юун эдийн засгийн өсөлт ярих. Дарга, сайд нарын амнаас ирээдүй цаг дээр ярьсан баахан хийнэ, бүтээнэ гэсэн утга учиргүй амлалт цувна. Тэд өнөөдрийг болтол яг юу хийв гэдгийг бодох цаг. Хувийн хэвшил л хамаг өнгөтэй, өөдтэй болгоны үүдийг нээжээ. Харин сайд, дарга нар энэ болгоны өмнө ёс мэт очиж тууз хайчлах төдий. Хэнд ч энэ бүхэн чамлалттай санагдана.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, инфляц энэ оны наймдугаар сард 8.9 хувьд хүрч, үүний гуравны нэгийг махны үнийн өсөлт бүрдүүлэв. 66.4 сая толгой малтай монголчууд  махны үнэд дарлуулж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь төрийн бодлого алдагдаж, улмаар төмс, хүнсний ногоог дэлхийн хамгийн өндөр орлоготой иргэдийн жишгээр худалдан авахад хүрч байна. Өрхийн хэрэглээний суурь зардал болох цахилгааны үнэ нэмэгдсэнээр жинхэнэ үнийн өсөлтийн гамшиг гэгч нүүрлэлээ. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л төрлийн байгууллага үнээ нэмснээр монголчууд эх орноосоо дүрвэн дайжихад хүрэв. Ийм нөхцөлд яаж амьдрах юм бэ гэсэн аргаа барсан хүн олон байна.

Орлогын албан татварыг олдог мөнгөнөөс хамаарсан шатлалтай болгоно гэсэн. Гэвч цагаа тулахад эрх баригч нам “мурьжээ”. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин өнгөрсөн хугацаанд бас л бүрдсэнгүй. Иргэдээ агаар болон хөрсний бохирдлоос хамгаалах, нийслэлийн тулгамдсан асуудлыг нэг мөр шийдэх ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт дээрдсэнгүй, харин ч дордлоо. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт дорвитой нэмэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү нийгмийн захиалга болсон орон сууцны хөтөлбөр эзэнгүйдлээ.

Экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрсний үнэ өссөн ч энэ салбар өнөөдөр хүртэл түүхий эдээ тээвэрлэх төмөр замгүй сууна. Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгож, үр ашгийг нь хүртээмжтэй болгохоо учирласан ч эрх баригчид амлалтаасаа буцав. Ардчилсан намын эдийн засагт авчирсан алдааг МАН засаж чадсангүй. Харин ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж байна. Уралдан өссөн инфляц, валютын ханш, махны үнэ, цахилгааны төлбөр өнөөдрийн эрх баригч нам хэрхэн ажилласны тод илэрхийлэл. Ажилгүйдэл, ядуурлын түвшин аль аль нь өндөр хэвээр. Ардчилсан нам засаг тэргүүлж байхаас дээрдсэн юм алга аа. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн өндөр өсөлттэй жилүүдэд МАН засаглаж байна. Гэвч тэднийг өөрсдийнх нь амлалтаар хэмжиж үзвэл өнөөдөр юу ч эдийн засагт өөрчлөгдсөнгүй, харин ч граммын эдийн засаг улам хавтгайрч, Монголын нийгмийг бүрхэн авлаа.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.